DJ Анна: Эрсдэлтэй зүйлс харин ч сонирхолтой санагддаг

Хуучирсан мэдээ: 2015.01.16-нд нийтлэгдсэн

DJ Анна: Эрсдэлтэй зүйлс харин ч сонирхолтой санагддаг

Эрчүүдийн хүч сорьдог зүйлсэд сонирхолтой нэгэн бүсгүйг “Өөр мэдээ” онцоллоо. Түүнийг анхны эмэгтэй DJ гэхээр залуус андахгүй байх. Мотоцикль унаж, фитнесээр хичээллэж, уралдаанд өөрийгөө сойж буй түүний яриа таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.  DJ Аннагийн ярилцлагыг хүргэе.

-Өнөөдөр орой өөрийн чинь “Black and White”party болох гэж байна. Яагаад энэ өдрийг сонгов?

-Би DJ болоод дөрвөн жил болж байна. Өнгөрсөн жил “электро хаус” шоугаа хийж байсан. Түүнээс хойш бие даасан шоугаа хийгээгүй учраас өнөөдрийг сонголоо. Шинэ жилийн баяр дуусаад, шинэ он гараад шоу багассан үе шүү дээ.

Залуучууд шоунд ирэхдээ дуртай хувцсаа өмсдөг. Харин миний шоунд тухайлан зориулж хар, цагаан өнгийг сонгож хувцаслаасай гэж хүссэн. Хар, цагаан өнгөний тухайд маш олон тайлбар хэлж болно. Амьдрал жаргал зовлон хар цагаан ээлжилдэг.

-Чиний тоглодог электро хаус урсгал ямар онцлогтой юм бэ?

– Электро хаус гэдэг бусад хаус чиглэлийн аянуудыг бодвол хөнгөн. Миний аянуудад эмэгтэйчүүд илүү дуртай байдаг. Хэт хурдан бас удаан нуршуу биш бүжгийн хэмнэлд нь таарсан байдаг. Би өөрийнхөө сонсдог аянуудыг зөвхөн тавиад байвал хүмүүст тэр бүр таалагдахгүй шүү дээ. DJ хүн бол олныг хамарсан, хүмүүст таалагдах ая тавьж, талбайг удирдаж явах чадвартай, мэдрэмжтэй байх ёстой. Тиймээс хүмүүсийн сонсох, бүжиглэх дуртай электро хаус аяыг тоглодог.

-Хөгжим дунд ажиллаж, амьдардаг хүний өөрийнх нь сонсдог хөгжмийн сонголт ямар байдаг бол?

-Би бүх л урсгалыг сонсох дуртай. Амьд хөгжимд их дуртай байсан. Одоо бол тухайн цаг мөчийн сэтгэлзүйн байдлаасаа шалтгаалж хөгжмөө сонсдог. Гэхдээ ажил дээрээ өөрийнхөө сэтгэлийн хөөрлийг гаргаж болохгүй гэж боддог. Би уйтгартай, ууртай байлаа гээд намайг сонсч байгаа хүмүүст тэр энергээ цацаж болохгүй. Хүмүүс хөгжилдөх гэж клубт ордог шүү дээ. Ер нь би хаалттай хүн болохоор сэтгэлийн хөөрлөө тэр бүр ил гаргаад байдаггүй. Ганцаараа сууж байгаад л зохицуулдаг. Бүх хүнийг бухимдалгүй аз жаргалтай, баяр хөөртэй амьдраасай гэж хүсдэг учраас хүнд өөрийн асуудлаа халдаах дургүй.

-Зарим хүмүүс нас нь нэмэгдэх хэрээр дисконд орно, бүжиглэнэ гэдэг залуусын хийх зугаа гэж боддог. Энэ зөв үү?

-Бүжиглэнэ гэдэг зөвхөн залуу хүний л хийх зүйл биш. Хэдийгээр залуус их ордог ч хүн ямар ч шалтгаанаар клубийг зорьж болно. Найз нөхөдтэйгөө доргиж, цагийг зугаатай өнгөрөөх, сэтгэл санаа, тархи толгойгоо амраах, хөшсөн биеэ хөдөлгөх гээд олон сайн талтай. Залуус л дискоддог гэдэг өрөөсгөл ойлголт. Хүн өөрийнхөө хүссэнээр байж, хөгжмөөс гоё мэдрэмж аваад нэг үдшийг сайхан өнгөрүүлэх хэрэгтэй.

-Өөрийг чинь анхны эмэгтэй DJ гэдэг. DJ гэж ямар хүн бэ?

-DJ хүн тэр клубын, шоуны нүүр царай юм. DJ гудамжны хувцастай хөгжмийн ард зогсох ёсгүй. Хөгжмөө, хүмүүсийг, ажлаа хүндэтгээд гоё хувцаслах ёстой. Клубт DJ ширээ хүмүүсийн нүдэн дээр байрладаг нь энэ газрын гол хүн гэдгийг илтгэж байгаа юм.  Хүмүүс харж байхад өөрөө тоглож буй аяндаа уусч эмоцитой байх ёстой. Би тоглож буй аяндаа маш болгоомжтой ханддаг. Хүмүүсийг талбай дээр байлгахын тулд аяндаа мэдрэмжтэй хандах ёстой.

Шоу ертөнцөд DJ хүн чухал. Намайг анхны эмэгтэй DJ гэдгээр хүмүүс илүү мэддэг, миний хөгжмийг сонсох дуртай байдаг. Намайг DJ болохоос өмнө Зояа гэж эмэгтэй DJ байсан. Тэгсгээд чимээгүй болчихсон. Харин би DJ болоод олон хүнд өөрийгөө таниулж, энэ урлагийн төлөө их зүйл хийсэн болохоор намайг анхны эмэгтэй DJ гэдэг байх. Дөрвөн жилийн хугацаанд нэлээд хэдэн охид гарч ирсэн ч одоогоор чимээгүй л байна. Одоо DJ хийж байгаа Маралаа гэдэг охин бий.     

-Хүнээр заалгаж DJ болсон уу, эсвэл өөрийн мэдрэмж оролдлогоор сурсан уу?

-Би 7-8 жилийн өмнөөс л DJ болох хүсэлтэй байсан. Гэвч хаана, яаж хандаж сурахаа мэдэхгүй явсан л даа. Гэтэл надад DJ Амараа санал тавиад, МЖ-ийн Дота надад маш их тусалсан. Дота байгаагүй бол би өнөөдрийг хүртэл алхаж чадахгүй байсан болов уу.  

Ер нь DJ  болох хүсэлтэй залуус олон байдаг. Тиймээс өнгөрсөн жил DJ болох хүсэлтэй залууст зориулан курс нээсэн. Сурах хүсэлтэй залууст дөрвөн сар хичээл заасан. Техниктэйгээ яаж харьцах, сонсголоо яаж сайжруулах, ямар ая тоглох, хөгжмийн ямар урсгалууд байдаг, тэдгээр нь хоорондоо хэрхэн зохицдог, хүмүүс ямар ая сонсох дуртай гээд анхан шатны мэдлэг өгсөн.

-Хөгжмийн шоу ертөнцөд ороод дөрвөн жил болчихлоо. Энэ орчноос юу мэдэрдэг вэ?

-Анх DJ болж байсан үеийг одоогийнхтой харьцуулбал клубууд маш сайн хөгжсөн. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг томхон клубуудад бүгдэд нь тоглосон. Шоу хийдэг хүмүүс ч олон болж. Харин жил ирэх бүр клубт ордог хүмүүсийн нас залуужиж байгаа нь харагддаг. Шинэ үеийн давалгааг мэдэрдэг.

-Шоунд орохдоо өөрийгөө хэр бэлддэг вэ?

-Хэд хоногийн өмнөөс л тоглох аяа бэлдэж эхэлнэ. Шоу болох өдрөө бол өөрийгөө сайн бэлдэнэ. Ядрахгүйн тулд унтаж амарна, аль болох хүмүүст таалагдах гоё хувцсаа өмсөхийг хичээдэг.

-Гол төлөв шөнийн цагаар ажилладаг болохоор хэцүү юу?

-Хөгжмийн ард  удаан зогсохоор ядардаг учраас шоунд тоглох цагаа багаар тавиулдаг. 40 минутаас нэг цаг 30 минутын хугацаатай л тоглодог.

-DJ хүний бие даасан шоу гэхээр ямар онцлогтой юм бэ?

-Хүмүүс миний тоглодог хөгжмийг хаанаас олж сонсох вэ гэж их асуудаг юм. Тиймээс би өөрийнхөө тоглодог сэтийг хүмүүст сонсгох зорилготой бие даасан шоу хийдэг юм.

-Залуус одоо ямар ая илүү сонсч байна?

-Нэг хэсэг транс ая хүчээ авч байсан бол сүүлийн үед хип хоп ая сонсдог болоод байна. Клубуудэд одоо хип хоп электро аяыг хольж тавьдаг болсон.

-Тоглодог аянуудаараа цомог гаргасан байх аа?

-Би өөрийнхөө тоглодог сэтүүдээрээ цомог гаргаж байсан. Зөвхөн бааранд орж сонсох биш машиндаа тавиад сонсвол гоё юмуу гэж бодсон.

DJ бол хөгжмийн ертөнцийн анхан шатны хүн юм билээ. Цаашлаад гүнзгийрэх юм бол ая зохиодог болдог. Би гэртээ жижигхэн дуу бичлэгийн студитэй. Тэндээ ая зохиодог програм, компьютерээ авсан. Харин хөгжмийн анхан шатны мэдэгдэхүүнгүй болохоор жаахан хэцүү байна. Гадагшаа явахаараа багш нараас хэдэн өдрийн сургалт авдаг. Тэгээд you tube-ээс их юм сурч байна.

-Урлагийн хүн биш гэхээр аль сургуулийг ямар мэргэжлээр төгссөн бэ?

-Рафлес олон улсын институтыг банк санхүүч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Голомт банкинд ажилд орох гээд сургалтад сууж байснаа больсон. Миний хийх ажил биш юм билээ. Би өөрөө сонирхолгүй байсан ч аав ээжийнхээ хүслийг ганц удаа биелүүлчихье гэж бодсон юм.

-DJ Анна гэдэг нэрийнхээ тухай яриач. Уг нь Х.Оюунтуяа гэдэг байх аа?

-Би бага байхдаа Angel-д дуртай охин байсан. Харин том болоод гадаадад очиход найз нар маань миний нэрийг хэлж чадахгүй өөр амархан гадаад нэр сонгох болсон юм. Тэгээд Angel гэдэг нэрний товч байж болох юм гээд Аnnа нэрийг сонгосон. DJ болоод тайзны нэр сонгох болоход Аnnа нэрээ авч DJ Аnnа болсон.

-Спортоор тэр дундаа мотоциклийн спортоор хичээллэдэг чинь их сонирхол татаж байлаа. Хэзээнээс хоёр дугуйтай төмөр хүлэг унадаг болов?

-Би хоёр жилийн өмнөөс мотоцикль унаж эхлээд бартаат замын мотоцикль руу орсон. Олон жил мотоцикль унаж туршлагатай болж байж уралдаан тэмцээнд орох ёстой. Би харин уралдаанд орох зорилго тавиад бэлтгэл хийгээд оролцсон. Гэхдээ амжилт гаргаж чадаагүй ч олон эмэгтэйчүүдийг энэ спортод уруу татаж чадсан. Одоо мотоцикль унадаг охид 20 гаруй болсон байна лээ. Би цаашид энэ спортоороо хичээллээд уралдаанд оролцох зорилгоо биелүүлнэ гэж бодож байгаа.

-Чамайг DJ хийгээд, мотоцикль унаж бартаат замын уралдаанд оролцоод байхаар гэрийнхэн чинь юу гэдэг вэ?

-Би дээрээ нэг эгчтэй. Аав ээж хоёр маань намайг хүү гэж бодож хүлээж байсан болохоор тэр үү багаас л эрэгтэй хүүхэд шиг өсгөсөн. Халимаг үстэй, хөдөө адуу малтай зууралдаж өссөн болохоор тэр үү нэг их тоодоггүй. Харин ч хийж байгаа бүгдийг минь дэмждэг.

-“Golden gym” фитнесс клубээс зохион байгуулсан шилдэг “Miss&Mister” тэмцээнд оролцож чөлөөт үзүүлбэрээр шилдэг зургадугаар байр эзэлсэн байх аа?

-Тиймээ. Би 2014 оны долдугаар сараас эхлэн фитнесээр хичээллэсэн. Гэхдээ дасгалуудаа мэдэхгүй болохоор тууштай явж чадахгүй байсан. Тэгээд найз залуугаа дагаж өдөр бүр явсаар донтсон гэх үү дээ. Биед хэр өөрчлөлт гарах нь уу гэдгийг үзэхийг хүссэн. Тэгээд л тэмцээнд оролцох зорилго тавиад гурван сарын өмнөөс бэлдэж өөрийгөө сойж эхэлсэн. Яг л уралдааны морь шиг байдаг юм билээ. Уралдааны морьд ямар хэцүү байдгийг ойлгосон. /инээв.сур/ Хэдийгээр өөрийн бодож байсан шигээ амжилт үзүүлж чадаагүй ч шилдэг зургаад багтсандаа баяртай байгаа. Одоо дөрөвдүгээр сарын 25-нд болох тэмцээнд орохоор бэлдэж байна.

-Гурван сарын хугацаанд биед чинь хэр өөрчлөлт орсон бэ?

-Үнэхээр гоё болсон. Би гадаадын булчинлаг хүүхнүүдийг хараад миний бие хэзээ ч ийм болохгүй байх гэж бодож байсан. Гэтэл тэднээс гоё болсон шүү. Хүн өөрөө хүсээд, зорилгоо тавиад түүнийхээ төлөө тууштай хичээллэвэл болдог юм билээ.

-Цаашид юу хийх төлөвлөгөөтэй байна. Магадгүй шинэ сонин зүйлд урваж мэдэх юм шиг санагдаад?

-Би дулаарахаар шүхрийн спортоор хичээллэх бодолтой байна. Газар тариалан, мал аж ахуйн ажил хийх дуртай. Аавтайгаа хамтарч олон жил бодсон тариалангийн ажлаа хийхээр төлөвлөөд байна. Энэ жил маш олон ажил хийхээр төлөвлөсөн. Бүгдийг амжуулаад 2016 онд охиндоо дүү төрүүлж өгнө. Өөрийнхөө хүслээр хангалттай явсан. Одоо гэр бүл зохиогоод хувийн амьдралдаа илүү анхаарахыг хүсч байна.

-Хэр баргийн эмэгтэйчүүдийн сонирхож хийхгүй эрсдэлтэй зүйлсэд дуртай бүсгүйг айлгадаг зүйл байна уу?

-Би жоомноос л айдаг. /инээв/ Өөр айлгаад байхаар зүйл байхгүй дээ. Эрсдэлтэй зүйлсээр хичээллэх харин ч сонирхолтой байдаг. Хүн өөрөө л айдсаа зохигоод байдаг юм шиг ээ.

Х.МОНГОЛХАТАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж