Төрийн бус байгууллагуудын анхааралд
“Олон нийтийн радио, телевизийн тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлж, сонгон шалгаруулалтад оролцохыг зарлаж байна.
Нэг.Сонгон шалгаруулалтад:
1.Үндэсний зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон Монгол Улсын иргэнийг томилно.
2.“Олон нийтийн радио, телевизийн тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан шаардлагын дагуу дараах этгээдийг нэр дэвшүүлэхгүй. Үүнд:
- төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч;
- улс төрийн намын удирдах албан тушаалтан;
- бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд;
- бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээд.
Хоёр.Нэр дэвшигчдээс бүрдүүлэх бичиг баримт:
- Анкет /төрийн албаны хаагчийн маягт/;
- Дээд боловсрол, эрдмийн цол, зэргийн диплом, мэргэшсэн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Нэр дэвшүүлж байгаа төрийн бус байгууллагын тодорхойлолт;
- Төрийн бус байгууллагын нэр дэвшүүлсэн тухай хурлын тэмдэглэл;
- Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг.
Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн нэр дэвшигчийн материалыг 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 10 дугаар сарын 26-ныг дуустал Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлнэ үү.
Хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон
Утас: 51-267016, Факс: 11-327016
Төрийн байгуулалтын байнгын хороо
Холбоотой мэдээ