Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний есөн сарын статистик мэдээллийг өнөөдөр /2018.10.12/ Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Зарим салбарын үзүүлэлтийг онцлон хүргэе.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний есөн сард 6.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 241.7 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 2 их наяд төгрөгөөр өссөн байна.
Татварын нийт орлого 5.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (31.8%) их наяд төгрөгөөр өсөхөд
-нэмэгдсэн өртгийн албан татвар 380.1 (32.9%) тэрбум төгрөг,
-орлогын албан татвар 328.6 (30.3%) тэрбум төгрөг,
-нийгмийн даатгалын орлого 213.9 (23.1%) тэрбум төгрөг,
-онцгой албан татвар 190.4 (52.8%) тэрбум төгрөг,
-гадаад үйл ажиллагааны орлого 137.4 (39.1%) тэрбум төгрөг,
-бусад татвар, төлбөр хураамжийн орлого 131.1 (31.9%) төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Газар тариалан:
Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд энэ сарын 1-ний байдлаар 141.7 мянган тонн үр тариа, 150.4 мянган тонн төмс, 73.8 мянган тонн хүнсний ногоо хурааж, 657.8 мянган тонн өвс хадлан, 9.8 мянган тонн гар тэжээл, 2.6 мянган тонн дарш бэлтгэсэн байна.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр энэ сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 346.3 мянган га талбайд уринш боловсруулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 49.7 (16.8%) мянган га талбайгаар өсчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэд:
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны есдүгээр сарын эцэст 34.0 мянга, үүнээс 24.2 (71.1%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.8 (28.9%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 1.2 (4.6%) мянган хүнээр буурч, өмнөх сараас 1.1 (4.9%) мянган хүнээр өсөж, 24.2 мянга болсны 12.8 (52.9%) мянга нь эмэгтэйчүүд аж.
Гадаад худалдаа:
Монгол Улс 2018 оны эхний есөн сард 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.6 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 5.3 тэрбум ам.доллар, импорт 4.4 тэрбум ам.долларт хүрчээ.
Импорт өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 238.4 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 90.7 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 301.0 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 233.0 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 174.1 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.
Гэмт хэрэг:
Улсын хэмжээнд 2018 оны эхний есөн сард 28.6 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5.5 мянга (23.9%)-аар өсчээ.
Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд залилах гэмт хэрэг 1995 (2.0 дахин), дээрмийн гэмт хэрэг 606 (89.2%), хөрөнгө завших гэмт хэрэг 188 (77.0%), хүчингийн гэмт хэрэг 131 (45.5%), хулгайн гэмт хэрэг 2018 (24.8%), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1024 (16.4%)-өөр өссөн нь голлон нөлөөлсөн аж.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2018 оны эхний есөн сард 131.9 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 24.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 26.7 (16.8%) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 43.3 (64.4%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна
Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2018 оны эхний есөн сард 24.8 мянга болж, 1.3 мянга (5.1%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 10.8 мянга (43.7%) нь эмэгтэйчүүд байна.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 2018 оны эхний есөн сард 788 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 36 (4.4%)-гаар буурчээ.
Э.ЖОНОН