Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлсэн. Тэрбээр 2019 оны төсвийн төсөлд хууль зөрчсөн зүйл заалтууд орж ирснийг шүүмжилж “УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “төсөв алдагдалгүй байх ёстой” гэж ярьдаг, шаарддаг байснаа Сангийн сайд болоод өөрөө төсөв зохиох болохоороо 5,4-8 хувийн алдагдалтай төсөв өргөн барилаа. Ам, ажлын зөрүүтэй байдал Монголын төрийг үнэгүйдүүлж байгаа гол хүчин зүйл. Ялангуяа, Төсвийн тухай хуулийг зөрчиж, гадаадын зээл, тусламжийн хөтөлбөр, төслүүдийг Сангийн яаманд төвлөрүүлэх нь гэсэн шүүмжлэл УИХ-ын гишүүдээс гарч байгааг шалгаж, хууль зөрчсөн үйлдлийг арилгасны дараа төсөв батлагдах ёстой” гэсэн юм. Мөн гишүүдийг 2019 оны төсвийн төслийг ахин нягталж хараад, намчирхсан, улс төржсөн, үр ашиггүй зардлуудаасаа зоригтойгоор татгалзах, орлогыг хийсвэрлэн өндрөөр төсөөлсний хийг гаргахад анхаарахыг хүслээ.
Мөн тэрбээр өнөөдөр 18:00 цагаас 2019 оны төсвийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг зарлалаа.
Холбоотой мэдээ