Хэнтий аймгийн 42-дугаар тойргийн иргэд төрд төлөөлөлгүй болоод багагүй хугацаа өнгөрч байна. Угтаа Үндсэн хуулийн Цэц гомдол гаргасан иргэний талд шийдвэр гаргаагүй байсан бол энэ аравдугаар сард Хэнтий аймгийн тус тойрогт нөхөн сонгууль болох байлаа. Энэ нөхөн сонгуульд улс төрийн 13 нам оролцохоор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлээд байсан ч УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах УИХ-ын тогтоолыг Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж ирэх оны зургадугаар сар хүртэл хойшлуулсан нь өнөөдөр хуулийн мухардалд орж болзошгүй байдалд байна.
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 10 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Гишүүдийн олонх нь УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, “Цэцийн шийдвэр өөрөө захиалгатай харагдаж байна. Ард түмний сонгох, сонгогдох эрхийг үгүйсгэж байгаа шийдвэрийг УИХ ч хүлээж авахгүй байх хэрэгтэй. Цэц олон захиалгат шийдвэр гаргах боллоо. Монголын улс төрийн систем дампуурсны илрэл” гэж үзээд хүлээж авахаас татгалзсан юм.
Ингэснээр УИХ-ын шийдвэрийг Цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцэх учиртай. Цэц УИХ-ын шийдвэрийг хүлээн авч болно, хэрэв хүлээн авахгүй бол хуулийг хүчингүй болгоно. Тийм нөхцөлд УИХ хуулиа өөрчилнө. Хуульдаа өөрчлөлт оруулсны дараа нөхөн сонгуулийн асуудал яригдана.
УИХ-ын чуулганы үеэр С.Эрдэнэ нөхөн сонгууль болох хуулийн хугацаа нь боломжгүй болох вий гэдгийг сануулж тэрбээр “МАН Хэнтий аймгийн нөхөн сонгуулиас ихэд болгоомжилж байгаа. Ний нуугүй хэлэхэд, МАН айсан. Эх баригчид Үндсэн хуулийн Цэцийг өмнөө барьж өөрийнхөө хүмүүсээр төлөөлүүлэн асуудал тавьж нөхөн сонгуулийг зориуд хойшлуулж гацаасан. Одоо үлдсэн хугацаанд нөхөн сонгууль багтаж амжихааргүй боллоо. Зургаан сарын гурав дахь долоо хоног буюу Сонгуулийн тухай хуульд нэг жилийн өмнө аливаа нөхөн сонгууль явагдана, жилээс дотогш бол нөхөн сонгууль явуулж болохгүй гэсэн хуулийн заалттай. Энэ рүү орчихож байгаа юм биш үү гэсэн болгоомжлол байгаа юм. Тиймээс сонгуулийн хуульдаа хуулийн хугацааг нь өөрчлөөд Хэнтий аймгийн 42-дугаар тойргийн сонгуулийг явуулж сонгогч иргэдийн эрхийг хангамаар байна” гэдгийг эрх баригчдад хаягласан.
Яах ч аргагүй сүүлийн үед УИХ-аас гарсан шийдвэр Цэц дээр унадаг, дээд шүүх шууд хүчингүй болгодог, хэрэгжилтийг нь зогсоодог явдал хэрээс хэтэрлээ гэдгийг олон нийт ч хэлдэг. Нөгөө талаас аль нэг улс төрийн хүчин өөрт халтай хуулийг заалтыг хүчээр ч гэсэн саармагжуулж, Цэцээр хэлэлцүүлэхэд хүргэж цаг хугацаа хожих болсон нь туйлын үнэн. Энэ байдал нөхөн сонгуулийг гацаасан байдлаас шууд харагдаж байгаа юм. Хэнтий аймгийн 10 гаруй мянган сонгогчдын эрх ашиг цаашид хэрхэх вэ гэдгийг Цэц их суудлын хуралдаанаараа тун удахгүй гаргах биз ээ.