"Монголыг хөгжүүлэх бодлого ганцхан аймаг руу чиглэжээ"

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Live"Монголыг хөгжүүлэх бодлого ганцхан аймаг руу чиглэжээ"

"Монголыг хөгжүүлэх бодлого ганцхан аймаг руу чиглэжээ"
16 : 56
2018-10-12

З.Нарантуяа: Монгол Улсыг хөгжүүлэх бодлого ганцхан аймаг руу чиглэжээ

УИХ-ын чуулганы хуралдаан Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоод өндөрлөв. З.Нарантуяа гишүүний саналаар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өгсөн. Тус мэдээлэлтэй холбоотойгоор цөөн хэдэн гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн ихэнх нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих мөнгийг төсөвт суулгаагүй гэсэн шүүмжлэл хэлж байв. Тэгвэл УИХ-ын гишүүн З.Нарантуяа Монгол Улсын түүхэнд анх удаа хамгийн өндөр зардалтай төсөв батлагдаж байгааг тодотгосон юм.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Асуулга тавихад нэгнийхээ хуурах, цаг нөхцөөх гэсэндээ биш. Цаг зав гаргаж ярьж байгаа нь учиртай. Бид түүхэнд анх удаа 11,5 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх гэж байна. Энэ нь өмнөх оны төсвийн зарлагаас 20 хувиар илүү байгаа юм. Төсвийн зарлагыг нэг бүрчлэн үзэхээр орон нутагт зайлшгүй хэрэгжүүлэх 23 төсөл арга хэмжээнд 211,6 тэрбум төгрөг хуваарилсан. Би бодохдоо дунд хугацааны бодлоготойгоо нийцсэн арга хэмжээг санхүүжүүлэх байх гэж бодсон. Ингээд төсвийг нэгбүрчлэн үзэхээр аймгийн театр нэг, цэцэрлэгийн өргөтгөл хоёр, спортын заал нэг, сургуулийн барилга тав, цэцэрлэгийн барилга дөрөв гэх мэт. Үүнээс ихэнх нь нэг аймагт хэрэгжүүлэх арга хэмжээ байна. Монгол Улсыг хөгжүүлэх дунд хугацааны бодлого чинь нэг аймгийнх болжээ. Хоёрдугаарт МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан 15 арга хэмжээг санхүүжүүлэхэд 38,7 тэрбум төгрөг хуваарилна гэж тусгасан. Үүнээс зургаа нь дэд бүтэц буюу зам, дулааны шугам сүлжээнд зориулагдах юм байна. бусад нь эмнэлэг, сургуулийн барилгад зориулахаар болжээ. Иймээс бидний хуваарилж байгаа мөнгө, зарцуулах зарлага авцалдахгүй байна.

Ийнхүү асуулга тавьсан З.Нарантуяа гишүүн байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын чуулганы үдээс  хойших хуралдааныг өндөрлүүлэв.

15 : 52
2018-10-12

Үдээс хойших хуралдаан эхэллээ

Chuulgan (17)

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар” Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.

Танилцуулгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хийсэн юм.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх болон “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, олон тулгуурт болгох чиглэлээр Засгийн газраас дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.

  • Гол нэр төрлийн шатахууны хэрэгцээг олон улсын стандартад нийцсэн дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, шатахууны гадаад зах зээлээс хамааралтай байдлыг бууруулах чиглэлээр газрын тосны үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

  • Барилга, хүнд үйлдвэр, эдийн засгийн суурь бүтэц болох ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, уул уурхай, барилга, дэд бүтцийн байгууламжийн үндсэн нэр төрлийн төмөр, ган хийцийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах, импортын хамаарлыг бууруулах төслийг эрчимжүүлж байна.

  • Зэсийн баяжмалыг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар экспортын хэмжээ, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна.

  • Угсармал барилгын үйлдвэрийг хөгжүүлэх замаар барилгын материалын импортын хэмжээ болон барилгын салбарын өртөг, зардпыг бууруулах арга хэмжээг авч байна.

  • Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлж, гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, хүнсний импортын хэмжээг бууруулж, иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

  • Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын Засгийн газраас олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

  • Мөн иргэний нисэхийн үйлчилгээнд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлж, навигацийн орлогын өсөлтийг хангаж байна.

УИХ-ын чуулган гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилж байна.

13 : 28
2018-10-12

Ё.Баатарбилэг: МИАТ зургаахан онгоцтой, 900 ажилтантай байх нь шударга уу?

УИХ-ын чуулганаар Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлахаар хэлэлцэж, батлав.

Хуралдаанд оролцож буй гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Иргэний нисэхийн салбар сүүлийн 20 жил ухарч байна. монгол улс бүх аймаг руу нислэгтэй. Тийзний үнэ амьжиргааны түвшинд тохирч байсан. Гэтэл одоо хумигдсаар байгаад ганц компани зургаан онгоцтой. Одоо МИАТ-ын нислэг байнга хоцордог. Очсон газартаа хамгийн мухрын, хамгийн даржин зогсоол дээр зогсдог. Дээр нь маш үнэтэй. Билет олдохгүй байна уу гэхээр хоосон нисээд байдаг.  Тэгсэн атал шинэ онгоц явдаггүй. Дандаа гаднаас түрээсэлж байгаа хуучин, тоос шороондоо дарагдсан онгоц МИАТ-ын үндсэн нислэг хийгээд байдаг. Нөгөө шинэ онгоц нь яасан гээд асуухаар гадныхан түрээсэлж байгаа гэдэг. Өнөөдөр ийм байдалтай байна. МИАТ үнэхээр дампуурах гээд байгаа юм уу гэхээр эдийн засгаа сайжруулах тал дээр юу ч хийдэггүй. Зургаан онгоцтой ийм газар 30—400 хүн ажиллаж байвал болдог юм байна лээ. Гэтэл 800,900 хүн ажиллаж байна. Асар олон дарга, хурган дарга, ажилчдын цалинд хамаг зардал нь явчихдаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ.

Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар:

-Өөрчлөх хийх шаардлагатай ажил байна. Орон нутгийн нислэг, ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлэх ёстой. Ингэж байж аялал жуулчлал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна. Өнгөрсөн жил хоёр аймагт татаас өгсөн. Хоёр аймгийн нислэг тогтворжиж байгаа. Ирэх онд дахин хоёр аймагт татаас өгнө. Компанийн засаглалтын сайжруулах чиглэлээр МИАТ-ын удирдлагуудыг хүлээж авч уулзсан. Ер нь бол төсөв зардлаа танах чиглэлээр ажиллаж байгаа юм байна лээ. Ирэх жил “Боинг-737 Макс 8” загварын хоёр шинэ хөлөг ирнэ. Ирэх жилээс иргэний агаарын тээврийг шинэчлэх, зарим чиглэлийн зах зээлийг нээлттэй болгох шийдвэр хэрэгжинэ. Энэ хүрээнд ялангуяа нислэгийн оргил ачааллын үед хэрхэн зохицуулах талаар бодох хэрэгтэй. Өнөөдөр Сөүл хот руу оргил ачааллын үед 1,2 сая төгрөгөөр тийз олдохгүй  байна. Оргил ачааллын үед хамгийн хямд билет 238 ам.доллараар гардаг болно.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Энэ хэлэлцээрт нэгдсэн орсноор Монгол Улс худалдаж авсан онгоцоо өөрийн нэр дээр бүртгэх боломж бүрдэж байгаа нь сайшаалтай. Одоо бол Ирланд, АНУ-д бүртгэлтэй явдаг. Өөр улсад бүртгүүлэхэд өндөр төлбөр төлдөг гэж би сонсож байсан.  Энэ хэлэлцээрт нэгдсэн орсноос компанийн зардал хэрхэн буурах вэ?

Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар:

-МИАТ-ын худалдаж авсан онгоцыг нэр дээр авах асуудал 2008 оноос зохицуулагдаад явж байгаа. Харин өнөөдрийн яригдаж байгаа хэлэлцээрт нэгдэж орсноор эд ангийг гаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлүүлэх зохицуулалт эдлэх боломжтой болно.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Бид дэлхийн бусад улсаас өндөр үнээр нисч байна. Та сая Сөүл орох билет 238 ам.доллар гэж байх шиг байна. Яг одоо утсаар асуухад 1,8 сая төгрөг гэж байна. Хэнд 1,2 сая төгрөгөөр зардаг юм бол. Та утсаар асуугаад үз дээ. Танд өөр хариулт өгч магадгүй юм. 1,8 сая төгрөг гэдэг бол дунджаар 700 ам.доллартай тэнцэнэ. Солонгосын компани Монголд орж ирэх гэж уралддаг. Угтаа бол ирж очих билетийн үнэ 200 ам.доллар юм байна лээ. Гэтэл 3,5 дахин үнэтэй байна. Харамсалтай нь үндэсний нэг компани тэжээнэ гээд өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн. Гарч ирж байгаа сайд болгон нэг юм ярьдаг. Би Я.Содбаатар сайдын хариултыг бараг мэдэж байна. Солонгос, Хятад руу нисэхдээ хоол идэхгүй байвал хэдэн төгрөгөөр нисэх вэ?

Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар:

-Ж.Ганбаатар гишүүн хариултыг нь би мэднэ гэж байна. Гэтэл би анх удаа хариулах гэж байна шдээ. Нислэгийн үнийг буулгахын төлөө ажиллаж байгаа. Үүний тулд ажлын хэсэг гараад, тийзний үнэд нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж байна. Олон шалтгаан бий. Тухайлбал, шатахууны үнэ 27 хувиар нөлөөлж байна. Энэ 27 хувийг яаж бууруулах вэ. Өнөөдөр далавчийг цэнэглэж байгаа 1 тонн шатахууны үнийг яаж бууруулах вэ гэдэг чухал. Солонгос улстай агаарын хэлэлцээрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Энэ асуудлаар Иргэний агаарын тээврийн захирал Солонгосыг зорьсон. Гуравдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл зуны нислэг нисдэг. Энэ үеэр тийзний үнэ өсдөг. Энэ нөхцөлийг олон талаас нь судалж байна.

Ажлын хэсгийн төлөөлөгч:

-Хоолны үнийг хасахад 9-13 ам.доллар байдаг. Энэ үнэ хасагдана. МИАТ-ын тийзний дундаж тариф 915 мянган төгрөг. Korea air 1 сая 90 мянган төгрөг байдаг. Өнөөдөр зах зээлд нийлүүлэгдэж байгаа МИАТ-ын тийзний үнэ бусад компанийн тийзний үнээс 50-60 ам.доллар хямд байдаг.

Үүгээр УИХ-ын үдээс өмнөх чуулган түр завсарлаж байна.

12 : 19
2018-10-12

Х.Баттулга: АТГ ажлаа хийхгүй байна

battulga (1)

УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, ирэх оны төсвийн талаар өөрийн санал дүгнэлтээ танилцуулав. Түүний хэлсэн үгийг ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу. 

Ерөнхийлөгч Х.Баттулга “2019 оны төсвийн төсөл ихээхэн шүүмжлэл хүлээхээр муу боловсруулсан байна. Төсөв боловсруулсан хүмүүс нь илт ашиг сонирхлын зөрчилтэй байгаа нь харагдаж байна. Тухайлбал, Сангийн сайд өөрийнхөө тойрогт ихээхэн хэмжээний төсөв суулгасан байна. Эдийн засгийн үзүүлэлтээ тогтож харвал сайжирсан зүйл огт байхгүй. Инфляци 8.8 хувь болж өсжээ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 602 төгрөгөөр сулраад байна. Бензиний үнэ 19-30 хувь өсчихөөд байхад Засгийн газар хариу үйлдэл үзүүлэх чадваргүй сууж байна. Сүүлийн хоёр жилд улсын нийт өр нэмэгдсэн байна. Одоо 21.1 их наяд төгрөгийн өртэй байна. Өр нэмж авахгүй, зээл авахгүй гэж байсан эрх баригчид өрийг нэмэгдүүлсэн байж өр дарлаа гэж ярьж байгааг би ойлгохгүй байна. Дээр нь дэлхийн эдийн засаг том хямралтай нүүр тулж магадгүй байна. Засгийн газрын төсвийг алдагдалтай төлөвлөсөөр өр их хэмжээгээр нэмэгдлээ. Алдагдал бол өр юм. Төв банкны үнэт цаасны өрийн үлдэгдэл ихэслээ. Өнөөдөр төв банк 4 их наяд 276 тэрбум төгрөгийн өртэй байгаагаас дотоод өр ямар их байгааг харж болно” хэмээн шүүмжилсэн юм.

Тэрбээр үргэлжлүүлэн “Авлигатай тэмцэх газрын урсгал зардалд 12 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ байгууллага оффшор дахь хөрөнгийг оруулж ирэх, үндэслэлгүйгээр баяжсан хүмүүстэй тэмцэхийн оронд сургуулийн захирлуудтай тэмцээд эхэллээ. Ажлаа хийдэггүй энэ байгууллагыг санхүүжүүлэх хэрэг байна уу?” гэж УИХ-ын гишүүдээс асууж байлаа. 

Цааш нь "Миний бие Монгол Улсад тогтолцооны шинэчлэл хийх шаардлага тулгараад байгааг сануулсан билээ. Харамсалтай нь, Засгийн газраас өргөн гарсан төсвөөс шинэчлэл харагдахгүй байна" гээд “Эрхэм гишүүд та бүхэн 2019 оны төсвийг ахин нягталж харахыг хүсье. Ирэх жилийн төсөвд үндэсний эрх ашгийг хангасан, шинэчлэл хийсэн төсөв хийхийг хүсье. Сүүлийн жилүүдэд баталсан төсвөө байнга тотгодгоо болих цаг ирсэн байна. УИХ улс орны нийтлэг эрх ашгийг хангаж ажиллахыг сануулж байна. Хэрэв 2019 оны төсвийг энэ байдлаар нь баталвал нийт ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүнийхувьд уг төсөвд хориг тавих болно. Өнөө орой 18:00 цагаас 2018 оны төсвийн талаар Үндэсний аюулгүй байдлын хурлыг зарлаж байна” гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга дүгнэлтээ танилцуулсны дараа УИХ-ын чуулганаар Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлахаар хэлэлцэж эхлэв.

Монгол Улсад 34 хөлөг агаарын тээврийн үйл ажиллагаа явуулж байна. Үүний 19 нь зорчигч тээврийн чиглэлээр зарцуулагдаж байна.  “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орсноор агаарын хөлөг түүний сэлбэг тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хөгжихөд түлхэж болно гэж Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар танилцуулав.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

10 : 38
2018-10-12

Чуулган: Монгол Улс 84,4 сая толгой малтай болсон

chuulgan (1)

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.12/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлэв.

Хуулийн төслийн талаар гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Монгол Улс хэдэн мянган жил үндэсний баялаг дээр тулгуурлаж, эдийн засгийн эргэлтээ зохицуулж ирсэн. Гэтэл зах зээлд шилжсэн сүүлийн 20 жилд төр бодлогоор зохицуулаагүйн үр дүнд үндэсний баялаг хог дээр хаягдах дээрээ тулаад байна. Малын тоо толгойн өсөлт нь борлуулалтаас хэдэн зуу дахин давж байна. Өнгөрсөн онд 14 сая толгой мал эргэлтэд орсон. Гэтэл 20 гаруй сая төл мал хүлээж авсан. Одоо байгаа малчдын нас нь ахисан. Цаашид малчидгүй болчихвол үндэсний баялаг үгүй болох эрсдэлтэй. Мал маллах тийм амар зүйл биш.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг:

-Сүүлийн жилүүдэд төр засгийн бодлого олон малтай болоход чиглэж байсан. Монгол мал 66,2 сая толгойд хүрсэн. Энэ жил 18 сая толгой төл хүлээж авсан. Энэ өвөл 84,4 сая толгой мал өвөлжиж байна. Тэгэхээр бид нэмүүн өртөг шингээж экспортлохын тулд  энэ хуулийг боловсруулсан. Монгол Улс 168 мянган малчин өрх, 350 мянган малчинтай. Энэ жил 15 сая толгой мал эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөөтэй байна. Цаашид энэ тоог нэмэх шаардлага байгаа. Үнэхээр бид малын тоонд биш чанарт анхаарах цаг болсон. Үүний тулд л дээрх хуулийг боловсруулаад байгаа юм.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Өнгөрсөн жил 20 мянган тонн мах экспортод гаргасан бол энэ жил 50 орчим мянган тонн мах экспортод гарах боломж харагдаж байна. Хуулийн төслийн танилцуулга дээрээс харахад өмнөх батлагдсан мал, амьтны хуулиуд амжилттай хэрэгжиж байна гэж бичжээ. Гэтэл яагаад бодит үр дүн гарахгүй байна вэ. Өнөөдөр махны үйлдвэр олон аймагт байгуулагдаж, Хятад, Хонконг, Иран руу мах гаргаж байна. Гэтэл экспортолж байгаа хүмүүс нь цүнх дүүрэн мөнгө барьсан Хятад, Иран, Хонконг хүмүүс байдаг. Монголчууд өөрсдөө бэлтгэн нийлүүлэлт хийхээс цааш хэтрэхгүй байна.

Энэ зун Дорнод аймгаас илүү нугаламтай хурга авч, Ховд аймагт маллах гэтэл мэргэжлийн хяналт, орон нутгийн байцаагч нар нь бөөн хүнд суртал. Маш их дарамт шахалт, шалгалт хяналт, шинжилгээ гээд мал авч очсоноос илүү зардал чирэгдэл болж байна. УИХ-ын гишүүн хүнд ийм их хүнд суртал ирж байхад жирийн малчин бүр ч илүү дарамт ирдэг байх. Шинэ хууль батлаад, аймаг сум бүр мал эмнэлэгтэй болсон нь хаана байна вэ. Бөөн дарамт шахалт үзүүлдэг хүмүүстэй болсон байна шдээ. Ийм байдалд анхаарахгүй бол энэ хууль эхнээсээ буруу хэрэгжих гээд байна шүү.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Мал амьтны халдварт өвчин гарсан үед улсаас бүх зардлыг нь тооцоод, улсын асуудал болгодог. Гэтэл ямар үндэслэлээр ард түмнээс 1000 төгрөг аваад байгаа юм бэ. Олон нийтэд үүнийг мэдээлэх хэрэгтэй. Энэ сайн дурын үйлдлээ болих хэрэгтэй. Хуульд нийцэхгүй, хууль зөрчсөн үйлдэл шүү.

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлээд хуулийн төслийг дэмжив.

Дараа нь Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс авсан завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусч, төсвийн төслийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж