Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшингийн санаачлагаар дүүргийн 9,10,16 дугаар хорооны иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг доороос хүргэх зорилгоор “Халамжаас хөдөлмөрт” явуулын өдөрлөг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн гадна талбайд амжилттай зохион байгуулагдсан байна.
Тус өдөрлөгт дүүрэгт байрладаг томоохон аж ахуйн нэгж байгууллагууд болох ”Эко-констракшн” ХХК, “Номин холдинг” ХХК зэрэг компаниуд 600 гаруй нээлттэй ажлын байр зарлаж, иргэдийн сонирхож буй мэргэжлийн чиглэлээр ажлын анкет бөглүүлэн шууд ярилцлага авсан байна.Ингэснээр тус хорооны иргэд хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны мэдээллээр хангагдан, анкет бөглөн нөөцөнд орох, зуучлагдан ажлын байртай болох боломж бүрдсэн арга хэмжээ болжээ.
Иргэд нийгмийн даатгал,эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос авч, нийгмийн халамж, хүүхдийн мөнгөний асуудлаар өөрт шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг авсан байна. Мөн өдөрлөгийн үеэр иргэд Төрийн зарим үйлчилгээг нэг дороос авахаас гадна удирдлагуудад тулгамдаж буй асуудлаа танилцуулж, газар дээрээ асуудлаа шийдвэрлүүлж чадаж байгаа нь өдөрлөгийн нэг онцлог үр дүн болсон бөгөөд, иргэд гэрийнхээ гаднаас хүссэн төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж энэхүү үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байхыг хүссэн байна.
Эх сурвалж: ХУД