Хятадын тагнуулчийг АНУ баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Хятадын тагнуулчийг АНУ баривчилжээ

Хятадын тагнуулчийг АНУ баривчилжээ

Хятадын батлан хамгаалах яамны ажилтныг эдийн засгийн тагнуул хийсэн,  АНУ-ын агаарын тээврийн компаниудаас мэдээлэл хулгайлахыг завдсан  хэргээр баривчилсан талаар өчигдөр /2018.10.10/ мэдээлжээ.

АНУ-ын шүүх яамнаас мэдээлж буйгаар хэрэгтэн буюу Хятадын батлан хамгаалах яамны Жиансу муж хариуцсан хэлтсийн дэд захирал Шу Янжунийг Америкийн нисэхийн салбарын компаниуд, тэр дундаа “General Electric”-ийн охин компани болох “GE Aviation”-ийн мэдээллийн аюулгүй байдалд заналхийлсэн хэрэгт буруутгаж байгаа аж.

“GE Aviation” нь нисэх хэрэгслийн тийрэлтэт хөдөлгүүр үйлдвэрлэлээрээ салбартаа тэргүүлэгч бөгөөд  худалдааны, цэргийн, ерөнхий нисэх онгоцны эд ангиудыг үйлдвэрлэдэг байна.  Түүнчлэн уг компани нь том оврын “Бойнг” онгоцны болон “Airbus”-ийн эд ангийг үйлдвэрлэдэг бөгөөд одоогийн байдлаар худалдааны болон цэргийн зориулалттай хүнд даацын онгоцны эд ангийг үйлдвэрлэхээр бэлтгэж байгаа юм.

Хятадын батлан хамгаалах яамны зорилго нь улсаа хамгаалах болон тагнуулын үйл ажиллагаа явуулах бөгөөд сөрөг тагнуул, гадаад тагнуул хийх болон улс төрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, тус яам нь дотоодод ч, гадаадад ч тагнуулын үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллага юм байна.

Америкийн зүгээс энэхүү үйл явдлыг тэдний худалдааны бодлого болон оюуны өмчийн эрхэд халдсан явдал гэж үзэж байна.

"Ройтерс" агентлагийн мэдээлж буйгаар хэрэгтнийг энэ оны дөрөвдүгээр сард Бельгид саатуулсан бөгөөд гэмт хэрэгтэн шилжүүлэх журмын дагуу аравдугаар сард АНУ-д авчраад байгаа юм.

“АНУ-ын агаарын тээврийн салбарын мэдээллийн аюулгүй байдалд халдсан энэхүү хэрэг нь жирийн нэг тохиолдол биш юм. Энэ нь хөгжиж буй Хятад улсын эдийн засгийн бодлогын нэгээхэн хэсэг гэж бид үзэж байна. Бидний оюуны бүтээлийг хэн нэгэн хулгайлаад байхыг зүгээр хараад сууж болохгүй” хэмээн тус хэргийг хариуцаж буй АНУ-ын прокурор мэдэгджээ.

Тэрбээр АНУ-аас 2013 оноос эхлэн мэдээлэл хулгайлж эхэлсэн бөгөөд Хятадын нисэхийн салбарын мэргэжилтнүүдтэй нягт холбоотой ажиллаж, тэднийг мэдээллээр ханган, санхүүжүүлдэг байсан байна.

                                                                                              Ө.ПҮРЭВХҮҮ
Эх сурвалж: Ройтерс агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж