Хоёр жилийн өмнө Францад суугаа миний анд Н.Жагдаг лам Р.Чойномын зурсан гэх Ноён хутагтын батиарыг илгээсэн юм. Захиаг задалбал: “Манай нутгийн авьяастан Р.Чойномын 1975 онд Хэнтийн музейн эрхлэгч П.Жүгдэржавт зурж өгсөн зургийг би фотогоор татаж авснаа илгээв. Зураач маань юмыг хараад ч сайн зурах, санаад ч сайн зурж чадах дэндүү гоц авьяастан байсан болохоор чухам хэрхэн сэдэж зурсаныг би мэдэхгүй юм. Гээд тун өвөрмөц зурсан байгаа юм. Өөрийг чинь Данзанравжаагийн роман бичиж дуусч байгаа болохоор зайлшгүй сонирхох болов уу хэмээн явуулав” гэж бичээд дотор нь гэрэл зургийг нямбайлан дугтуйлаад илгээсэн байв. Бүтээл туурвилд маань даган баясан, урам зориг өгч байдаг уншигчдын маань нэгэн, олон жилийн анд нөхөр Н.Жагдагийнхаа илгээсэн захиа зургийг хирдээ нандигнаж, өөр бусад мэдээ занги олдох болов уу хэмээн хүлээсээр суутал гурав дахь өвлийн цас дөрвөн уулыг даржээ.
Бараг тэр цаг үед шиг санагдана. “Үнэн” сонинд төрийн шагналт Б.Догмидын бичсэн “Ноён хутагтын хөргийг хэн анх зурсан бэ” гэсэн гарчигтай нийтлэл гарсан юм. Б.Догмидын бичсэнээр ахмад зураач Уушийн Чимэддорж 1970-аад оны эхээр Говийн тавдугаар Ноён хутагтын батиарыг айлаас авч нэгэн зураг зурсан нь хожмоо “Монголын уран зохиолын тойм” номд хэвлэгдсэн түүхтэй ажгуу. Харин зураач У.Чимиддорж гуай нэгэн эмгэнээс харж зураад буцаад өгье хэмээн авсан Данзанравжаа хутагтын гэх эх батиарыг салхинд хийсгэн алга болгосон тухайгаа Б.Догмидод харуусан ярьсан юм байна. Гэтэл аз болоход мөнөөх салхинд хийсгэсэн гэх батиар байж болох гэрэл зураг өөр нэг айлаас олдсон нь эдүгээ зохиолч зураач Г.Цагаандэрэмд хадгалагдаж буй ажээ. Уг батиар эдүгээ Сайншанд хотод сүндэрлэж буй Говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн хөшөөний эх болсон байна. Гэхдээ энэ батиар мөнөөх салхинд хийсгэсэн гэх тэр шүтээн мөн ч байж магадгүй, биш ч байж магадгүй. Биш гэж үзвэл Равжаагийн хоёр ч эх хөрөг үлдсэн байх магадлалтай. Хөшөө болсон батиар, Р.Чойномын зурсан хөрөг дэх царай төрхийг сайтар ажвал төс байх шиг санагдана.
Одоо Р.Чойномын зурсан ноён хутагтын зургийн тухайд хэдэн үг хэлье. Н.Жагдаг андын бичсэнээс үзвэл Р.Чойном Данзанравжаа хутагтын хөргийг зурсан цаг үе нь 1970-аад оны эхэн байгаа нь, мөнөөх У.Чимэддорж, яруу найрагч Р.Чойном хоёр нэгэн цаг үед, нэгэн батиараас эх авч зурсан юм биш байгаа гэх зөн совин татаад байна. Данзанравжаа хутагт батиараа татуулсан байх магадлалын хувьд бол эргэлзээд байх зүйл үгүй. Ард түмэн хэмээх агуу их ой санамжийн ай сав дотор ерөөл тавилангаараа гэгээн хутагтын хөрөг дүр гэрэл зургийн уг сурвалжаараа үлдсэн л байх учиртай хэмээх горьдлого хүн бүхэнд байдаг нь заавал нэг учиртай. Би бээр үүнийг бичихдээ Ноён хутагтын хөргийн анхдагч зураач нь хэн бэ гэдгийг тодруулах зорилго тавиагүй гэдгээ өчсү.
Саяхан би номын сангаа онгичиж байгаад эрдэмтэн зохиолч Л.Дашнямын эрхлэн хэвлүүлсэн “Ноён хутагтын сургаалын хураангуй ачлал” хэмээх 2003 оны бэсрэг номын эхэнд бас нэгэн Данзанравжаагийн хөрөг байхыг үзээд догдлон харваас Н.Жагдагаас ирсэн зурагтай яах аргагүй нэгэн цаг үед бүтээгдсэн байх гэмээр, гэхдээ хутагтыг зүүн тийш нь жишүү талаас нь зурсан нэгэн зураг байвай. Булан дээр нь 24/III-73 Р.Чойном Д.Равжаа хутагт гэсэн байв. Бас л нэг эхээс зурсан баймаар харагдана. Найзаас ирсэн зургийн улбаагаар гэлдрээд гавьтай юм олж чадаагүй ч Р.Чойном, У.Чимиддорж хэмээх хоёр авьяастан огт санаандгүйгээр нэгэн цаг үед нэгэн төс бүхий Равжааг бүтээхдээ, нэгэн эх батиарыг үзсэн байх гэсэн санааг дэвшүүлж байгаа болно. Их найрагч Р.Чойномын “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд хэлэхдээ “Хэнтий аймгийн музейд Р.Чойномын зурсан Данзанравжаа, Инжиннаши, Ц.Дамдинсүрэн гурвын хөрөг буй. Равжаагийн хөргөөс татсан гэрэл зураг нь манай санд буй” гэв. Н.Жагдагийн илгээсэн батиар “Өд” сангийнхтай таарч байна. Иймд Р.Чойномын зурсан Ноён хутагтын хөрөг гэдэг нь эргэлзээгүй байна.
Дашрамд дурдахад Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн аж ахуйн малчин Баярсайхан гэгч хүн 1991 онд үзэсгэлэнгийн үеэр Г.Цагаандэрэмтэй уулзахдаа Данзанравжаагийн нэг зураг манайд буй гэж ярьсан тухай аман мэдээ буй. Гучаад жил өнгөрчихөж. Гэхдээ юмыг яаж мэдэхэв, ард түмэн юуг ч мартдаггүй юм. Сураг ажиг гараад ирж юу магад хэмээн даграмд дурдвай.
Ард түмний ой санамж, түүхийн зөн билигт итгэл өгч хүлээсү.
Зохиолч Г.МЭНД-ООЁО
2015.01.02