Тэрслүү үг: СУРГУУЛЬ НУРААСАЙ

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Тэрслүү үг: СУРГУУЛЬ НУРААСАЙ

Тэрслүү үг: СУРГУУЛЬ НУРААСАЙ

“Нисванис”-ын дуунууд ерөнхийдөө этгээд сонин үгтэй л дээ. Бараг эсэргүү ч юм шиг. Урт үстэй Амгаа “сургууль нураасай” гэж дуулахаар хэнд ч таатай сонсогдох билээ. Гэвч, залуусын дунд энэ дуу нэг хэсэгтээ л  трэнд болж байсан.  Дууны үг бол  их тэрслүү. “Чарлаа хонх цочоон дуугарлаа, Царай муутай багш шүлсээ цацан донгосно” энэ тэр гээд. Гэхдээ Б.Энх-Амгалан  хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ тухайгаа “Сургууль нураасай” дууны хувьд тэр уран бүтээлээрээ сургууль нураасай гэж илэрхийлээгүй. Харин ч эсрэгээрээ. Тухайн үеийн оюутны амьдрал, боловсролын системийг шүүмжилж гаргасан дуу” гэж тайлбарлаж байв.

Бүх нийтээр бичиг үсэг тайлагдсан гэж дэлхийд  Монгол дээгүүрт бичигддэг гэнэ лээ. А, Б, В,Г-ээ ялгаад, арав тоолоод, аав ээжээ холбоод уншиж чадахгүй хүн цөөхөн л дөө, ер нь. Харин боловсролын чанар, стандартын хувьд  үйлдвэрлэлийн “гологдлууд”.  Дээд боловсролын дипломтой стандарт бусчууд.

Үүний үндсийг хөөвөл үйлдвэрлэлийн алдаа нь   нөгөө л багш нарын цалин, хангамж, их дээд сургуулиудын элсэлт, боловсролын салбарын менежмент, шинэчлэлтэй холбогддог.  Өнгөрсөн зуны элсэлтийн үеэр СЭЗИС  эрэлт ихтэй, эсрэгээрээ багш бэлтгэдэг цорын ганц улсын сургууль нь оюутныхаа төлөвлөгөөг гүйцээж чадахгүй сууж байгаагаа нэгэн багш нь ярьсан байдаг.

 Багш нарын цалин бага, сайнууд нь хувийн сургууль бараадаж, арай дөнгүүр нь улсын аль нэг нэртэй сургуульд багшлахыг хүсдэг.  Хотын төвийн сургууль, цэцэрлэгүүд эрэлт ихтэй, захирлууд нь авлигатай холбогдоод байгаа нь нөгөө л сургалтын чанар, сургуулийн нэр хүндтэй нь холбоотой шүү дээ.

Гэрийнхээ хажуугийн тав алхмын зайтай сургуульд хүүхдээ сургалгүй, хотын түгжрээд хол зөөдгийн шалтгаан ч энэ.  Хүн л юм хойно, үр хүүхдээ гайгүй сургуульд өгч, олигтойхон боловсрол эзэмшүүлэхийг хүснэ, ямар ч эцэг эх.  Дээр нь сургуулийн орчин нөхцөлийг бодолцоно.  Яагаад хувийн дээд сургууль төгссөнөө улстөрчид нуугаад улсын сургуулийн хуурамч диплом худалдаж авдаг вэ гэдэг чинь манай боловсролын салбарын томоос том асуудал болчхож байгаа юм.

Монголын боловсролын систем  дэх авлига, алдаа, асуудал болгоныг  яривал ёстой “Хүрээний булайг тоочвол далай” болно.  Гээд улсын сургууль, цэцэрлэгийн захирлуудыг АТГ толгой дараалан баривчлаад боловсролын салбарын авлига цэгцэрчих юм биш.

АТГ  гүйцэтгэх ажиллагаа явуулан барин авлигач захирлуудыг эхнээс барилаа, хорилоо.  Гэхдээ энэ нь улс төрөөс хамааралгүй цэвэр АТГ-ын ажил, авлига өгсөн хүмүүс өөрийгөө ч, өрөөлийг ч барьж өгөөд боловсролын салбарын булайг дэлгэж байна гэвэл гэнэн төсөөлөл болох биз. Монголд улс төр хутгалдаагүй үйл явдал, дуулиан гэж огтхон ч байхаа больсон, одоо “чамайг томилсон цаад эзэн чинь хэн бэ” гээд АТГ-ынхан асуугаад сууж байж мэднэ.

Энэ удаагийн АТГ-ын баривчилгаа сургууль, цэцэрлэгийн захирлуудад анхааруулга болж байна.   Махан тэжээлтнүүдээсээ доошлоод өвсөн тэжээлтнүүд рүүгээ орсон АТГ-ынхан долоо хоногийн дотор улсын гэх тодотголтой,  дээр нь эрэлт ихтэй хоёр ч сургуулийн захирлыг барьсан нь боловсролын салбарыг бүхэлд нь “айдас”-т оруулчихлаа.

Одоо ингээд авлига байхгүй болчихно, гоё доо гэж бодож байна уу. Харин ч авлига улам далд хэлбэрт орж, өгөх хэмжээ нь бүр илүү өснө гэсэн үг. Учир нь, авлига өгөх авах нөхцөлийг бүрдүүлж, хорт хавдар үүсгэх шалтгаан нь хэвээрээ л байгаа шүү дээ.

Мэдээж, авлига авсан захирлуудын түмэн буруу. Тэд авлига авсан хариуцлагаа хүлээх ч биз.  Гэхдээ цаана нь авлига өгөөд ч болтугай хүүхдээ олигтойхон сургуульд сургаж, цэцэрлэгт оруулах хүсэлтэй мянга түмэн аав ээж байгаа нөхцөлд  хоёр захирал барилаа гээд “хонхны дуугаар” боловсролын салбарыг сэрээж, шинэчилж чадах уу. Яах вэ, сэрэмжлүүлэг л болох байх.

Хот хөдөөгийн, төв, захын сургуулиудын орчин, нөхцөл өөрчлөгдөөгүй, өөрчлөөгүй тохиолдолд  авлига амь бөхтэй оршсоор байх болно. Ямар учраас эцэг эхчүүд нэгдүгээр сургуульд, кембрижийн хөтөлбөртэй сургуулиудад хүүхдээ өгөх гээд мөнгөө бариад очиж байна вэ гэсэн асуултаас АТГ хариугаа олох хэрэгтэй. Хариу нь хаана нуугдаж байгааг шүү.

Монголын хууль баталдаг, шийдвэр гаргадаг, төсөв захиран зарцуулдаг улстөрчид болоод бизнесменүүдийн хүүхдүүд бүгд хувийн өндөр үнэтэй сургуульд суралцдаг, дундаж хэд нь сайн гэсэн улсын сургуульд хүүхдээ өгөхөөр улайрдаг, авлига өгдөг. Тэгж ярих юм бол АТГ-ын байцаагчдын хүүхдүүдийн хэд нь яг харъяа дүүргийнхээ сургуульд сурдаг вэ гэвэл харин ч сонирхолтой хариулт сонсох байх.

Боловсролын салбарын чанар нойл, үүнийг гэрчлэх хамгийн наад захын баримт бол  МУИС-ийн оюутнуудын сургалтын төлбөр нэмлээ гэж эсэргүүцэхдээ барьж жагссан лоозон байна.  Ийм оюутнууд байх гэж халаглах мөртлөө эдгээр гологдлууд хаанаас, ямар сургуулиас, ямар багшаас их сургуульд орсныг хэн ч ярьдаггүй, асуудаггүй.  Үндсэндээ энэ мэт үйлдвэрлэлийн бааз нь бүхэлдээ доголдсон боловсролын салбарыг авлига хээл хахуулиас хол байлгая гэвэл улстөрчид өөрсдөө энэ салбарт гар хөлөө дүрэхээ л больчих.

Боловсролын салбар дахь авлигыг цэгцэлье гэвэл цалин хөлс, хангамж, цаашлаад зах, төвийн ялгаа, орчин нөхцөл, бодлого менежмент, заах арга, сургалтын чанар, томилгоо, томилолт бүгдийг нь үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Үгүй бол Монголын боловсролын салбарынхан бүгдээрээ АТГ-ын хаалгыг авлигын хэргээр татаж мэдэх юм шүү.  Хүн олдвол хэрэг тохох амархан гэдэг шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж