Төсөв тойрсон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ж.Батсуурь нартай ярилцлаа.
-Өнөөдөр улс орны эдийн засаг хямарлаа, хүндэрлээ гээд олон ойлголтууд явж байна. УИХ-д суудалтай намуудын төлөөлөл болсны хувьд, улс орны эдийн засаг ямар байгаа талаар товчхон мэдээлэл өгөх үү?
-Д.Ганхуяг: Төсвийн тодотгол хоёр үндэслэл дээр хийгдэж байна. Эхнийх нь бодит байдалдаа буусан төсөв баталья, хоёрдугаарт эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төрийн үүргийг биелүүлье гэдэг. Үүнтэй төсвийн бодлого, төрийн бодлого, экспортын орлого, гадаад валютын урсгал, хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор уялддаг.
Засгийн газраас өргөн барьсан төсвийг яагаад хөрсөн дээрээ буусан гэж хэлээд байна гэхээр нэг асуудал бий. 2012 онд сонгууль болоод, Засгийн газар байгуулагдсан. Тэр үед 1 тэрбум ам.долларын зээлийн орлогыг урьдчилж аваад, тараачихсан байсан. Хоёр намын хамтарсан Засгийн газрын үеийн асуудал. Шинэ Засгийн газрын үед энэ орлогыг хэрхэн олох вэ гэдэг асуудал үүссэн. 2012 оны аравдугаар сард УИХ Засгийн газартаа 5 тэрбум хүртэлх ам.долларыг босгож болно гээд, үүний дагуу Засгийн газар 1.5 тэрбум ам.доллар босгосон. Тэр мөнгөөр ямар ажил хийх ёстой байсан гэхээр 2013 оны төсөвт ДНБ буюу нийт эдийн засагт эзэлж байгаа төсвийн орлого, зарлага, тэр дотор өр зээл нь энэ 1.5 ам.доллар, мөн Самурай бондын 300 сая ам.доллар нэмэгдээд 1.8 тэрбум ам.долларыг оруулах ёстой байсан. Гэтэл 2010 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар ДНБ-д эзлэх өр, гэхдээ өр гэдэг нь буруу. Уг нь зээл байгаа юм, хугацаа хэтрэхээр өр болдог. Үүнийгээ суулгая гэж ярьсаар байгаад энэ асуудал улс төржөөд явчихсан. Тэрийг суулгахдаа л 2/3 аар суулгадаг. УИХ нэг хууль баталчихаж, үүний хүрээнд бондын мөнгө босгох үүрэг өгч. Тэрийгээ шийддэггүй хоёр жил яриад суучихсан асуудал л үүссэн юм. Сая байгуулагдсан хамтарсан Засгийн газар одоо босгосон бонд буюу үнэт цаасны зээлээ төсөвтөө суулгах ёстой гэж үзсэн. Одоо үүнийг хэлэлцэж байна. Ирэх долоо хоногт шийднэ гэж найдаж байгаа. Засгийн газрын оруулж ирснээр энэ асуудлыг нэгтгэхгүй бол Монгол Улс хоёр төсөвтэй болох гээд байгаа юм. Зээл нь төсвийн гадна талд байгаа нэг асуудал бий. Дахиж зээл авах, бонд гаргах шаардлагагүй.
Нөгөө талд, улс орны эдийн засгийн амьдралыг зохицуулж, тогтвортой өсөлтийг хангах үүрэг төрд байдаг. Үүн дээр төсвийг тэлэх юм уу. Тэлнэ гэдэг нь төгрөгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээг нэмэгдүүлнэ, үр дүнд нь аж ахуйн нэгжийн идэвхтэй үйл ажиллагаараа дамжуулан иргэд ажлын байртай, тогтмол орлоготой болно гэсэн үг. Энэ үүднээс өмнөх Засгийн газар УИХ-д 4.8 хувийн алдагдалтай төсөв өргөн барьсан.Үүнийг байгаагаар нь үргэлжлүүлэх нэг асуудал яригдаж байна. Нөгөө талд, экспортын орлого дээр асуудал байгаа нь үнэн. Нэг тонн нүүрсээс олдог орлогыг гурван тонн нүүрс борлуулж байж олж байна. Нэг тонн төмрийн хүдрээс олж байсан орлогоо хоёр тонныг борлуулснаар олж байна. Зэсийн баяжмал сайнгүй, алтны үнэ мөн 20 орчим хувиар буурсан байдалтай байна. Үүнээс үүдэн орлого багатай байгаа учраас зарлагаа багасага гэдэг шууд ойлгогдох энгийн асуудал үүсч байгаа юм. Экспортын орлогыг гадаадын хөрөнгө оруулалт, зээл хоёроор нөхдөг. Гадаад худалдаа гэдэг экспорт, импортын тэнцэл. Импорт ихэссэн нь мөн асуудал болоод байгаа. Үүнийг тэнцвэржүүлэх үүднээс хэд хэдэн ажил яригдаж байгаа, тухайлбал “Тавантолгой”-гоо ажиллуулья, “Оюутолгой”-н хөрөнгө оруулагч гэрээний болон Монгол Улсын хуульд заасны дагуу далд уурхайн ажлаа үргэлжлүүлэх шаардлага бий. Үйлдвэрлэл бол явагдаж, Монгол Улсад төлөх ёстой татвараа бага хэмжээгээр төлөөд явж байгаа.
Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол батлагдсантай холбоотойгоор олгогдсон лицензийн 40-ийг ашиглах боломжгүй болгосон. Үүнээс үүдэн хөрөнгө оруулалт саарсан, лицензээ өгөхгүй гээд хууль гаргаад дөрвөн жил зогсоочихсон. Одоо бол хайгуулын тусгай зөвшөөрлөө өгч эхэлье, газрын тосны сайн хуультай болсон болохоор үүнийгээ хэрэгжүүлээд явах юм бол цаашаа явах боломж бий.
-Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх боломж харагдаж байгаа гэсэн үг үү?
-Д.Г: Тийм. Хэн бүхний эдийн засаг хэлбэлзэл байдаг. Тэр түвшинд байгаа. Үүн дээр нэгдсэн ойлголтод хүрэхгүй маргаад байгаа асуудал бий. УИХ өөрөө шийдчихээд, эргээд орж ирэхээр нь батлахгүй байгаа нь гол бэрхшээл байсан.
-Одоо бол ийм ойлголт байгаа юм байна. Өртэйгөө хүлээн зөвшөөрөөд өрийн таазаа тэр түвшинд нь хүргэх шаардлага үүсээд байна. Авсан нэлээд хэмжээний зээлээ улсын нэгдсэн төсөвтэйгээ нэгтэх асуудал л байгаа юм байна.
-Д.Г: Тийм.
Ж.Батсуурь: Өнгөрсөн он жилүүдэд 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газарт бид тухайн үеийн эдийн засгийн бодит байдал, Монгол Улсын төсвийн он дарааллын нөхцөл байдалд судалгаа хийсний үр дүнд анхааруулсаар байсан. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байна, валютын ханш чангараад, гадаадын хөрөнгө оруулалт буураад байгаа нь улс орны эдийн засгийн амьдрал хүндрэх дохио шүү гэж. Шинэчлэлийн Засгийн газар энэ талаар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлж, чадаагүй.
Хоёрдугаарт, өндөр хүүтэй авсан зээлээ үр дүнтэй зарцуулах, хамгийн богино хугацаанд эргэн төлөх тооцоололгүй байсаар нэлээд цаг алдсан. Тэр хэрээр бид мөнгө алдаж байлаа. Бид үүнийг байнга анхааруулж байсан. Манай улсын эдийн засаг гадаад орчноос ихээхэн хамааралтайгаараа онцлогтой. Төсвийн хөрөнгө оруулалтаар нэг цэцэрлэг барих гэхэд зарцуулах бүх төгрөгөө юань, эсвэл ам.доллар болгож аваад гадагш явж материал импортолдог. Ийм нөхцөлд гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалт, түүнийг тэнцвэржүүлэх гээд олон асуудал байдаг. Дээр нь бидний гадаад зах зээл рүү гаргаж байгаа гол бараа бүтээгдэхүүн болох түүхий нүүрс, зэс, төмрийн хүдэр, алтны үнэ өнөөдрийн байдлаар нэлээд буурсан байгааг бид мэднэ. Бага үнээр худалдаж байгаа эдгээр бүтээгдэхүүнийхээ төлбөрийг бүрэн авч чадахгүй, урьд өмнө тавьсан зээлээ төлөх, янз бүрийн тоног төхөөрөмж болгох гэх зэргээр эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэхгүй байв. Энэ мэтээс үүдэн эдийн засгийн хүндрэл үүсч, Засгийн газар огцорсон. Харин шинэ Засгийн газрыг харьцангуй богино хугацаанд байгуулж чадлаа. Тэдний хамгийн эхэнд хийж буй ажил бол 2015 оны улсын төсөвт тодотгол хийх байлаа. Үүн дээр УИХ нэгдсэн байр суурьтай байж чадахгүй, гишүүд, улстөрчид өөр өөрийн байр суурьнаас хандсаар нэлээд удааширч байна. Нөхцөл байдал хүнд байгаа, үүнээс эрүүл саруул хандлага, зөв бодлого цаг алдалгүй тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлэх юм бол хүндрэлийг даван туулах боломж бий. Төсвийн тодотголыг УИХ хэлэлцэж байна, үүнтэй холбоотойгоор 2010 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан өрийн босгын асуудал бий. Одоогоор Монгол Улс өрөнд ороогүй, зээл л авсан. 2015 оны төсвийн тодотголоор төсвийн тэнцвэрүүлсэн алдагдалын хувь хэмжээг тохирч чадахгүй, завсарлага авчихсан байдалтай байгаа. Гэхдээ ирэх долоо хоногт энэ асуудал дээр байр сууриа нэгтээд, цаг алдахгүй батлах байх гэж найдаж байна. Миний хувьд, шинэ байгуулсан Засгийн газрынхаа бодлогыг хэрэгжүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлж, УИХ-аар дэмжин ажлыг нь хийлгэх ёстой. Дараа нь хариуцлагаа ч нэхэх эрхтэй. Тэгэхгүй оруулж ирсэн бодлогыг нь УИХ дээр хэлэлцэж, анхныхаас нь нэлээд өөрчилж баталчихаад, дараа нь Засгийн газраас үр дүн нэхэх нь буруу юм.
-Сүүлийн мэдээгээр Монгол Улсын нийт өр ДНБ-ийн 58.3 хувьд хүрсэн гэж байна. Тиймээс УИХ өрийн таазыг 60 хувьд хүргээд батлах хэрэгтэй гэж байгаа бололтой. Гэхдээ үүн дээр нэгдсэн байр суурьтай байж чадахгүй байх шиг байна?
-Д.Г: Өр гэдэг нь буруу юм, зээл л дээ. Өнөөдрийн нийгэмд өөрт хөрөнгө байвал хүү багатай зээл олдвол үйл ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс зээл авдаг. Иргэн баян бол улс баян гэдэг дээ. Зээл 1.8 тэрбум ам.долларын зээл авах болсон шалтгааныг түрүүн тайлбарласан. 2 тэрбум ам.долларыг тараачихсан байсан шүү дээ. Тэгэхээр УИХ ав гэж чиглэл өгсөн, аваад ирснийг нь төсөвтөө суулгахгүй болохоор нь тусад нь зарцуулчихсан. Үүнээс үүдэн тооцоо хоёр талд яваад, сүүлдээ хаа хаанаа ойлгомжгүй байдал үүссэн.
-Нэг талдаа хэвийн ч юм шиг, нөгөө болохоор маш их хүндэрсэн гэж яригдаад байгаа?
-Д.Г: Зээлийн хэмжээ 40, 58.3 гэж хоёр өөрөөр яригдаад байгаагийн шалтгаан ердөө л энэ. Бондын өрийг төсөвт нэгтгэхгүй бол 40, нэгтгэчихээр 58.3 болоод байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг үнэндээ өөрчлөх шаардлагатай л байгаа юм. 2010 онд баталсан, гэхдээ 2012 онд зээлийн хэмжээ 60 хувьтай байсан юм. Сонгуулийн жилд хөрөнгө оруулалт нэмэх үүднээс ДНБ-д эзлэх зээлийн хэмжээг 60 хувь болгоод, жил тутам 10 хувиар бууруулья гэж шийдсэн байв.
Зээлийг авчихаад хэрхэн зарцуулах вэ гэдэг нь хамгийн чухал юм. Шууд тараачих уу, тодорхой бүтээн байгуулалт хийх үү. Аливаа хөрөнгө, мөнгөний зарцуулалтын үр дүн гэдэг хамгийн анхаарал татахуйц, чухал үзүүлэлт байдаг. Хамгийн сайн менежмент байхыг л өрийн удирдлага гэдэг шүү дээ. Төсөв, мөнгө, зээлийн бодлогын эцсийн зорилго бол нийт аж ахуйн нэгжид тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх л юм. Эдийн засгийн тогтвортой байдлыг төрийн зохицуулалт гээд байгаа юм. Ойрын хугацаанд үүнийг шийдэх болов уу гэж харж байна.
-Шийдээд 60 хувьд хүргэхэд Монгол Улсын зээлийн хэмжээ хууль ёсны болно. Дараа нь яах вэ?
-Ж.Б: Төсвийн байнгын хорооны хурал дээр 58.3 гэдэг тоон дээр нэлээд маргасан. Зарим нэг нь 2015 онд дахин зээл авах орчноо бүрдүүлж байна гэдэг хардлагын хандлага гаргаж ч байсан. 40, 58.3 гэдгийг учрыг түрүүн Д.Ганхуяг тайлбарласан. Бид өнөөдөр бол одоогийн байгаа нөхцөлөө бодитоор дүгнэж, үүнийгээ хүлээн зөвшөөрөөд батлах нь зүйтэй болно. Харин цаашдаа 2016 онд 55 хувь, 2017 онд 50 хувь, 2018 оны улсын төсвийг батлахдаа 40 хувьд нь барья гэдэг зарчмыг Засгийн газар оруулж ирсэн. Мөн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал нь 2015 оны төсөв 5 хувиар, 2016 онд 4 хувь, 2017 онд 3 хувь, 2018 онд 2 хувьтай тэнцэх хэмжээний байхаар юм.
Үүн дээр УИХ-ын гишүүд өөр, өөрийнхөө байр суурьнаас хандаж байгаа. Хэрэв 2015 оны төсвийн тодотгол дээр төсвийн тэнцвэржүүлсэн алдагдалыг 2 хувьд барих ёстой гэвэл нөгөө одонтой эхчүүдийн тэтгэмж, хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр нэмэх мөнгөнөөс танах шаардлага гарч байгаа юм. Эдийн засгийн онолоор бол хүндрэл, бэршээлтэй байгаа үед улсын төсвийн хумих биш, тэлэх ёстой байдаг. Болж өгвөл зээл аваад ч хамаагүй тэлэх ёстой юм. Үгүй бол эдийн засаг хумигдсанаас үүдэн цаашид бүр хүндэрч энэ жил 1 их наядын алдагдалтай байгаа бол ирэх жил 2 бүр түүнээс их хэмжээний алдагдал хүлээх магадлалтай.
Бидэнд хоёр сонголт бий. Засгийн газрын оруулж ирсэн зарчмын дагуу төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлаа 5 хувь болгоод ард түмний хүсэлтийн дагуу тэр бүх тэтгэмж, тэтгэвэр, цалинг нэмэх мөнгийг төсөвт суулгах нэг сонголт бий. Нөгөө нь, зээлийн хэмжээг хуулийн дагуу 40 хувьд дөхүүлнэ гэвэл төсвөө байж болох хэмжээгээр нь хумих юм.
Бид нэг гараараа гадаадын хөрөнгө оруулалт, валютын урсгалаа хаачихаад, нөгөө гараараа цалин нэм, тэтгэмж өг, барилга барь, бүтээн байгуулалт хий гэж шаардаад байгаа дүр зураг бий. Үүнийг даваа гаригт намын бүлгүүд хурлаараа хэлэлцэн нэгдсэн шийдэлд хүрэх байх гэж найдаж байна.
-Д.Г: Ердөө 1.8 тэрбум ам.долларыг төсөвт суулгаснаас үүдэн зээлийн босгыг өөрчлөх эсэх асуудал үүссэн. Харин Засгийн газрын бүрэлдэхүүн нэлээд судалгаа, тоо баримтад үндэслэн төсвийн алдагдалыг 5 хувьд барих гээд халамжийг хасаад, цалин тэтгэвэрийг нэмэхгүй байхаар оруулж ирсэн. Үүнийг дахиад хасна гэхээд бүтээн байгуулалтыг бүрэн зогсоохоос өөр аргагүй. УИХ-ын гишүүний 5 минутад хэлэх үг, харин Засгийн газрын бүрэлдэхүүний судалгааны үр дүнд гаргасан шийдэл хоёр арай өөр л дөө. Тиймээс Засгийн газрын хувилбараа дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Хэрвээ төсвийн алдагдалаа 2-3 хувиар танах бол 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хасах, ердөө цалингаа аваад л суухаас өөр зүйлгүй болох гээд байгаа юм. Ингэхгүй бол огцруулна гэчихвэл бүр улстөрийн хямрал болох эрсдэл бий. Энэ нь мэдээж улс төрчдөд зүгээр л байх. Харин улс орны амьдрал, иргэн, аж ахуйн нэгжид сөрөг нөлөө үзүүлэх юм. Үнэндээ төрийн эрхэнд хэн байх нь биш харин төр хэр тогтвортой, эдийн засаг тогтвортой байх нь улс орны амьдралд хэрэгтэй.
-Зээлийн босго 60 хувьд хүргэх дээр нэгдсэн шийдвэрт хүрэх боломжтой юм байна гэж харлаа. Гэхдээ үүний зэрэгцээ олон нийт Ж.Батсуурь гишүүний хэлсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, халамжийн бодлогыг хэрхэх бол гэдгийг мэдэхийг хамгийн их хүсэж байгаа нь лавтай. Ямартай ч УИХ дахь АН-ын бүлэг халамжийг хасаж, цалин, тэтгэвэр нэмэхгүй байх шийдвэрийг эсэргүүцэх гэдгээ хэлсэн…?
-Д.Г: Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурсан. Харин бид нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг биржийн үнээр тооцох боломжтой болсноор өнөөдрийн нөхцөлд энэ төрлийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэх боломж бүрдсэн. Үүнээс 60 орчмоор тооцоход 300 гаруй тэрбум төгрөг төсөвт оруулах боломжтой юм гэдэг тооцоог гаргасан. Харин үүнийг УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэж байх үеэр гаргасан юм. Бензиний үнийг нэмэхгүй, гурван жил тогтвортой байлгана. Харин үүнээс олох орлогоор хүүхдийн мөнгө тэргүүтэй халамжийн мөнгийг олгож, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх төсвийг бүрдүүлье гэдэг зохицуулалт яригдаж байна. Энэ бол шинэ нөхцөл байгаа юм.
Засгийн газар, Монголбанк хоёр бүх ажлаа нэгтгээд, тооцоо, судалгаан дээр уялдуулан оруулж ирдэг. Хөрөнгө оруулалт талдаа уул уурхайн салбарыг явуулах хэрэгтэй. Лицензийг зогсоосон байгаагаа тодорхой хяналттайгаар дахин үргэлжлүүлэх, газрын тосны салбарт өнөөгийн олон улсын жишгийг нэвтрүүлж рояалти авах боломж бүрдсэн. Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангахын зэрэгцээ нэгэнт лиценз олгосон компаниудад нөхөн олговор өгч чадахгүй учраас үйл ажиллагааг нь явуулах, үүний тулд зохих шаардлагуудыг тавьж, хариуцлага хүлээлгэн үргэлжлүүлэх боломж бий. Бид дөрвөн жилээр биш 10 жилээр асуудалд хандаж байх шаардлага бий. Нэг гишүүний 5 минут хэлсэн үгээр хорвоо шийдэгдэнэ гэдэг байх боломжгүй. Тэгэхээр ажил хийцгээе, өнгөрсөн чуулганаар бид ихэнхдээ томилгоо, албан тушаалын асуудал хэлэлцсээр өнгөрүүлсэн байна билээ.
-Та тодорхой гарцуудыг хэлж байна. Гэхдээ эдгээр нь улс орны эдийн засгийн цусан хангамжийг сэлбэх боломж бий юү, үүнийг юу гэж харж байна вэ?
-Ж.Б: Засгийн газар анх зээлийн босгыг 70 хувь гэж оруулж ирсэн ч одоо 60 хувь дээр тогтоод байна. Бодит байдал бол 58.3 хувьд байгаа. Тэгэхээр үүнийг хуульд нийцүүлэх шаадлага тулгарч байх шиг байна. Хоёрдугаарт, зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр гаднын хөрөнгө оруулалт, концессийн гэрээгээр хөрөнгө татах асуудал бий. 2015 оны төсвөө хэт хумиж, огт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийх боломжгүй батлах юм бол нэлээд ноцтой байдалд хүрч магадгүй. Өөрөөр хэлбэл ажил үйлчилгээ зогссоноор түүнээс иргэд цалинжих боломж буурна, өрхийн амьжиргааны баталгаажих түвшинд нөлөөлнө. Мөн төсөвт төвлөрөх татварын хэмжээнд сөрөг нөлөө үзүүлнэ. Ерөөсөө төсвийн ажилтнуудынхаа цалинг л тавихаас өөрийг хийхгүй гэвэл энэ аюултай.
-Эдийн засаг царцах нь эрсдэл үүсэх магадлал өндөр юм?
-Ж.Б: Амьдрал хэвийн үргэлжлэх аргагүй болно. Гаднын хөрөнг оруулалт байхгүй, гаднын компаниуд үйл ажиллагаагаа хумьсан, уул уурхай бас царцсан байдалтай байна. Миний бодлоор, УИХ байгуулсан Засгийн газрынхаа үйл ажиллагааг дэмжээд, үр дүн шаардах эрхтэй байя. Мөн өмнөх зээлүүдийн зарцуулалт, үр дүн, эргээд төлөгдөх боломжийг хянах шалтгалтын ажлыг зохион байгуулах ёстой. Манай Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хамтраад Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийхээр ярьж байна. Бидэнд боломж бий гэж харж байна.
Д.Г: Монгол Улс бол боломжтой. Тиймээс зээл тавьж үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээс айх зүйлгүй гэдгийг олон нийт анхаарч, асуудалд эрүүл саруулаар хандана хэмээн найдаж байна.
Эх сурвалж: МҮОНТВ, “Ярилцъя” нэвтрүүлэг
2015.01.17