Охидууд нэгнээ намхан бүдүүнээр нь ялгаварладаг

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Охидууд нэгнээ намхан бүдүүнээр нь ялгаварладаг

СХД-ийн 67 дугаар сургуулийн 12А ангийн сурагч А.Оюун-Эрдэнэ “Миний хүүхэд нас дуусч, одоо 18 насны босгыг алхаж байна. Би эцэг эхийнхээ хайр халамжаас гарч үзээгүй, дөнгөж боловсорч байгаа өсвөр насны охин. Яг энэ үед л би “эмэгтэй хүн гэж хэн бэ”, “энэ насан дээр үерхэл, хайр дурлал гэж байх ёстой юу, байдаг бол өөрийгөө хэрхэн бэлдэх вэ”  гэж боддог байлаа. Энэ чуулганд ирснээр хариуг нь олоогүй олон асуултын минь хариуг мэргэжлийн хүмүүс өгч байна гэв. Тэрбээр Олон улсын охидын өдөрт зориулан Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Лидер сурагч академи” хамтран “Хүч чадалтай охид” чуулга уулзалтад төлөөлөгчөөр оролцож байгаа юм.

Тэрбээр “Охидод төрөл бүрийн л асуудал тулгардаг. Ялангуяа гоо үзэсгэлэнгийн хувьд. Давхраатай, давхраагүй, бүдүүн, намхан гэх мэтчилэн гадаад үзэмжээр их ялгаварладаг. Гадуурхал гэдэг зүйл сургууль дээр гэхээсээ илүү цахим орчинд их ажиглагддаг. Нэгийнхээ зурган дээр доромжилсон сэтгэгдэл бичих гэх мэт. Би өдөрт дор хаяж зургаан цаг фэйсбүүк ордог. Өмнө нь хичээлийн дундуур фэйсбүүк ордог байсан бол одоо фэйсбүүкийн дундуур хичээлээ хийдэг болсон. Сургууль дээр гар утас ашиглахыг хориглосон ч бид утас барихгүй гэсэн үг биш шүү дээ. Энийг шийдэх нь хамгийн эхний асуудал гэж бодож байна” гэлээ.

“Хүч чадалтай охид” чуулга уулзалтад 70 гаруй сургуулийн 600 охин, 50 ээж, 50 багш оролцсон юм.  Мөн жүжигчин Б.Мишээл, топ модель Б.Төгс нарын хүмүүс ирж охидтой чөлөөт сэдвээр ярилцсан юм.

“King kids” дунд сургуулийн багш Ч.Лхагвадулам “Охидыг ажиглахад нэгийгээ гадуурхах, хүндлэлгүй харьцах, интернет орчинд элдэв үгээр хэлэх юм. Энэ нь нөгөө хүүхдээ сэтгэлээр унах, гутрахад хүргэдэг. Тиймээс охид багаасаа нэгийгээ хүндэлж сураасай” гэв.

ГБХЗХГ-ын Хүүхэд хөгжил хамгааллын газрын дарга О.Сэлэнгэ “Энэ уулзалтын гол зорилго нь охидод тулгарч буй асуудлыг тодорхойлж, шийдэх гарцыг хайхад оршиж байна. Нөгөө талаасаа охид эрэгтэй хүүхдэд хэрхэн яаж зөв үлгэрлэх, тэд нийгмийн сайн сайхны төлөө юу хийж чадах вэ гэдгийг ярилцах юм. Зөвхөн ярилцах биш ажил хэрэг болгоно. Хүүхдийг хайрлаж, тэдний эрхийг хамгаалах нь бүх салбарын хүмүүсийн үүрэг” гэсэн юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 0-18 насны 587.250 охид байна

ХУД-ийн иргэн С.Мөнхдэлгэр “Ээжүүд бид охиндоо хамгийн сайн сайхан бүхнийг зориулдаг. Гэхдээ сургууль, найз нөхөд дунд нь асуудал байдаг уу, өөрт нь санаа зовох зүйл байгаа юу зэргийг тэр бүр анхаарч чаддаггүй. Харин энэ уулзалтаар өсвөр охид юу бодож, сэтгэж байгааг мэдэх боломжтой болж байгаад баяртай байна” гэлээ.

Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблей 2012 оноос эхлэн энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” хэмээн тунхаглажээ. Түүнээс хойш дэлхийн 193 орон тэр дундаа манай улс энэ өдрийг “Охидын эрхийг хамгаалах өдөр”  болгон тэмдэглэсээр ирсэн юм.

М.БААСАНДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж