Тэмцээний 2-р шат өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Тэмцээний 2-р шат өндөрлөлөө

Тэмцээний 2-р шат өндөрлөлөө

Волейболын эмэгтэйчүүдийн 2018 оны ДАШТ арлын Япон улсын 6 хотод үргэлжилж байна. Тив тивийн шилдэг 24 улсын бүсгүйчүүд өрсөлдөж буй тус тэмцээний 2-р шат өдөрлөж 3-р шатанд өрсөлдөх 6 улсын шигшээ багийн нэрс бүрэн тодорсон.

Тэмцээний Е хэсгээс Нидерланд, Япон, Сербийн шигшээ багууд 3-р шатанд өрсөлдөх эрхээ авсан бол 2008, 2012 оны олимпын наадмын аварга, 2014 оны дэлхийн аваргын хүрэл медальт Бразилын бүсгүйчүүд нутаг буцахаар болсон. Хэсгийн сүүлийн тоглолтоо Бразилын шигшээ баг тэмцээнийг зохион байгуулагч Японтой хийж 5 сетэд 3-2 харьцаатай хожсон ч Японд 2 сет алдсаны улмаас тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Хэрвээ тай брейк гаргалгүйгээр Бразилын шигшээ баг хожиж чадсан бол дараагийн шатанд шалгарах боломжтой байсан ч нутгийн дэвжээ эздэдээ ээлтэй байв. Бразилын шигшээ баг 3-2 харьцаатай хожсон ч авсан оноогоор Япон энэ тоглолтод 108 оноо авсан бол Бразил 107 оноо авсан.

F хэсгээс Итали хэсгээ тэргүүлсэн бол Риогийн олимпийн аварга Хятад, Риогийн олимпын хүрэл медальт АНУ-ын шигшээ багууд эхний 3-аар дараагийн шатанд шалгарах эрхээ авсан. Хэсгийн шийдвэрлэх сүүлийн тоглолтоо Италийн шигшээ баг Нэгдсэн Улсын бүсгүйчүүдтэй хийж 3-1 харьцаатай буулгаж авсан. АНУ-ын шигшээ баг хожигдсон нь тэднийг дараагийн шатанд шалгарах эсэхэд ээдрээтэй нөхцөл байдлыг бий болгосон. Гэсэн ч олимпын аварга Нанхиад бүсгүйчүүд Оросын охидыг 4 сетэд 25-22, 21-25, 25-23, 25-15 харьцаатай хожсон нь АНУ-ын эмэгтэй багт хэсгээс шалгарах боломжийг олгосон. Орос болон Хятадын бүсгүйчүүдийн тоглолт эхний хоёр сет эн тэнцүү өрсөлдөөн үзүүлж харилцан нэг хожил аваад байсан ч сүүлийн 2 сетэд Хятадын бүсгүйчүүд илүү байж дараалан ялалт авснаар хожил байгуулсан. Оросууд тоглолтын төгсгөлийг хангалтгүй хийсэн бөгөөд ялангуяа 4 дэх сетэд 20 оноо ч авч чадалгүй 25-15 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Ийнхүү Нанхиад охидын ялалт Нэгдсэн Улсын бүсгүйчүүдэд боломж олгосон юм.

Шилдэг 6 баг дараагийн шатанд 2 хэсэгт сугалаагаар хуваагдсан. G хэсэгт Итали, Япон, Сербийн бүсгүйчүүд багтсан бол H хэсэгт Хятад, АНУ болон Нидерландын шигшээ багууд багтав. Тэмцээний 3-р шатанд эхний 2 баг нь хагас шигшээд өрсөлдөх эрхээ авна. Хэсгээ тэргүүлсэн баг нь нөгөө хэсгийн 2-р гарсан багтай хагас шигшээд тоглоно. Дэлхийн аваргын 3-р шатны тоглолт ням гаригт эхэлнэ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж