“Гамлет”-ыг монодрам болгон найруулжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

“Гамлет”-ыг монодрам болгон найруулжээ

Английн суут жүжгийн зохиолч Уильям Шекспирийн алдарт "Гамлет"  жүжгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Дэлхийн тайз, дэлгэцийн ертөнцөд хүндтэй байр эзэлдэг уг жүжиг манайд гурав дахь жилдээ энэ сарын 24, 25-нд "Корпорэйт конвеншн" төвийн тайзнаа  тоглогдоно. Ингэхдээ монодрам /нэг хүний жүжиг/ болгон найруулжээ. Жүжгийн ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал ажиллаж буй бөгөөд Гамлетийг жүжигчин Л.Эрдэнэ-Очир амилуулна.

Ажиллагаа шаардсан, алдартай жүжгийг нэг хүн тайзнаа амилуулна гэдэг мэргэжлийнхний болоод үзэгчдийн сонирхлыг багагүй татаж буй. Жүжигчин Л.Эрдэнэ-Очироос жүжгийн талаар тодруулахад “ Чадлынхаа хэмжээгээр жүжигтээ бэлтгэж байна. Тоглолтын  тавилт, задаргаа одоогоор нууц. Үзэгчид дараа нь сэтгэгдлээ хэлэх байх” гэв.

Жүжгийн хөгжмийн зохиолчоор Г.Онон, зураачаар Т.Болортүвшин, дууны найруулагч Д.Баярхүү, гүйцэтгэх продюсер Б.Гантигцэцэг нар ажиллаж байгаа аж. Ингээд "Гамлет"  жүжгийн талаар товчхон мэдээллийг хүргэе.

Алдарт зохиолч эмгэнэлт зохиолоо 1600-1601 онд бичсэн гэж мэргэжилтнүүд үздэг. Тухайн онд Лондон хотын “Глобус” театрт Шекспир өөрөө Гамлетын эцгийн сүнсний дүрд тоглож байжээ

ДАНИЙН ХАНХҮҮ ГАМЛЕТЫН ЭМГЭНЭЛТ ТҮҮХ

Данийн хааны ордны орчим, өөд болоод удаагүй байгаа хаантай тун адилхан нэгэн этгээд олон цэрэгтэй учирсан тухай яриа хан хүү Гамлетын чихэнд хүрнэ. Хан хүү эцгийнхээ сүнс гэмээр тэр этгээдтэй учрахыг хүснэ. Учиртал аав сүнс нь байх бөгөөд хан хүүд “Өнөөгийн хан буюу Гамлетын авга ахын гарт үрэгдсэнээ ярьж, өш хонзон ав” гэж даалгана. Үүнийг сонсоод мэгдэж, цочирдон хэрхэхээ мэдэхгүй болсон Гамлет галзуу хүн болж хувирна. Ингэх зуураа авга Клавдийгийн гэмт явдлыг хөдөлшгүй нотлох баримт хайж эхэлнэ. Харин авга ах нь хар цохин, Гамлетыг ухаан самуурсанд үл итгэн, туршуул явуулна. Үүнийг мэд­сэн Гамлет асууж тандсан яриа хөөрөөнд нь бүр ч солиотой хариулан цаг хожсоор байна. Энэ үед Эльсинор хотод нүүдлийн театр ирэхэд Гамлет “Гонзагог хороосон нь” хэмээх жүжиг тоглож өгөхийг хүснэ. Хүсээд зогсохгүй зохиолд эцэг сүнсний ярьж өгснийг нэмж бичиж өгнө.

Хан-авга нь жүжгийг анхааралтай үзэж байгаад аллагын дараа босож явна. Тэрээр Гамлетыг хажуудаа байлгах аюултай боллоо гэж санаад Англи руу явуулах бөгөөд очмогц баривчлан хороох тухай захиа дайлгана. Угсаа залгах хан хүү Гамлет зам зуураа тэр захиаг олж үзэн, өөрчлөн бичин амь гарч улмаар буцаж ирнэ. Хан авга нь мэргэшсэн аргаараа ач дүүдээ хор өгнө. Гамлет гэнэгүй ууж, амьсгаа хураахынхаа өмнө авгыгаа хороож амжина. Хан авга, угсаа залгамж­лах хан хүү Гамлет хоёр бие биеэ хороос­ноор Данийн хан ширээ Норвегийн эрх баригч Фортинбраст шилжиж байгаагаар зохиол өндөрлөх билээ.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж