Сураггүй болсон сэтгүүлч амиа алдсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон сэтгүүлч амиа алдсан уу?

Саудын Арабын хамгийн алдартай сэтгүүлчдийн нэг  “Washington post” сонины сэтгүүлч Жамал Хашкажи аравдугаар сарын 2-ны өдөр Туркийн Истанбул хот дахь өөрийн орны консулын газар гэрлэлтийн бичиг баримт бүрдүүлэх гэж ороод одоог хүртэл ор сураггүй байгаа билээ. Тэрбээр өөрийн улсын засгийн газрыг хурцаар шүүмжилдгээрээ цуутай сэтгүүлч байжээ.

Консулын газрын дэргэд Хашкажин сүйт бүсгүй нь болох Туркийн иргэн Хатидже Ченгиз хүлээж байсан аж. Сүйт бүсгүйнх нь хэлснээр консулын байр луу орохынхоо өмнө Жамал эргэж гарч ирэхгүй бол Туркийн Засгийн газарт мэдэгдээрэй гэж захисан гэнэ. Жамал орон нутгийн цагаар 13.00-д Консулын газарт орсон. Сүйт бүсгүй нь шөнийн 00.00 цаг хүртэл хүлээсэн ч гарч ирээгүй аж.

Хашкажи 1985 онд АНУ-д их сургууль төгссөнийхөө дараа эх орондоо сэтгүүлчийн ажлаа эхэлсэн юм. 59 настай Жамал Хашкажи Саудын Арабын засгийн газар, ялангуяа үе залгамжилсан ханхүү Батлан хамгаалахын сайд Мухаммед Бин Салманыг шүүмжилдэг. 2017 оны есдүгээр сард Засгийн газраас түүнд ээлжит анхааруулга өгсний дараа тэр эх орноо орхихоос өөр аргагүй болж АНУ-ыг зорьсон юм. Түүний дотны  найзууд баривчлагдаж, "Al-Hayat" сонин түүний нийтлэлийг хэвлэхээ больжээ. Мөн твиттерт блог хөтлөхөө зогсоохыг шаардаж байсан аж. Саудын Арабаас явж, Истанбулын Консулын газарт алга болох хүртлээ Жамал АНУ, Их Британи, Турк гэсэн гурван улсад амьдарсан. Гадаадад руу гарсан ч тэр сэтгүүлчийн ажлаа орхилгүй Саудын Арабын засгийн газрыг шүүмжилсээр байлаа. Тэр  "Washington Post"-д зохиогчийн булантай бөгөөд тэндээ мөн л шүүмжлэлээ бичсээр байсан юм. Твиттер хуудаснаа 1,6 сая дагагчтай.

Тэрбээр 1990-ээд оны үед "Al-Madina" сонинд сурвалжлагчаар ажиллаж, ЗХУ-ын цэрэгтэй байлдаж байгаа дайчдын талаар голдуу нийтлэл бичдэг байжээ. Түүний нийтлэлүүдийн гол баатрын нэг нь ЗХУ-ын эсрэг тэмцэж байсан, нутаг нэгт Осама Бин Ладин аж. Хашкажи түүнтэй хэд хэдэн удаа ярилцлага хийж байсан. Багаасаа танил байсан тул Ладинийг ууланд бүгэхэд нь ч очдог байв. 2011 онд Хашкажи Германы "Spiegel"-д ярилцлага өгөхдөө Бин Ладинтай найзалж байснаа дурсахдаа зарим үзэл бодлыг нь дэмждэг байснаа хэлсэн байдаг.

"Би гэр, гэр бүл, ажлаа орхисон. Би дуугүй сууж чадахгүй. Хэрэв би амаа хамхих юм бол одоо шоронд сууж байгаа олон мянган хүнээс урвасан хэрэг болно. Олон хүн чөлөөтэй үг хэлж чадахгүй байхад харин би үг хэлж чадаж байна шүү дээ"гэж тэр эх орноо орхихдоо хэлж байлаа.

Консулын газрын гаднах камерын бичлэгээс үзэхэд сэтгүүлч тус газраас гарч ирээгүй нь нотлогдсон гэж Туркийн Засгийн газраас мэдэгдээд байгаа. Гэхдээ Консулын газар дотор түүний амь насыг хөнөөсөн байж магадгүй гэж Туркийн Засгийн газар үзэж байгаа юм. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган “Консулын ажилтнууд яагаад камерын бичлэгийг баримт болгон дэлгэхгүй байна вэ? ” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Авто замын хяналтын камерыг шалгахад Хашкажиг консулын газрын байранд орсноос хоёр цагийн дараа тус газраас явсан зургаан машины нэг болох дипломат дугаартай хар өнгийн машинаар Хашкажигийн цогцсыг зөөвөрлөсөн байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Хяналтын камерт бичигдсэнээс үзвэл дипломат дугаартай тус машинд хайрцагнууд ачсан гэнэ. Хашкажиг сураггүй болдог өдөр Саудын Арабын хоёр онгоц Истанбулын Ататуркийн нисэх онгоцны буудалд бууж, тэр өдөртөө буцсан байна.

Харин Саудын Арабын консулын газар түүнийг гарч явсан хэмээн мэдээлжээ. Аравдугаар сарын 5-ны өдөр Саудын Арабын хун тайж Мухаммед “Bloomberg” агентлагт “Туркийн эрх баригчид хүсвэл Истанбул дахь консулын газрын байрыг нэгжиж болно. Бид ч гэсэн түүнд юу тохиолдсоныг мэдэхийг хүсэж байгаа. Бидэнд нуух зүйл байхгүй” гэжээ. Хунтайжийн ах АНУ-д суух элчин сайд Халед Бин Салмен “Түүнийг алга болсон эсвэл түүнийг хөнөөсөн гэдэг мэдээлэл бүгд ор үндэсгүй ташаа мэдээлэл” гэжээ.

Сэтгүүлчдэд хамгийн “халтай” таван улс

“Хил хязгааргүй сэтгүүлчид” Төрийн бус байгууллага /ТББ/ сэтгүүлчдэд хамгийн халтай улсаар Сири, Мексик, Афганистан, Ирак болон Филиппин гэсэн таван улсыг нэрлэсэн байна.

Өнгөрсөн таван жилд Сири улсад хамгийн багадаа 110 сэтгүүлч амиа алджээ. Энэ онд амиа алдсан хэвлэл мэдээллийн байгууллагын 65 ажилтны 35 нь зэвсэгт мөргөлдөөн, дайн байлдаантай улс орнуудад, үлдсэн 30 нь бусад оронд амиа алдсан аж. Тэгвэл тэдний 39 нь улстөрчдийн авлигын хэрэг, зохион байгуулалттай гэмт хэрэг зэргийн хойноос мөшгөж яваад амь насаа алдсан бол 26 нь тэсрэх бөмбөгийн дэлбэрэлт, халдлагад өртжээ.

“Хил хязгааргүй сэтгүүлчид” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Катя Глогера “Дайн байлдаангүй газарт ажил үүргээ гүйцэтгэж яваад олон сэтгүүлч амь үрэгдсэн гэдэг бол айдас төрүүлэм юм. Энэ бол мэргэжлийн сэтгүүл зүй, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэрэг. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнуудын эсрэг хүчирхийлэл үйлдэгсэд ял шийтгэлгүй өнгөрч байна. Тэдэнд зохих шийтгэлийг нь оноох цаг хэдийн ирээд байна. Авлига, хүчирхийлэл зэрэг дэлхий дахинд тулгамдсан томоохон асуудлуудыг сэтгүүлчдийн оролцоогүйгээр шийдвэрлэж чадахгүй” гэжээ. Мөн тус байгууллагын мэдэгдсэнээр одоогоор хэвлэл мэдээллийн байгууллагын 300 гаруй ажилтан ажил үүргээ гүйцэтгэж явсныхаа төлөө шоронд ял эдэлж байгаа аж. Тэдний бараг тал хувь нь таван улсад, тодруулбал Турк, Хятад, Сири болон Вьетнамын шоронд хоригдож байгаа аж.

2006-2016 онд 930 гаруй сэтгүүлч амиа алдсан бөгөөд үүнээс зөвхөн өнгөрсөн 2016 онд 102 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ. Энэ нь дэлхийд дунджаар долоо хоногт нэг удаа хэвлэл мэдээллийн ажилтан амь насаа алдаж байна гэсэн үг юм. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдсэн нийт гэмт хэргийн 10 тохиолдлын зөвхөн нэг нь л олон нийтэд ил болж, ял шийтгэл авсан байна. Түүнчлэн зөвхөн 2012 онд хэвлэл мэдээллийн 123 ажилтан амь насаа алдсан бол 2014 онд энэ тоо 87 болж буурчээ.

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж