Ирэх оны төсвийн төсөл болон цалин тэтгэврийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.
-Цалин, тэтгэврийн нэмэгдэлд 720 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хэвээр батлагдвал хэзээнээс цалин, тэтгэвэр нэмнэ гэсэн үг вэ?
-Олон улсын байгууллагуудтай хамтраад өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Засгийн газраас сүүлийн нэг жил төсвийн сахилга батыг сайжруулах ажлыг хийснээр бас ч гэж эдийн засаг сайжирч байна. Гэхдээ бүрэн сайжраагүй. Тийм учраас ОУВС-гаас манай эдийн засгийг бага зэрэг эмзэг байгаа шүү гэдгийг анхааруулсан. Ирэх жил эдийн засгийн өсөлтийг иргэдэд бодитоор мэдрүүлэх зорилготой ажиллаж байгаа. Тухайлбал, ирэх оны нэгдүгээр сараас төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд нийт 267 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Халамжийн сангаас олгож буй тэтгэврийн хэмжээ амьжиргааны түвшингээс доогуур байдаг. Тиймээс халамжийн тэтгэврийг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлье гэсэн зарчим баримталж байна. Энэ зарчмын дагуу халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 22 тэрбум төгрөгийг тусгаж байгаа.
-Цалин, тэтгэврийг яг хэдэн хувиар нэмэх вэ?
-Төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийж байна. Ажлын байрны нөхцөл, ачаалал, хариуцлага, ур чадвараас хамаарч нэмэгдлийн хэмжээг тогтооно. Бид энэ судалгаанд үндэслэн албан тушаалынх нь зэрэг дэвийг дахин тогтооно. Тэгээд төрийн албан хаагчдын цалинг бодитойгоор нэмнэ. Даатгалын сангаас орж байгаа тэтгэврийг хоёрдугаар сарын 1-ээс нэмнэ. Яг хэдэн хувиар нэмэхийг тухайн үед гаргана.
-2019 оны төсвийн төсөлд УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулах мөнгийг ялгавартай хуваарилсан гэх шүүмжлэл гишүүдээс гарч байна. Тухайлбал, гишүүдийн тойрогт таван тэрбум төгрөг төсөвлөсөн ч Увс аймгийн нэг тойрогт хэд дахин илүү төсөв тусгасан гэх юм. Энэ үнэн үү?
-УИХ-ын гишүүдийн тойрог дахь хөрөнгө оруулалттай холбоотой материалыг олж үзээгүй байна. Харин салбарынхаа хөрөнгө оруулалттай холбоотой асуудал, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн чиглэлээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан асуудлуудыг хэрэгжүүлэхэд л хөрөнгө, мөнгөө зарцуулъя гэсэн бодолтой ажиллаж байна.
-Таны сонгогдсон тойрогт хэдэн төгрөг төсөвлөсөн юм бэ. Тойрогтоо ажил явуулахад энэ мөнгө хүрэлцэх үү?
-Тав орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Хэрэгцээ асар их. Гэхдээ эдийн засаг боломжийн хэрээр өсч, төсвийн орлого сайжирч байна. Түүнийг дагаж буй хөрөнгө оруулалт бага ч гэсэн нэмэгдэж байна. Тухайлбал, миний сонгогдсон тойрог 12 сумтай. 12 суманд бүгдэд нь зовлон бэрхшээл бий. Энэ таван тэрбум төгрөгөөр тэр бүгдийг шийднэ гэвэл бүтэхгүй. Эхний ээлжинд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай газарт нь таван тэрбум төгрөгийг оруулж өгнө. Дараа нь 2020 онд үлдсэн хэсгийнх нь ажлыг хийж болох юм. Бүгдийнх нь зовлон, бэрхшээлийг нэг дор шийдэх боломжгүй юм.
-Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдад сар бүр 100 мянган төгрөг өгөхөөр төсөвлөсөнд зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байгаа. Харин та ямар байр суурьтай байна вэ?
-Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлийг залууст эзэмшүүлэхийн тулд анхаарал тавьж байна. Энэ хүрээнд 41 тэрбум төгрөгийг мэргэжлийн боловсрол сургалтын төвд сурч буй залууст өгнө. Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сар бүр мэргэжлийн боловсрол сургалтын төвд сурч буй залууст 100 мянган төгрөг өгнө. Энэ арга хэмжээг авснаар мэргэжилт эзэмших залуусын идэвх сайжирна гэж харж байна. Дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоо өндөр байдаг. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахтай холбоотойгоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор улсын төсвөөс 20 тэрбум төгрөг, бага орлоготой иргэдийг ядуурлаас гаргаж орлогыг нэмэгдүүлэх халамжийн шинэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 10 тэрбум төгрөгийг анх удаа зарцуулах гэж байна. Нийт найман арга хэмжээнд 723 тэрбум төгрөгийг иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулна. Өмнө нь ийм хэмжээний мөнгийг төсөвлөж байгаа болно. Одоо бол яг цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр бодит ажил хийх гэж байна.
-Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэх боломж бий юу?
-Энэ жил хөрөнгө, санхүүгийн боломжийн хувьд сайнгүй байгаа учраас нэмэгдүүлэх боломжгүй.
Холбоотой мэдээ