Дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн энгийн иргэдээс гадна дайны гэмт хэрэгтэн, цэргийн эрх мэдэлтнүүдийн чандар хадгалагддаг Ясүкүни хийдийг тойрсон дуулиан Японд сүүлийн хэд хоногийн турш дэгдээд байна.
Эцэг өвгөдийн сүнс, сүлдэнд мөргөхөөр Эзэн хаан, дээд зиндааны сайд дарга нар бас энгийн ард иргэд ч жил бүр Ясүкүни хийдэд ирж мөргөл үйлддэг байна. Японы Шукан сэтгүүлд мэдээлснээр тус хийдийн хамба лам Кунио Кохори өнгөрсөн зургадугаар сарын 20-нд болсон дотоод уулзалтын үеэр одоогийн эзэн хаан Акихитог хаан ширээнд сууснаасаа хойш ганц ч удаа Ясүкүнид ирээгүйг шүүмжлэн ярьжээ. Ингэснээрээ эзэн хаан хийдийг болон шинто шашныг үгүйсгэж байна. Түүний залгамжлагч ханхүү Нарухито ч энэ уламжлалыг нь үргэлжлүүлэх төлөвтэй байна хэмээн ярьсан хамбын 110 минутын бичлэг Шукан сэтгүүлийн газарт байгаа ажээ. Үүний зарим хэсгийг олон нийтэд ил болгосон байна.
Ясүкүни хийдэд одоогийн байдлаар 1860-аад оны Бошин дайнд амь үрэгдсэн 7751, баруун өмнөдийн дайнп амь үрэгдсэн 6971, 1894 оны Япон, Хятадын дайнд амь үрэгдсэн 13619, Орос, Японы 1904 оны дайнд амиа алдсан 88429, Дэлхийн нэгдүгээр дайны үеэр ами алдсан 4850, Манжуур, Хятад, Номхон далайн дайн зэрэг олон газар амь үрэгдсэн цэрэг эрсийн 2466532 чандар хадгалагдаж байгаа гэсэн тоо байдаг.
Дуулианы дараа уг бичлэг дээрх хоолой өөрийнх нь хоолой мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн Кохори хамба эзэн хааны ордны захиргаанд очиж, уучлал гуйсны дараа огцрохоор болжээ.
Аравдугаар сарын 26-нд болох хурлаар шинэ хамбыг тодруулахаар болсноо Ясүкүни хийдийн захиргаа мэдээлжээ. 1978 онд дэлхийн хоёрдугаар дайны А ангиллын гэмт хэрэгтнүүдийн чандрыг энэ хийдэд байрлуулсны дараа тухайн үеийн эзэн хаан Хирохито хийдэд зочлохоо зогсоосон байна. Түүнийг залгамжилсан Акихито мөн хаан ширээнд сууснаасаа хойш Ясүкүнид ирээгүй юм. Японы үндсэн хуульд эзэн хааныг ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг хориглодог. Тиймээс эзэн хаан Ясүкүни хийдэд зочлох нь үндсэн хуулиар хориотой гэж ихэнх хуульчид тайлбарладаг ажээ.
Эх сурвалж: JAPANTIMES