Ж.Оюунцэцэг гэхээр “Үүлэн бор”, “Буратино”, “Санниковын газар”, Хоббит” зэрэг ном бүтээлүүд нь та бүхэнд танил дотно байгаа байх. Мөн түүний үгийг нь бичсэн “Орчлонгийн сайхан хүүхнүүд” дууг андахгүй. Энэ удаа түүний шинэ оны өмнөхөн хэвлүүлсэн “Хөршүүд” – Америкийн яруу найргаас орчуулсан түүврээс нэгэн шүлгийг өөрийнх нь зөвшөөрлөөр толилуулж байна. Энэхүү орчуулгийн бүтээлээрээ 2014 оны "Алтан Өд" шагналыг хүртсэн байна.
Маяа Анжелоу, 1928-2014
ГАЙХАМШИГТ БҮСГҮЙ
Загвар өмсөгч шиг гоолиг бишээ,
Засаж будмааргүй хөөрхөн бишээ.
Тэгсэн мөртлөө хүнийг сэтгэлийг татдаг
Тэр нууцыг минь хүүхнүүд сонирхох юм.
Үнэнээ хэлье,та нарт.
Үнэмшинэ үү, байна уу, өөрсдөө мэд.
Дэлгэж алдалсан гаранд минь
Дэлбээ мэт ташаанд минь
Уран гишгэдэлтэй алхаанд минь
Уруулын минь энхрийхэн угалзанд
Уяруулан татах хүч байгаа юм шүү.
Би бүсгүй хүн.
Би гайхамшигтай бүсгүй хүн.
Дэндүү гайхамшигтай бүсгүй
Дэргэд чинь зогсож байна шүү.
Танхимд би гунхалзаад л орно.
Та бүхэн,цугласан эрчүүд шагширна.
Зөнгөөрөө намайг бүчээд л
Зөгий мэт дүнгэнэцгээнэ.
Энэ их хүндлэлийн учрыг би хэлье.
Энэ бол алаг нүдний минь гал цог.
Аянга цахих шиг шүдний минь гялбаа.
Хөвчрөх бэлхүүсний минь уян нугараа
Хөлний минь хөнгөн бүжиг шүү.
Би бүсгүй хүн.
Би гайхамшигтай бүсгүй хүн.
Дэндүү гайхамшигтай бүсгүй хүн.
Дэргэд чинь зогсож байна шүү.
Харчууд намайг хараад л,
Харцаа салгахгүй дагаад л,
Олныг ойлгохыг хичээгээд л,
Ойртож чадахгүй дөлөөд л,
Доторхи нууцаа дэлгэх гэхээр
Догдлоод байдгийн учгийг тайлая.
Цэмцэн цэх нуруу минь
Цэлмэн гийгүүлэх инээмсэглэл минь
Хөвхөгөр төвхөгөр хөх минь
Хөнгөн зөөлөн яриа минь
Хүмүүсийг татах миний нууц шүү.
Би бүсгүй хүн.
Би гайхамшигтай бүсгүй хүн.
Дэндүү гайхамшигтай бүсгүй хүн.
Дэргэд чинь зогсож байна шүү.
Одоо та нар минь ойлгов уу.
Орилж дэвхрэхийн хэрэг байхгүй.
Орь дуу тавин хашгираад ч нэмэргүй.
Тэргүүнээ ,зөвхөн цэх өргөөд л
Тэнүүн тайвуухан алхдаг юм.
Товшин товших өсгийгөөрөө
Тойрон мушгирах үс гэзгээрээ
Навчин цацраг шиг алгаараа
Надаас хүсдэг тус дэмээрээ
Хүний сэтгэлийг татдаг юм даа.
Хүндлэл хайрыг хүртдэг юм даа.
Би бүсгүй хүн.
Би гайхамшигтай бүсгүй хүн.
Дэндүү гайхамшигтай бүсгүй хүн.
Дэргэд чинь зогсож байна шүү.
(Орчуулсан ЖАМСРАНДОРЖИЙН ОЮУНЦЭЦЭГ.)
Ж.Оюунцэцэгийн орчуулсан номын жагсаалт.
1.Ж.Р.Р. Толкин. ХОББИТ.
2.В.А. Обручёв. САННИКОВЫН ГАЗАР.
3.А.К.Толстой. ИНЖЕНЕР ГАРИНЫ СҮЙРЭЛ.
4.А.К.Толстой. БУРАТИНО.
5.Е.Сегал ХҮН ЯАЖ ХҮН БОЛСОН БЭ?
6. ЧОНЫН СҮРЭГ.
7. Орос ардын шидэт үлгэрийн түүвэр ҮҮЛЭН БОР.
8.Украйн Белорус ардын үлгэрүүд НИСДЭГ ХӨЛӨГ.
9.Дундад Ази ба Казак ардын үлгэрүүд
10. Өвөр кавказын үндэстнүүдийн үлгэрүүд
11.Балтийн тэнгис орчмын үндэстнүүдийн үлгэрүүд.
12. Оросын үндэстнүүдийн үлгэрүүд
13. Япон ардын үлгэрүүд.
14. Оросын зохиолчдын үлгэрийн түүвэр. УЛААХАН ЦЭЦЭГ.
15. Орос ардын үлгэрүүд ОРОС ҮЛГЭРҮҮД.
16. Америкийн яруу найргийн түүвэр – Хөршүүд гэх мэтийн яруу найраг, үлгэр домог болон хүүхдийн танин мэдэхүйн 30 -аад ном орчуулсан.