Цалин тэтгэврийг ямар эх үүсвэрээс нэмэх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.01.16-нд нийтлэгдсэн

Цалин тэтгэврийг ямар эх үүсвэрээс нэмэх вэ?

Энэ онд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулж улсын төсөвт 103 тэрбум төгрөг нэмж суулгах болсон байна. Тодруулбал, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбум, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 13 тэрбум төгрөг тус бүр суулгах аж. Улсын төсөв хүнд байгаа энэ үед ямар эх үүсвэрээс цалин, тэтгэвэрийг нэмэх талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

Цалин  тэтгэврийг нэмэхэд 100 гаруй тэрбум төгрөг төсөвт тусгахаар боллоо. Харин эх үүсвэрийг ямар эх үүсвэрээс бүрдүүлэх вэ?

Одонтой эхчүүд, хүүхдийн мөнгөөр хуучнаараа олгохоор болсон. Үүнд 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Мөн цалин тэтгэвэрийг нэмэх эх үүсвэр гаргая гэж ярьж байна. Эх үүсвэрээ 2014 оны зургаадугаар сараас хойш нефтийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр гурав дахин унасан. Нэг брил нь 117 ам.доллар байсан бол өнөөдөр 49 ам.доллар болсон байна. Харин манайд үнэ нь хэвээрээ байна. Тиймээс Засгийн газар орж ирж байгаа нефтийн бүтээгдэхүүнээс татвар авъя, онцгой албан татварынхаа хувь хэмжээг нэмэгдүүлэх  замаар  200 гаруй тэрбум төгрөг олж, цалин  тэтгэврээ нэмж, зардлаа санхүүжүүлье гэсэн урьдчилсан тооцоо байна. Гэхдээ УИХ-ын нэгдсэн чуулган болон Төсвийн байнгын хороон дээр санал хураагаагүй байгаа.

-Төсвийн алдагдлыг таван хувь хүргэхээр Засгийн газар оруулж ирсэн. Төсвийн алдагдлаа нэмэхээр хямралыг хөөрөгдөнө гэж эдийн засагчид ярьж байна?

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар бол төсвийн алдагдал ДНБ-ний хоёр хувь байх ёстой. Гэтэл өнгөрсөн жилүүдэд цаасан дээрээ хоёр байсан боловч үнэн хэрэг дээрээ 10-тай байсан. “Чингис”, “Самурай” бондын санхүүжилт ороод ирэхээр 10 гараад явчихсан. 10 гаруй хувийн төсвийн алдагдал нь өөрөө эдийн засаг хямрах гол шалтгаан болсон. Дэлхийн нийтийн туршлагыг харвал төсвийн алдагдал ДНБ-ний гурван хувь байж болно гэж байгаа.  Ер нь ДНБ-нийхээ гурван хувиас илүү өрийн алдагдалтай байх нь эдийн засгийн хямралыг өдөөж, тогтворгүй байдлыг бий болгодог. Гэтэл Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг оруулж ирэхдээ алдагдлын хэмжээг таван хувь хүргэнэ гэж тусгасан. Үг хэлээрээ хямралаас гарна гэж яриад байдаг. Тэгсэн хэрнээ төсвийн алдагдлаа таван хувь болгоно гэж оруулж ирж байгаа нь өөрөө хямралаас гарах алхам биш. Хямралаас богино хугацаанд гарахын тулд төсвийн алдагдлаа эрс бууруулах ёстой.

-Өнгөрсөн долоо хоногт манай улсын өр ДНБ-ний 55.2 хувьтай байгаа гэж байсан бол энэ Сангийн сайд өчигдөр 58.3 хувь гэж мэдэгдлээ. Ер нь манай өрийн хэмжээ ямар байгаа юм бэ?

-Өрийн хэмжээн дээр сүүлийн дөрөв, таван сар маргаан явж байна. 2014 оны аравдугаар сард Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр Монгол Улсын өрийн хэмжээ 49 хувь байна гэсэн бичиг өгсөн. Он гараад 55.2 хүрсэн байна гэсэн. 2015 оны төсвийг хэрэгжүүлснээр өрийн хэмжээ ДНБ-ний 58.3 хувь байна гэдэг зүйл яриад байгаа. Одоо 58.3 байгаа учраас МАН АН хоёрын хооронд үл ойлголцол үүсээд байгаа учраас манай намын бүлэг завсарлага авсан.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж