МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНЧУ-д хийх айлчлалд зориулав.
Европ дахь ойрын анд БНЧУ-тай харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн учир
Монгол-Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохионо. Монгол Улс Чехословак (БНСЧСУ) улсуудын харилцаа,хамтын ажиллагаа нь 1990 он хүртэл ЗХУ-ын удаад орохуйцаар өргөн далайцтай, үр өгөөжтэй байсан. Энэ хэрээрээ Чех улс нь Монгол улсын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан гэж үзэх үндэс бий. Учир нь 1990 он хүртэл Монголын сааль үнээ болж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн байгуулах суурийг Монгол,Чехийн геологичид тавьсан. Тэд Эрдэнэтийн овоогийн зэсийн ордыг нээж, нөөцийг анхлан тогтоосон түүхтэй.
Монгол Улсад гутал, шевроны үйлдврийг БНСЧСУ байгуулж өгсөн нь монголчууд олон жил дотоодын бүтээгдэхүүнээр гутал, савхин хувцасны хэрэгцээгээ хангаж ирсэн төдийгүй гадаадад ч гаргадаг байв. Хожим нь энэ чиглэлийн / шевро,савхи,гутал г.м./ цөөнгүй үйлдвэр хөгжих, үүнийг дагаад олон зуун ажилчин, мэргэжилтэнүүд бүрэлдэн бий болох эхлэлийг тавьсан. Үйлдврийн ажилчин мянга шахам залуус Чехт ирж мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэхийн сацуу европ соёл иргэншлээс суралцаж байсан он жилүүд бол 1970,80,90-ээд онууд байв…
2000 он хүртэл нийслэл Улаанбаатарын нийтийн тээвэрт Чехийн Красо автобус голлон явж, Монголын нөхцөлд тохирсон, тохилог, чанартай зэргээрээ зорчигч олны талархалыг хүлээдэг байв.
Монгол улсын боловсрол, соёлын хөгжилд Чехословак улс их тусласан. Тухайн үедээ ЗХУ-ын дараа орохуйцаар олон оюутаныг МУ-аас олон жил авч сургасан. Энэ утгаараа Монгол улсад оюуны потенциал бүрэлдэх, европ соёл, ахуй нэвтрэн Улаанбаатар тухайн үеийн Европ загвараар хотжиход ЗХУ-аас гадна зүүн Европ, тэр дундаа БНСЧСУ өөрийн үүргээ гүйцэтгэсэн.
Дэлхийн соёлын өвд зүй ёсоор байр сууриа эзлэх болсон (ЮНЕСКО-д бүртгэгдэн) Хөлтүгэн хааны дурсгалыг нээж илрүүлэхэд анхны малтлагыг Хар хоринд Чехийн археологчид хийсний ач тусыг монголчууд үнэлж ирсэн.
Өнөөдрийг хүртэл монгол судлалыг хөхиүлэн дэмжиж хөгжүүлж ирсний үрээр Чехийн монгол судлаачид Европтоо судалгааны далайц, чанар чансаагаараа дээгүүр орж байна.Дэлхийн хамгийн эртний дээд сургуулийн нэг болох Карлын их сургууль өнөө хүртэл монгол судлалыг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж ирлээ.
Монголын хүн амын 50 илүү хувь сууж буй Улаанбаатарчууд төдийгүй орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн манаанд Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ 40 шахам жил найдвартай үйлчилж ирлээ. 1970-аад онд чехүүд энэ эмнэлэгийн барилгыг барьж, өнөө хүртэл ажиллаж буй тоног төхөөрөмжүүдийг нь тус улсаас нийлүүлсэн байдаг.Энэ утгаараа эрүүл мэндийн салбарт гүйцэтгэсэн үүргийг нь үнэлэх ёстой. Прага хотын Хомолка эмнэлэг манай УНТЭ-тэй өнөө хүртэл хэлхээ холбоотой бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байдаг.
Зүүн Европын орнууд бараг бүгдээр Улаанбаатар дахь ЭСЯ-даа хааж Бээжингээс хавсрах болсон сүүлийн 20 шахам жилд ганц БНЧУ л зангаа хувиргалгүй өдий хүрч ирсэн төдийгүй Европ, Шенгений бүсийн 10 шахам орныг төлөөлөн, Улаанбаатарт виз олгож Европ руу зорчих үүд хаалга нь болж байна. ХБНГУ-ын ЭСЯ-ыг эс тооцвол Европ руу гарах визийг БНЧУ-ын ЭСЯ ганцаар олгож ирсэн нь манай олон зуун иргэдийн Бээжин, гуравдахь улс орон луу явах цаг, чирэгдэл, зардлыг хэмнэж байна.
Улс орны эдийн засаг хүнд байсан жилүүдэд манай улсаас олон мянган ажилчин хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулж байсан Европын хуруу дарам орны нэг нь БНЧУ билээ. 2000 оны эхээр Чехт манай ажилчид 15 мянгад хүрч байсан удаатай. Өнөөдөр 5 мянга гаруй монгол ажилчид Европын холбооны иргэний нэгэн адил эрх эдлэн БНЧУ-д хөдөлмөрийн үр шимээ хүртэж сууна. Ийнхүү монголчууд гэр бүл, үр хүүхдийнхээ хамт удаан хугацааны визтэйгээр, сэтгэл өег, хууль ёсоор аж төрөх боломж олгосон улс Европт БНЧУ-аас өөр орон үгүй билээ.
Социалист систем задрахад Чех улс манай улсыг Дорнод Европын бусад орны адил орхилгүй, харилцаандаа үнэнч байснаар барахгүй 1990 он хүртэл Монголд эзэлж байсан өөрийн нөлөө, орон зайгаа хадгалж цаашид хөгжүүлэхийн төлөө эрмэлзэж ирсэн.
ЕХ-нд нэгдсэн Зүүн Европын орнууд дотроос хөгжлийн тусламжаа олон жилийн турш манайд тогтвортой үзүүлж ирсэн ганц орон бол БНЧУ. Энэ тусламжаа усны хайгууль, геологи г.м. манай амин чухаг салбаруудад чиглүүлж ирсэн ба үр өгөөж нь сайн байгааг цохон хэлэх байна. Монголд ховордож үгүй болоод нэлээд удаж байсан тахийг энэ тусламжийн хүрээнд Прагийн амьтны хүрээлэн Говь Алтайн Тахийн талд авчирч нутагшуулах төслийг 2011 оноос хойш амжиллтай хэрэгжүүлж ирлээ. 2014 онд гэхэд 4 тахь авчирсан бөгөөд нийтдээ чех угшилтай 10 гаруй тахь онгон байгальдаа идээшин, үр төл нь үржин нэмэгдэж байна.
Монгол Улс ЕХ-той хэлхээ тогтоон ойртож, түүнээс улс төр,эдийн засаг,хүмүүнлэг гэхчлэн дэмжлэг авахад БНЧУ тууштай тусалж дэмжиж ирсэн. “Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын холбооны хоорондын хэлэлцээр/PCA-Partnership and Cooperation Agreement/”-ийг Чехийн парламентаар батлуулах дотоод процедурын ажил эцэслэгдэж буй бөгөөд онд багтаж батлах төлөвтэй байна. Чингэснээрээ Монгол улс-ЕХ-ны хоорондын түншлэлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд батлагдахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах юм. Мөн Монгол Улсад Европын холбооны зах зээлийн эдийн засгийн статус олгох, Европын Холбооноос сайн засаглал, тогтвортой хөгжлийг дэмжин олгодог тарифын Хөнгөлөлтийн Ерөнхий схемд Монгол Улсыг үргэлжлүүлэн хамруулахад тус улсын дэмжлэг их байсан.
Эдийн засгийн сэргэлтээрээ ЕХ-н дотроо дээгүүрт орж буй, ННБ бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд эхний 50 орны нэгд ордог энэ орны найрсаг хандлагыг дэмжин, манай хоёр улсын соёл, улс төрийн хэлхээ холбоог эдийн засгийн суурь бат суурь үндэстэй болгох, тухайлбал Монголын эрдэс баялаг, цөмийн эрчим хүчин г.м. тодорхой салбарт хамтран ажиллах шинэ хуудас нээхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мөдхөн БНЧУ-д хийх төрийн айлчлал чухал үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй. Чингэх аваас Чехээр дамжуулан ЕХ-той материаллаг харилцаатай болох бас нэг сэжим нээгдэх юм. Ийнхүү хөгжүүлэхэд манай хоёр орны уламжлалт хамтын ажиллагааны арвин туршлага, итгэлцэл сайхан бааз суурь болж байна.
Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-ны Зөвлөх Б.Баасансүрэн.