Гадаад хэлийг насанд хүрэгчдээс илүү хүүхдүүд хялбархан сурдаг гэсэн ойлголт байдаг билээ. Харин энэ тухай судлаачид ямар байр суурьтай байдаг вэ?
“Cognition” хэмээх шинжлэх ухааны сэтгүүлийн 2018 онд гарсан нэгэн нийтлэлд шинэ зүйлийг сурахад тохиромжтой нас байдаг тухай бичжээ.
АНУ-ын Массачусетсийн технологийн институтийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар гадаад хэлээр төрөлх хэл шигээ ярьж сурахын тулд 10 нас хүрэхээсээ өмнө сурч эхлэх нь тохиромжтой байдгийг нотолжээ.
Харин 17-18 насны хүүхдүүд гадаад хэлний дүрмийг ухаж ойлгохдоо гаргууд байдаг гэнэ. Гэхдээ 18 наснаас хойш ямар нэгэн шинэ зүйлийг сурч эхлэхэд тодорхой хэмжээгээр хүндрэл учирч эхэлдэг байна.
Тус сургуулийн эрдэмтэд янз бүрийн насны, олон улс орноос ирсэн 670,000 хүн дээр судалгаа хийхдээ англи хэлийг хэдэн наснаасаа эхлэн хэр удаан сурч байгаа тухай асууж, англи хэлний дүрмийн тестүүд бөглүүлж үзжээ. Нийт судалгаанд оролцогчдоос 246,000 хүн нь англи хэл төрөлх хэл нь байсан бол үлдсэн хүмүүс нь англи хэлийг хоёрдогч болон гуравдагч хэл болгон үзэж байв.
Судалгаанд оролцсон хүмүүсийн ихэнх нь 20-30 орчим насныхан байсан боловч ерөнхийдөө 10-70 насны бүх хүмүүсийг оролцуулжээ.
Оролцогчдоос авсан мэдээллийг компьютерт оруулж нарийн шинжлэхэд балчир болон өсвөр насанд байх үед гадаад хэлийг илүү түргэн хүлээн авч сурдаг төдийгүй тогтоох чадвар нь ч харьцангуй өндөр байдаг аж. Гэхдээ энэ нь насанд хүрсэн хойноо гадаад хэл сурах нь огт боломжгүй гэсэн үг биш юм. Харин 18 наснаас хойш хүмүүс гадаад хэлээр төрөлх хэл шигээ ярьж сурахад л оройтсон байдаг гэсэн үг юм.
Тус судалгааны багийн эрдэмтэн, Массачусетсийн технологийн институтын тархи судлалын эрдэмтэн Жош Тенебаумийн хэлснээр гадаад хэлийг сурахад нас нөлөөтэй боловч хэлийг эзэмшин, өөрийн болгоход өөрийнх нь гаргаж буй хичээл зүтгэл, хүрээлэн буй орчин, эрхэлж буй ажил мэргэжил нь ч бас нөлөөлдөг тухай хэлжээ.
Ө.ПҮРЭВХҮҮ
Холбоотой мэдээ