Ховор бүтээлийг Монголын Үндэсний номын санд хүлээлгэн өгөв

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Ховор бүтээлийг Монголын Үндэсний номын санд хүлээлгэн өгөв

Онцгой байдлын байгууллагын ахмад алба хаагч, бэлтгэл хурандаа О.Ганхуяг өнөөдөр гэр бүлийн хамтаар нэгэн ховор бүтээлийг Монголын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хүлээлгэн өглөө.

Энэ нь Оросын хаан Романовынхны 400 жилийн түүхийг бичиж, цөөн хувиар онцгой дизайнаар бүтээсэн нийт 1215 хуудас бүхий 6,5 кг жинтэй бүтээл юм.

“Дом Романовых” хэмээх энэхүү  бүтээлийг 1613 оноос эхэлсэн Оросын хаант улсын засаглалын 400 жилийн ойд  зориулан гаргаж байжээ. Тус  номонд Эзэн хаан Романов, түүний гэр бүл, удам угсааны ургийн бичгээс эхлээд хаант төрийн бүхий л түүхийг өгүүлжээ.

Романовынхны хаант засаглал 1613 оноос 1913 оны 3-р сарын 15-нд хоёрдугаар Николас хааны эрх мэдэл дуустал үргэлжилсэн гэдэг.

Бэлтгэл хурандаа О.Ганхуягийн хувьд 2015 онд ОХУ-ын Санкт-Петербург хотод Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аваргын тэмцээнд баг тамирчдаа ахалж явсан байна. Тус тэмцээнийг зохион байгуулсан орны зүгээс тэмцээндээ амжилттай оролцсон баг тамирчдын ахлагч нар нэгэн нандин бэлэг өгсөн нь энэхүү ном аж.

Энэхүү номыг тэрбээр хувь хүнд байхад дэндүү хайран, нөгөө талаас агуу Хаант улсын түүхийг багтаасан бүтээлийг эрдэмтэн судлаачид судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлдээ ашиглах нь залуу хойч үед илүү үр өгөөжтэй гэж үзэн ийнхүү Үндэсний номын санд хүлээлгэн өгөхөөр болжээ.

Харин  Монголын Үндэсний номын сангийн захирал  Б.Ичинхорлоо “Энэ ном өөрөө  ном бүтээхүйн нэг үлгэр жишиг төдийгүй арвин их санааг агуулсан том бүтээл юм” хэмээн онцлоод  ховор бүтээлийн санд бүртгэн авсан батламжийг бэлтгэл  хурандаа О.Ганхуяг болон түүний гэр бүлд гардуулан өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж