Долоо хоногийн онцлох ярилцлага

Хуучирсан мэдээ: 2018.10.13-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлага

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна


"Баримт алдагдсан бол Ц.Нямдоржтой хариуцлага ярина"

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад нэг жилтэйгээ золголоо. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар хэр ажиллаж чадав?

-Засгийн газрыг сайлахаас илүү шүүмжлэх зүйл нь олон байна. Хаврын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажилласан. Иргэдийн хүлээлтийг энэ Засгийн газар гүйцэхгүй байна. Нэг зүйлд дүгнэлт хийхэд Ж.Эрдэнэбатын Засгийн газар -1 хувьтай эдийн засаг хүлээж авснаа 5,3 хувьтай болгож У.Хүрэлсүхийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гарааны эхлэл маш  хүнд байсан, бодит мэдээлэл ч байхгүй. Шинэ Засгийн газар бүтцээ байгуулаад л өдөржин, шөнөжин ажилласан. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар, У.Хүрэлсүхийн Засгийн газар хоёрын гарааны эхлэл газар, тэнгэр шиг ялгаатай байдлаас эхэлсэн. Гарааны эхлэлээр нь тооцвол эдийн засгийн нэг хувийн өсөлт бол чамлахаар тоо. Нэг жилийн хугацаанд маш их зүйлийг хийж болдог. Товчхондоо У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дүгнэж хэлбэл, иргэд, нийгмийн хүлээлтийг гүйцэхгүй байна.

Түүнээс гадна зөвхөн төсөв, мөнгөөр бүх зүйлийг шалтаглаж, ам хааж болохгүй. Цаг, мөнгө зарцуулахгүй хийж болох олон ажил бий. Ерөөсөө ажил явахгүй байна. УИХ одоо төсөв хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд үгээ хэлж, асуудлаа тавьж байна. Гэтэл гишүүдийнхээ үгийг хүлээж авахгүй байна. Хэрэв гишүүдийн тавьж буй асуудлыг сонсохгүй, үгийг нь авахгүй юм бол энд гишүүд төсөв хэлэлцэж суух ямар хэрэг байна. Попрох дуртайнууд нь яриад л, ажил хийе гэсэн гишүүд нь чуулганд суух шаардлагагүй шүү дээ.

Ерөнхий сайдтай би өнгөрсөн тавдугаар сард уулзсан, сүүлд ч уулзсан. Түүнд юм хийх санаа бол байна. Гэвч танхимд нь үнэн хөгийн, унжийсан хэдэн сайд нар байна шүү дээ. Даанч үлбэгэр хэдэн сайд нараасаа болоод санаа байвч, ажил нь явахгүй байна.

-Сайд нартаа асуудал байна гэдэг нь амьдрал мэдэхгүй хүмүүс алба авсан гэсэн үг үү?

-Би сайдаар томилогдоод ажил авангуутаа цагаан зангиатай оффисын албан хаагчдыг хүний амьдрал мэдэхгүй шийдвэр гаргаж байна гээд бүгдийг нь айлаар орж, хүмүүсийн жаргал зовлонг сонс гээд долоо хоног гудамжинд гаргаж ажиллуулж байлаа.

Бид харин бодлогын асуудлаа Ерөнхий сайдын өрөөнд цайны цагаар ярьдаг, ажил тараад байнга л Ерөнхий сайдын өрөөнд цуглаж, ажлаа ярьж, санал бодлоо солилцдог байсан. Дараа нь УИХ-ын гишүүдээ яаманд урьж, бодлогоо танилцуулж, хийх ажлуудаа танилцуулдаг байсан. Долоо хэмжиж, нэг огтол гэдэг зарчмаар ажлыг шуурхай явуулж болдог доо. Харамсалтай нь, ийм зарчим энэ Засгийн газраас огт харагдахгүй байна. Хаврын чуулганаар сайд С.Чинзориг, Д.Сарангэрэл нартай маргалдаж, нилээн ширүүн зүйл болсон. Тэгээд л асуудал болсны дараа уулзаж, таван цаг гаруй хуралдаж, засах, өөрчлөх асуудлуудыг нь хэлж өгч байсан. Заавал нэг асуудал болохоор ярилцдаг байж болохгүй. Энэ Засгийн газар дайчин биш,  маш сул байна. Нэг жилийн хугацаанд асар их зүйл хийж болох байсан. Бид нэг жил гурван сарын хугацаанд гүйцэтгэл сайтай ажилласан. Жишээ нь, миний хариуцаж байсан салбарын яамны ажлын гүйцэтгэл 96,5 хувьтай, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 70 гаруй хувьтай биелэсэн байсан. Дөрвөн жилийн ажлыг нэг жилийн  хугацаанд л хийсэн. Би өөрийгөө дөвийлгөж, магтаад байгаа юм биш. Өөр надад жишээ авч, харьцуулах зүйл алга л даа. Ер нь юм хийе гэвэл нэг жил ч гэсэн их хугацаа. Яг тулаад ажил хийе гэвэл болдог л юм.

Би анх 2012 онд Дорнод аймгаас сонгогдож байхад тус аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлт 17-т бичигдэж байсан бол одоо эхний нэг, хоёрдугаар байрт бичигддэг болсон. Би улс төрийн дөрвөн жилийн мөчлөгөөс тогтвортой хөгжлийн бодлого алдагдаж, чөтгөрийн тойрогтоо эргэлдээд байна, сонгуулийн мөчлөгөөс шалтгаалаад хөгжлийн жанжин шугам алдагдаад байна гээд хөгжлийн том бодлогоо тодорхойлох найман бодлого гаргаад, нэг түр байнгын хороо хянаад явахаар байгуулах саналыг УИХ-ын дарга З.Энхболдод хэлж байсан. Энэ нь явсаар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль болж, батлагдсан. Тэгэхэд Дорнод аймгийн багууд, сумд, аймгаараа яаж хөгжих, хөрш аймгуудтайгаа яаж хөгжих зэрэг дэд бүтцийн бодлого болон нийтлэг улстайгаа хөгжлийн хувьд ямар хамааралтай байх, хоёр хөрш, зүүн хойд Азидаа ямар байх вэ гэдэг долоон үе шаттай хөгжлийн бодлого тодорхойлсон. Хагас жилийн хугацаанд бодлогоо өлгийдөж аваад, аймгийн ИТХ-аар батлуулж байсан. Бодлого баталсны дараа аймгийн төсөв бодлоготойгоо уялдах ёстой юм.

-Тэгэхээр улс орныг хөгжүүлэх нь хүнээсээ, хэн байхаасаа шалтгаалж байна гэсэн үг үү?

-Улс орны хөгжлийн болон эдийн засгийн бодлого хүндрэлтэй зүйл биш шүү дээ. Цэлийтэл нь харж чадвал асуудалгүй. Одоо утааны улирал ирж байна, дүүргээс сонгогдсон бүх гишүүд л утаа ярина. Энэ бол тэр чигтээ макро эдийн засгийн бодлого. Түүнээс түүхий нүүрсийг хорьж, зуух тарааснаар шийдэгдэхгүй. Иргэдийг орон сууцаар хангах. Орон сууцтай болохын тулд орлоготой, орлоготой байхын тулд ажилтай болох хэрэгтэй. Эрчим хүчний бодлого, дэд бүтцийн бодлого, хогийн менежмент, зам гээд макро эдийн засгийн бодлогоо зөв тодорхойлох ёстой.

ДЭЛГЭРЭНГҮЙ


"Талийгаачийг С.Дорждавга дарамталдаг байсан гэсэн"

Зам тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-нд хүн амины хэрэг гарсан. Уг хэргийн талаар ноцтой баримтууд дэлгэсэн УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-Зам тээврийн хөгжлийн яам дээр гарсан хүний амины хэргийн улмаас амиа алдсан Т.Гомбосүрэн агсныг хэр сайн таних вэ. Та хоёр нэг нутаг ус болохоор асууж байгаа юм шүү?

-Талийгаач гэр бүлийнхээ хүнтэй хамт Сэлэнгэ аймгийн намын дэргэдэх Залуучуудын холбооны ажилд ихэд идэвхтэй оролцдог байсан. Тэр утгаар нь би талийгаачийг  мэднэ. Талийгаач Т.Гомбосүрэн айлын удам залгах ганц хүү байсан, доороо хоёр дүүтэй. Боловсрол мэдлэгтэй, монголчуудын ярьдагчлан хорхойд хоргүй л залуу байсан. Хуульзүйн “Сүлд” дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж,  2016 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг  Удирдахуйн ухааны магистр зэрэгтэйгээр дүүргэсэн.  МУИС-ийн Хуулзүйн сургуульд магистрантурт суралцаж байсан. 2007 онд Английн Манчестер коллежид мэргэжил дээшлүүлсэн юм билээ. Ажил хөдөлмөрийн гараагаа 2001 оноос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын арван жилийн хоёрдугаар сургуульд багшаар эхэлж, төрийн болон хувийн байгууллагуудад хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан гэсэн. 2016 оноос Зам тээврийн хөгжлийн яаманд Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилогдон ажиллаж байгаад харамсалтайгаар амиа алдлаа. Болсон явдлын дараа эхнэр нь ирж уулзсан.  Талийгаач эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг, цайлган сэтгэлтэй, ямагт инээж явдаг, үр хүүхэд, ханьдаа  халамжтай хүн байсан гэдэг.

Талийгаач Т.Гомбосүрэнгийн  дөрвөн хүүхэд өнчирч, залуухан эмэгтэй бэлэвсэн хоцорлоо. Гэтэл ажлаа хийж явсан нөхрийг нь ажлын байрандаа архидан согтуурч балмад зан гаргаж амиа алдсан мэтээр ярьж, бичиж байгаад ихэд харамсаж яваагаа хүртэл хэлж байна лээ.

-Чуулганы хуралдааны үеэр хэлсэн таны мэдээлэл олныг анхаарлыг татсан. Яагаад ийм мэдээлэл хийх болсон юм бэ?

-Өнгөрсөн хугацаанд уг хэрэгтэй холбоотой төлбөртэй мэдээ, материал зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарлаа. Нийгэмд талийгаачийн талаар үнэн зөв мэдээллийг хүргэхийг зорьсон. Хамгийн харамсалтай нь, Т.Гомбосүрэн эргээд босохгүй. Ээж аавдаа үнсүүлэхгүй, үр хүүхдээ үнсэхгүй. Ядаж л хэрэг нь үнэн зөв шийдэгдэж,  ар гэрийнх  нь сэтгэл санааг бага ч гэсэн амраагаасай даа. Хэрэг гаргадаг орой Б.Махбал талийгаачийг өрөөндөө дуудсан яриаг утсандаа бичиж авсныг гэр бүлийнхэн нь хэвлэлийн хурал хийх үеэрээ гаргаж тавьсан шүү дээ. Гэвч Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ “Зам тээврийн газрын дарга нар хувийн таарамжгүй байдлаасаа болж ажлын байрандаа архидан согтуурч, харилцан зодолдож биенийхээ аминд хүрсэн” мэтээр мэдээлсэнд талийгаачийн ар гэрийнхэн  маш гомдолтой байна лээ. Гэтэл ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ тухайн үед талийгаачийн гэрт очоод эмгэнэл илэрхийлэхдээ  “Талийгаач бол шударга төрийн албан хаагч, хамгийн  их хичээл зүтгэл гаргаж сайн ажилласан, хяналт шалгалтаар олон зөрчил дутагдлыг илрүүлсэн, миний баруун гар болж ажиллаж чадсан цайлган, зүтгэлтэй төрийн албан хаагч байсан. Талийгаач ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдлаа. Тиймээс оршуулгын ажлыг зохион байгуулах, туслалцаа үзүүлэх, дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилж, 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн" гэж хэлсэн байдаг.

“Нэр хугарахаар яс хугар” гэж  монголчуудын эртнээс хэлж заншсан үг бий. Монголын гурван сая иргэний өмнө яаран сандран үндэслэл муутай мэдээлэл хийж, олон нийтийн өмнө архидан согтуурч, харилцан зодолдож нэгнийхээ аминд хүрлээ гэж хэлсэндээ Монголын цагдаа, цагдаагийн ажилтан эмэгтэй талийгаачийн гэр бүл, аав ээж, ах дүү нараас нь уучлал гуйж нэр төрийг сэргээж өгөх ёстой.

Үхсэний хохь, амьдын зол болоод өнгөрөх вий гэсэндээ би сэжигтэнтэй холбоотой баримтуудыг дэлгэж тавьсан юм. Б.Махбал маш сайн, хүн зодоод алчихааргүй зөв хүн байсан гэж зарим хүмүүс бичээд, яриад байгаа болохоор л тэр шүү дээ. Тэр хүн маш сайн, зөв хүн байсан бол архи уугаад гэм зэмгүй нэгэн залууг зодож амь насыг нь хөнөөх үү.

-Албан тушаалын төлөө хүний амь хөнөөсөн гэж та хардаж байгаа. Ингэж хардах үндэслэл нь юу вэ?

-Хэрэгт холбоотой баримт нь ойлгомжтой илэрхий байна шүү дээ. Төрийн захиргааны төв байгууллага бүхэл бүтэн яам тамгын газарт хүний амийг ноцтойгоор хороосон хэрэг гарлаа. Хэдэн газрын дарга нар нь өөр хоорондоо хуйвалдан талийгаачийн араар ажлын байранд нь санаархан дарамталж байгаад амь насыг нь хөнөөлөө.  Төрийн нарийн бичгийн дарга нь хүртэл талийгаачийн эсрэг хуйвалдсан гэж сонссон. Нэг хүний эсрэг таван хүн оролцсон бүлэг хэрэг гэж хардаж байна. Тавуулаа архидан согтуурч байхдаа мөрөөрөө ажлаа хийж байсан залууг өрөөндөө дуудаж авчраад тархи руу 8-9 удаа бөмбөг шиг өшиглөж амийг нь хөнөөснийг санаатай хэрэг гэж би хувьдаа харж байгаа. Энэ бол албан тушаалын төлөөх хүн амины ноцтой хэрэг.

ДЭЛГЭРЭНГҮЙ


Т.Доржханд: Төсвийг 76 тойрогт хуваадгаа болих хэрэгтэй

УИХ-ын чуулганаар 2019 оны төсөв хэлэлцэж буй. Үүнтэй холбоотойгоор эдийн засагч Т.Доржхандтай ярилцлаа.


-Намрын чуулганы хамгийн хамгийн эхний хэлэлцэх чухал асуудал 2019 оны төсөв. Сангийн сайд эдийн засагчид, экспертүүдэд төсвөө танилцуулсан байсан. Энэ жилийн төсвийг том зургаар нь харвал өмнөх жилийн төслөөс дээрдсэн үү?

-Эдийн засгийн үзүүлэлтүүд ямар байгааг харах ёстой. Тухайлбал, үр дүнгийн үзүүлэлт, төсвийн алдагдалтай, орлого, зарлагын өсөлт хэд байгаа, өрийн асуудал хэрхэн тусгагдсан, төсвийн сахилга бат хангагдсан эсэх зэргийг харах хэрэгтэй. Юуны түрүүнд төсвийн сахилга бат, төсвийн тодотгол хийх үү, төсвөө сайн төсөвлөсөн эсэхээс хамаарна. Тодотгол хийх тусам төсвийн чанар муудаж, зарлага өсдөг, сахилга бат алдагддаг. Мөн Монгол Улс нэгдсэн нэг төсвөөр бус олон төсвөөр явж байгаа эсэх. Өөрөөр хэлбэл, Монголбанк, Хөгжлийн банк, Сангийн яамны бүртгэл тооцоо нэгдсэн бүртгэл тооцоотой явж байгаа эсэх гээд том хүрээнд нь харж байна. Ямар ч гэсэн төсвүүдийг бүгдийг нь нэгтгэж, нэг данс руу оруулсан байна. Өнөөдрийг хүртэл төсвийн тодотгол хийсэнгүй, энэ бол сайн үзүүлэлт.

Төсвийн алдагдал 2017 онд 9,5 хувь байсан бол 2018 онд найман хувь, 2019 оны төсөөллөөр 5,4 хувь хүртэл бууруулахаар төсөөлсөн нь эерэг үзүүлэлт юм. 2019 онд орлого 9,7 их наяд төгрөг, ДНБ-ний 27,4 хувь, зарлага 11,6 их наяд төгрөг ДНБ-ний 35,8 хувь, алдагдал -1,9 их наяд төгрөг буюу 5,3 хувь байхаар тооцсон төсвийг УИХ-д өргөн барьсан байна. Ямар ч гэсэн хандлага нь зөв байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгагдсан тусгай шаардлагад 2019 оны төсвийн алдагдал 6,9 хувиас доош байх ёстой гэсэн зарчимдаа байна. Мөн Засгийн газрын өр ирэх жил ДНБ-ний 55,3 хувиар тооцсон. Төсвийн тусгай шаардлагад 75,5 хувиас доош байх ёстой гэсэн хязгаар дотроо байгаа юм. Тэгэхээр үзүүлэлтийн хувьд болж байна.

Засгийн газрын өр сүүлийн нэг жилийн хугацаанд эрчимтэй буурч, төсөвт дарамт учруулж байсан бол төсвийн орлого сайн байсан учраас нэмж, өр зээл тавиагүй байгаа юм. Үүний үр дүнд төрд орж цалин, тэтгэвэр өгдөг байсан бол хувийн сектор луу орж, үр ашигтай систем рүү орсон нь чамгүй үзүүлэлт байна. Түүнээс гадна татварын багц хуулийн үр дүнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэд хэдэн чухал заалтууд орсон, татварын хувийг бууруулсан нь суурь сайжрах нэг дохио. Мөн хуульд татварын баазыг нэмэгдүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг татварын бодлого зөв тийшээ чиглэж байна гэж харж байна. Энэ жил төсвийн орлого талдаа татварын орлогын төлөвлөгөөний биелэлт бүрэн шийдэгдсэн, ирэх жилийн төсөөллөө ч гэсэн өндөр тавьсан байна. Татвар, гаалийн байгууллага өндөр төлөвлөгөөгөө шахаж ажиллаж чадвал төлөвлөсөн орлого биелэх давуу талтай.  Гэхдээ орлогыг хэт өндөр төлөвлөж, зарлагаа тэр хэмжээгээр нэмэгдүүлж, зарлагаа нөхөж чадахгүйд хүрэхээрээ алдагдлаа гадна, дотноос зээлэх эрсдэл байдаг. Энэ удаагийн төсвийн хувьд Сангийн сайдын бидэнд өгсөн мэдээлэл, татварын бааз нэмэгдүүлэх, гадаад, дотоод орчин таатай, экспортыг дэмжих зорилгоор дэд бүтцийн асуудлыг шийднэ гэж байгаа нь боломжтой юм байна гэж харж байна.

-Жил жилийн төсөв алдагдалтай батлагддаг. Энэ нь орлогыг бодитой тооцоогүйтэй холбоотой гэж эдийн засагчид дүгнэдэг. Энэ жил орлогыг хэр бодитой төсөөлсөн байна вэ?

-Татварын төлөвлөлтөөс нь харахад орлогын албан татварын өсөлт 2018 онтой харьцуулахад 16 хувь, Хүн амын орлогын албан татвар 7,8 хувь, дотоодын нэмэгдсэн өртгийн албан татвар 18 хувь, архи, тамхины онцгой албан татварын хувь 35 хувь, импортын гаалийн татвар 40 хувь, ашигт малтмалын нөөцийн төлбөр 57 хувь гэх мэт дандаа өсөлттэй байна. Бизнес идэвхжиж байгаа тохиолдолд ийм өсөлт байж болно. Гол нь экспортын бүтээгдэхүүнүүдийг хэрхэн тооцсон, нүүрс 42 сая тонн, зэсийн баяжмал 1,4 сая тонн, Монголбанкинд тушаах алтны хэмжээ 21 мянган тонн, коксжих нүүрсний үнийг нэмэгдүүлж тооцсон нь өөдрөг төсөөлөл байна. Үнэхээр урд хөрштэйгөө Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээр, ойлголцлоо тодорхой түвшинд баталгаажуулаад, үнээ барих бодлого барих, Тавантолгойгоо явуулж, дэд бүтцийн асуудлаа шийднэ гэдэг сигналаа гадагшаа өгч чадвал энэ бол боломжгүй төсөөлөл биш юм. Төсөөллөө өөдрөгөөр харж, шахаж ажиллах нэг хувилбар байдаг. Нөгөө талаар төлөвлөгөөгөө доош дарж, бодит байдал нь зөрж гардаг хоёр хувилбар байдаг. Уул уурхайн бүтээгдэхүүн ойрын хоёр жилд өөдрөг, тогтвортой байх боломжтой. Гэхдээ гадны зах зээл дээрх хэлбэлзлээс шалтгаалах зүйл олон байдаг учраас шууд дүгнээд хэлэх боломжгүй.

Орлогыг өөдрөгөөс төсөөлсний хэрээр зарлага  нэмэгдүүлсэн байна. Хөрөнгө оруулалтын зардал өмнөх жилтэй харьцуулахад хоёр дахин өссөн байна. Хөрөнгө оруулалтын зардлыг тэлнэ гэдэг нь зөв ч санхүүжилт авч байгаа төслүүд  хэр зэрэг үр ашигтай байх эсэх нь хамгийн чухал. Гэтэл сонгуулийн тогтолцоо өөр, 76 гишүүд нь үр ашиггүйгээр төсөв татдагаас болоод хөрөнгө оруулалт дээр Африкийн орнуудын дараа ордог. Тэгэхээр төсөв боож, үр ашигтай төсөлд л хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ Сангийн сайд хэлж байсан. Энэ Засгийн газрыг харах л үлдэж байна. Гэхдээ төсвөө боловсруулаад УИХ-д оруулаад ирэхээр 76 гишүүн 180 градус эргүүлчихдгээ л болих хэрэгтэй. Үүнийг өөрчлөх хамгийн чухал зүйл бол маш яаралтай Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Сонгуулийн тухай хуульд дураараа хөдөлгөөн оруулаад байдаггүй, 76 тийшээ татдаг зүйлийг болиулах хэрэгтэй.

Анх удаа баялгийн санд мөнгө сууж, 53 тэрбум төгрөгийг ирээдүйн өв санд төвлөрүүлж чадлаа шүү дээ. Энэ бол эдийн засаг, төсвийн сахилга баттай байгаа үед мөчлөгийг сөрж явуулж байгаа санхүүгийн бодлого. Урсгал зардал дээрээ мөнгө тавьж, гишүүдийн тойрог руу мөнгө чирсэн байдал цаашаа үргэлжлээд байвал хэчнээн ч сайхан төсөв Сангийн яам оруулаад нэмэргүй. Тэгэхээр процессын хувьд зохицуулалт хийх шаардлага байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ


"Охиноо эрээнд үлдээсэн ээжийн асран хамгаалах эрхийг түдгэлзүүлнэ"

Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалтай цөөн хором ярилцлаа.


-БНХАУ-ын Эрээн хотод бага насны хүүхдээ буудлын барьцаа болгож үлдээсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-БНХАУ-ын Эрээн хотод эцэг, эх асран хамгаалагч нь тухайн байрлаж байсан зочид буудлынхаа төлбөрийг төлөлгүйгээр бичиг баримтаа барьцаанд нь үлдээж, хүүгээ орхиод ор сураггүй алга болсон хэрэг энэ оны наймдугаар сард гарсан. Хүүгийн тухайд биеийн байдал нь хэвийн, энд ирээд нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсан. Мөн энэ оны зургадугаар сард охиноо хараа хяналтгүйгээр хоёр сар орчим үлдээсний улмаас өсвөр насны охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол гарлаа.

-Дээрх хүүхдүүдийн бие болоод сэтгэл санааны байдал ямар байна вэ?

-Манай байгууллагаас эдгээр хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлээд явж байна. Бид бэлгийн хүчирхийлэлд өртсөн охиныг цагдаагийн байгууллагатай хамтран Эрээн хот дах консулын газраас нөхцөл байдалтай танилцсаны дараа авчирсан. Охинд эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлж байгаа. Хүүхдүүд монголдоо ирээд эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж, сэтгэл зүйн ганцаарчилсан үйлчилгээ авч байна. Мөн сургуульд сурч, асрамж хамгааллын байгууллагад хүмүүжиж байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охины ээжийг эх байх эрхийг нь түдгэлзүүлэх асуудал яригдсан. Учир нь охиноо харах хүнгүй гэх шалтгаанаар БНХАУ руу аваачсан байдаг. Дараа нь хамт хөдөлмөр эрхэлж байсан Хятад иргэн дээр хоёр сар үлдээснээс болж охин бэлгийн хүчирхийлэлд өртчихлөө. Тиймээс эхийн хариуцлагагүй байдал, охиноо өмнө нь хэрхэн асран хамгаалж байсан түүхээс үүдэн асран хамгаалах эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдлаа.

-Хүчирхийлсэн гэх этгээдийг шалгаж байгаа юу?

-Хүчирхийлсэн гэх этгээд нь БНХАУ-ын иргэн байсан. Тус улсын хуулиар бэлгийн хүчирхийллийн асуудал нэлээд өндөр ял шийтгэлтэй, цаазын ялаар шийтгэгдэх хүртэл хуультай байдаг юм билээ. Энэ хэрэгт хэргийн хариуцагчаар Дорноговь аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газрын байцаагч ажиллаж байна. Хэргийн холбогдогч нь БНХАУ-ын иргэн учраас тус улсын хуулийн дагуу шийдвэрлэгдэх байх.

-Буудлын барьцаанд үлдсэн хүүгийн ар гэрийнхний сураг гарсан уу?

-Өнөөдрийг хүртэл хүүгийн эцэг, эхийн сураг гарсангүй. Хүүгийн тухайд Монгол ээж, Хятад аавтай бөгөөд эх нь Баянзүрх дүүргийн харьяат иргэн байсан. Одоогийн байдлаар ээжийг нь хаана амьдарч байгааг тогтоохоор ажиллаж байна. Уг хэргийг Дорноговь аймгийн ГБХЗХГ, Нийслэлийн ГБХЗХГ –тай хамтран хүүгийн нөхцөл байдлыг тодруулах, ар гэрийнхнийг нь олж тогтоох ажлыг хийж байгаа юм. Барьцаанд үлдээсэн хүүгийн төлбөр мөнгөтэй холбоотой асуудлыг бид шийдвэрлэсэн. Тухайлбал, 3.5 сая төгрөгтэй тэнцэх юанийг зочид буудалд төлж хүүг авчирсан юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ


С.Чинзориг: Тэтгэврийг хоёрдугаар сард нэмнэ

Ирэх оны төсвийн төсөл болон цалин тэтгэврийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.

-Цалин, тэтгэврийн нэмэгдэлд 720 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хэвээр батлагдвал хэзээнээс цалин, тэтгэвэр нэмнэ гэсэн үг вэ?

-Олон улсын байгууллагуудтай хамтраад өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Засгийн газраас сүүлийн нэг жил төсвийн сахилга батыг сайжруулах ажлыг хийснээр бас ч гэж эдийн засаг сайжирч байна. Гэхдээ бүрэн сайжраагүй. Тийм учраас ОУВС-гаас манай эдийн засгийг бага зэрэг эмзэг байгаа шүү гэдгийг анхааруулсан. Ирэх жил эдийн засгийн өсөлтийг иргэдэд бодитоор мэдрүүлэх зорилготой ажиллаж байгаа. Тухайлбал, ирэх оны нэгдүгээр сараас төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд нийт 267 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг төсөвлөөд байна.  Халамжийн сангаас олгож буй тэтгэврийн хэмжээ амьжиргааны түвшингээс доогуур байдаг. Тиймээс халамжийн тэтгэврийг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлье гэсэн зарчим баримталж байна. Энэ зарчмын дагуу халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 22 тэрбум төгрөгийг тусгаж байгаа.

-Цалин, тэтгэврийг яг хэдэн хувиар нэмэх вэ?

-Төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийж байна. Ажлын байрны нөхцөл, ачаалал, хариуцлага, ур чадвараас хамаарч нэмэгдлийн хэмжээг тогтооно. Бид энэ судалгаанд үндэслэн албан тушаалынх нь зэрэг дэвийг дахин тогтооно. Тэгээд төрийн албан хаагчдын цалинг бодитойгоор нэмнэ. Даатгалын сангаас орж байгаа тэтгэврийг хоёрдугаар сарын 1-ээс нэмнэ. Яг хэдэн хувиар нэмэхийг тухайн үед гаргана.

-2019 оны төсвийн төсөлд УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулах мөнгийг ялгавартай хуваарилсан гэх шүүмжлэл гишүүдээс гарч байна. Тухайлбал, гишүүдийн тойрогт таван тэрбум төгрөг төсөвлөсөн ч Увс аймгийн нэг тойрогт хэд дахин илүү төсөв тусгасан гэх юм. Энэ үнэн үү?

-УИХ-ын гишүүдийн тойрог дахь хөрөнгө оруулалттай холбоотой материалыг олж үзээгүй байна. Харин салбарынхаа хөрөнгө оруулалттай холбоотой асуудал, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн чиглэлээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан асуудлуудыг хэрэгжүүлэхэд л хөрөнгө, мөнгөө зарцуулъя гэсэн бодолтой ажиллаж байна.

-Таны сонгогдсон тойрогт хэдэн төгрөг төсөвлөсөн юм бэ. Тойрогтоо ажил явуулахад энэ мөнгө хүрэлцэх үү?

-Тав орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Хэрэгцээ асар их. Гэхдээ эдийн засаг боломжийн хэрээр өсч, төсвийн орлого сайжирч байна. Түүнийг дагаж буй хөрөнгө оруулалт бага ч гэсэн нэмэгдэж байна. Тухайлбал, миний сонгогдсон тойрог 12 сумтай. 12 суманд бүгдэд нь зовлон бэрхшээл бий. Энэ таван тэрбум төгрөгөөр тэр бүгдийг шийднэ гэвэл бүтэхгүй. Эхний ээлжинд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай газарт нь таван тэрбум төгрөгийг оруулж өгнө. Дараа нь 2020 онд үлдсэн хэсгийнх нь ажлыг хийж болох юм. Бүгдийнх нь зовлон, бэрхшээлийг нэг дор шийдэх боломжгүй юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж