УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхлээд байна.
УИХ өнгөрсөн долоо хоногт дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авсан юм. Гэхдээ завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлэг ийн үргэлжлээд байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын орд нь 50 тонн алтын нөөцтэй, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн зүгээс стратегийн ордод хамруулах санал гаргасан тул УИХ асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Онцлоход, энэ өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг Төсвийн байнгын хорооны хуралдаанаас завсарлага авсан тул ирэх долоо хоног хүртэл хойшлоод байна. Гэхдээ УИХ-ын даргын зүгээс ирэх долоо хоногийн мягмар гаригт УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Төсвийн хуулиудыг батлах чиг барьж байгаа тул МАН-ын бүлгийг асуудлаа шийдсэн байхыг энэ үеэр мөн онцоллоо.
Г.ДАРЬ