Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт нийт 1413 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1057 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэжээ.
Ослын улмаас орон нутагт зургаан хүний амь нас хохирч, таван хүн гэмтсэн бол нийслэлд 39 хүн гэмтэж бэртсэний 14 нь бага насны хүүхэд аж. Эдгээр 13 хүүхэд нь явганаар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртөж, гэмтэл авчээ. Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурдвал:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Амгалангийн зам, .. тоот айлын хашаанд өчигдөр /2018.10.11/ T.Mark-2 маркийн автомашин асаалттай байх үед хоёр настай З нь арааг сольж хөдөлгөн зургаан настай З-г мөргөж гэмтээжээ. Тэд төрсөн ах дүүс бөгөөд машинд мөргүүлсэн хүү Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.
Мөн энэ өдөр Төв аймгийн Сэргэлэн сум Хоолтын даваа гэх газар "Sonata YF" маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч хоёр амиа алдаж, гурван хүн гэмтсэн хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа аж.
Э.БУРАМ