Нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдөр түүхэн музейнхээ үүд хаалгыг нээж анхны зочдоо хүлээн авлаа. Музейд Нийслэлийн Онцгой байдлын газрыг удирдаж байсан үе үеийн удирдлагуудын хөрөг зургаас эхлээд тус газрын түүхэн замналыг харуулах гэрэл зураг, баримт бичиг, эд материал, алба хаагчдын эдэлж хэрэглэж байсан багаж хэрэгсэл, авсан гавьяа шагнал зэргийг дэлгэсэн байна.
Түүнчлэн алба хаагчид хувийн цуглуулгаасаа музейн сан хөмрөгийг баяжуулжээ.
Онцгой байдлын албаны музейн хувьд бусад төрлийн музейнүүдээс өөрийн гэсэн онцлогтой юм. Тухайлбал, гамшиг осол, аюулт үзэгдэл, үйл явдлын агшинг буулгасан гэрэл зураг гэхэд дахин давтагдашгүй, цаг хугацааны үнэт түүх, сургамжийг агуулсан байдаг байна. Түүнчлэн тус албанд хэрэглэгдэж байсан багаж хэрэгслүүдээс л гэхэд хөгжил дэвшлийг харж болохоороо онцлогтой.
Тэр ч үүднээс нийслэлийн аврагчдын хэрэглэж байсан модон шат музейн үзмэрийн нэг содон хэсэг болсон байлаа.
Музейн нээлтэнд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон нийслэлийн Онцгой байдлын газрыг удирдаж байсан үе үеийн удирдлагууд оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ