Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл нь эдийн засгийн өсөлтийг бий болгох санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлсэн бол 2019 онд эдийн засгийн идэвхжил бий болсонтой холбогдуулж бизнесийн өсөлтийг дэмжих бодлогын баримт бичгийг боловсруулаад бaйна.
“Мөнгөний бодлогын 2019 оны үндсэн чиглэл”-ийн төсөлд санал авах хэлэлцүүлэг нь макро эдийн засгийн суурь хүчин зүйлсэд тулгуурлан мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсруулдгийг олон нийтэд ойлгуулан тайлбарлаж, бодлогын саналуудыг хэлэлцэж, судлаач эдийн засагч нарын саналыг цаашдын үйл ажиллагаандаа тусгахыг зорив.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлд эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт ажиглагдаж буй сэргэлтийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, мэдээллийн технологийн болон тогтвортой санхүүжилтийн сайн туршлагыг нэвтрүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр санхүүгийн зах зээлийн хөгжлийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Хэлэлцүүлгийг нээж Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг үг хэллээ. Мөн хэлэлцүүлгийн үеэр Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Макро эдийн засгийн төлөв байдал, эдийн засагт бий болсон эерэг өөрчлөлтүүд болон цаашдын сорилт” гэсэн сэдвээр, Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл “Мөнгөний бодлогын 2019 оны үндсэн чиглэл”-ийн төслийн талаар тус тус танилцуулга хийв.
Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт өнгөрсөн жилүүдэд тулгарсан олон хүнд сорилтын дийлэнхийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал бэхжиж, ойрын ирээдүйн төлөв сайжирч байна. Гэсэн хэдий ч дунд, урт хугацаанд эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй улсын секторын өрийн дарамтыг бууруулах, гадаад өрийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, гадаад валютын нөөцийг зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг улам сайжруулах шаардлагатай байна.
“Мөнгөний бодлогын 2019 оны үндсэн чиглэл”-ийн төсөлд санал авах хэлэлцүүлгийн үеэр судлаач, эдийн засагчид, сэтгүүлчдийн тавьсан асуултанд Монголбанкны удирдлагууд нээлттэй дэлгэрэнгүй хариулж, хэлэлцүүлгийн үр дүнгээс гарсан чухал санал хүсэлтийг цаашид тусгах юм.
Тус хэлэлцүүлэгт судлаачид, эдийн засагчид, арилжааны банкны удирдлагууд, сэтгүүлчид нар өргөн хүрээнд идэвхтэй оролцлоо.
Эх сурвалж: МОНГОЛБАНК
Холбоотой мэдээ