ДАШТ-ийг өнжигсөд хийгээд нөхөгсөд

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөх-ДАШТ 2018

ДАШТ-ийг өнжигсөд хийгээд нөхөгсөд

Чөлөөт бөхийн холбооноос эмэгтэй багт өөрчлөлт хийсэн анхаарал татлаа

ДАШТ-ийг өнжигсөд хийгээд нөхөгсөд

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод эхлэхэд ес хоногийн хугацаа үлдлээ. Тодруулбал, аравдугаар сарын 20-28-ны өдрүүдэд чөлөөт бөхийн шилдэг тамирчид Унгарт цугларах юм.

Өнгөрөгч наймдугаар сард Индонезид болсон Азийн наадамд түрүүлсэн чөлөөт бөхийн тамирчин П.Орхон допингийн шинжилгээнд бүдэрсэн нь ДАШТ-д оролцох багт өөрчлөлт ороход хүргэсэн байна. Одоогоор Монголын чөлөөт бөхийн холбооноос албан ёсны байр суурийг хийгээгүй бөгөөд П.Орхонд ямар шийтгэл оногдох нь тодорхой бус байгаа.

Наймдугаар сарын 13-ны өдөр Спортын төв ордонд Азийн зуны спортын 18 дугаар наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх арга хэмжээ болж, тамирчдыг төлөөлөн П.Орхон тангараг өргөсөн билээ. Тэрбээр Азийн наадмын дэвжээнд хүчтэй өрсөлдөгч гэдгээ дахин харуулж, аваргын алтан медалийг хүртсэн. Наадмыг зохион байгуулах хорооноос П.Орхонд харамсалтай мэдээ дуулгаж, тэрбээр Азийн наадамд допинг хэрэглэсэн тамирчнаар бүртгэгдсэн юм. Түүний өгсөн “А”, “В” шинжилгээнээс хориотой бодис (анаболик стеройд) илэрсэн нь тогтоогдож, улмаар аваргын алтан медалийг хүчингүйд тооцжээ.

П.Орхоны дуулиантай холбоотойгоор ДАШТ-д оролцох эмэгтэй багийн бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт орсон нь олны анхаарлыг татаж байгаа юм. Тиймээс П.Орхон ямар шийтгэл авах вэ?, яагаад түүнд ялагдсан тамирчин ДАШТ-д явах ёстой вэ зэрэг олон асуулт спорт сонирхогчдын анхаарлыг татсаар байна. Чөлөөт бөхийн холбооноос энэ асуудлаар ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй гэдгээ хэлж, ДАШТ явах тамирчдын нэрсэд өөрчлөлт орсон мэдээллийг өгч байна.

Чөлөөт бөхийн холбооноос ДАШТ-д оролцох тамирчдын сонгон шалгаруулалтыг нэмэлтээр авдаг болсон. Энэ шалгаруулалтыг П.Орхон төвөггүйхэн давж, эрхээ баталгаажуулсан ч түүнд ялагдсан олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэгийг жин өгсүүлэн 68 кг-д барилдуулахаар болжээ. Тэгвэл дуулианы эзэн болоод байгаа П.Орхоны 62 кг-ын жинд Э.Гантуяаг сонгосон нь бас л анхаарал татсаар байгаа юм.

Э.Гантуяа 57 кг-ын сонгон шалгаруулалтад барилдаж, Б.Энхтүвшин, П.Шинэхүүг ялж, С.Цэрэнчимэдэд ялагдсан байна. Гэхдээ Э.Гантуяа энэ жиндээ аваргын төлөө барилдах эрхээ авч чадаагүй.

Гавьяат тамирчин С.Батцэцэгийг ДАШТ-ийг зорих болсон шалтгаан нь 68 кг-д барилдах эрхээ аваад байсан Ш.Түмэнцэцэг Азийн наадмын үеэр бэртэл авсантай холбоотой аж.

Хэдийгээр 10 хоног хүрэхгүй хугацаанд болох гэж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий өмнө Монголын эмэгтэй багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь олны анхаарлыг татсан хэвээр байна.

Унгарт чөлөөт бөхийн ДАШТ эхлэхэд ес хоног үлдсэн бол “Токио 2020” олимпийн наадам 652 хоногийн дараа хөшгөө нээх юм.

“БУДАПЕШТ-2018”: ЧӨЛӨӨТ БӨХ-ДАШТ

ЭРЭГТЭЙ:

  • 57 кг- Э.Бэхбаяр
  • 61 кг- Т.Түвшинтулга
  • 65 кг- Т.Тулга
  • 70 кг – Б.Бямбадорж
  • 74 кг- Г.Мандахнаран
  • 79 кг- П.Өнөрбат
  • 86 кг- О.Үйтүмэн
  • 92 кг- Л.Төртогтох
  • 97 кг: Ө.Батзул
  • 125 кг- Н.Золбоо

ЭМЭГТЭЙ:

  • 50 кг- Э.Нарангэрэл
  • 53 кг- Э.Сумъяа
  • 55 кг- Э.Даваачимэг
  • 57 кг- А.Батцэцэг
  • 59 кг- Б.Шоовдор
  • 62 кг- Э. Гантуяа (Энэ жинд эрхээ авсан П.Орхон хасагдаж, сонгон шалгаруулалтад 57 кг-д өрсөлдсөн Э.Гантуяаг сонгосон байна. )
  • 65 кг- Х.Болортуяа
  • 68 кг- С. Батцэцэг (Энэ жинд эрхээ авсан Ш.Түмэнцэцэг бэртэлтэй учраас түүний оронд С.Батцэцэгийг сонгожээ.)
  • 72 кг- О.Насанбурмаа
  • 76 кг- Г.Наранчимэг

ДАШТ-д оролцох эрэгтэй багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй юм. Баг тамирчид энэ сарын 16-д Унгарыг зорихоор болжээ.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж