Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг Иргэний нийгмийн байгууллагууд шаардаж эхэллээ. Энэ асуудлаар өнөөдөр /2018.10.12/ “Хохирогчдын нэгдсэн холбоо”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Эх нутаг хүн зоноо хамгаалъя” , “Нэгдсэн Монгол хөдөлгөөн” зэрэг ТББ-аас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах хангалттай үндэслэл, нотлох баримт байгааг онцоллоо. Тухайлбал,
-Зам, тээвэр хөгжлийн яамны газрын дарга нар нэгийнхээ аминд хүрсэн хэргийн хариуцлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээж , Засгийн газар нь огцрох ёстой
– Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнаагүй
-Шатахууны үнэ зургаа дахин нэмэгдсэн
-Энэ оны наймдугаар сарын байдлаар 5977 хүн сураггүй алга болсон. Тэдний дотор алга болсон 70 хүүхдийн 7 нь олдсон
– Засгийн газрын гадаад зээлийн өр төлбөр 20 гаруй тэрбум ам.долларт хүрсэн нь огцруулах хангалттай үндэслэл болно гэж мэдэгдэв.
“Эх нутаг хүн зоноо хамгаалъя” ТББ-ын тэргүүн Б.Алтансүрэн “У.Хүрэлсүх сайдын Засгийн газрыг огцруулах шийдвэрийг зөвхөн иргэний нийгмийн байгууллагууд гаргаагүй. Ард түмэн шийдсэн. Үр хүүхэд, иргэнээ хамгаалж чадахгүй Засгийн газрыг иргэд хүсээгүй. Гадны эдийн засгийн алуурчидтай нийлж урд хөршийн Ар Монгол болох аюул ойрхон байна” гэв.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Холбоотой мэдээ