Ардчилсан системд шилжсэнээрээ Монгол Улс дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах гараагаа тунхагласан. Нэг нь ялж, нөгөөх нь ялагддаг учраас л “СОНГУУЛЬ” гэж явагддаг ардчиллын үнэт зүйл болсон гол тоглоом дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгддөг. Үүнийг ч ардчилсан системийг эргэлт буцалтгүй сонгосон Монгол Улс даган бүхий л шатны сонгуулийг явуулан ялсан намд төр засгийнхаа эрхийг бариулсаар 28 жил өнгөрч.
98 жилийн түүхтэй МАН ч дотооддоо ардчиллыг сонгон сонгуулиар удирдлагын багаа сонгодог зарчмаар явсаар өнөөг хүрлээ. Өнгөрсөн Нийслэлийн МАН-ын даргын сонгууль энэ л зарчмаар явсан. Удирдах зөвлөл дээд шатнаасаа нэг хүнийг санал болгон нийслэлийн бага хуралдаа санал оруулсан. Бага хурлын 369 гишүүн нь харин Удирдах зөвлөлөөс санал болгосон болон заалнаас нэр дэвшигчдийн хооронд явуулсан санал асуулгад гишүүн бүр өөрийн итгэл үнэмшлээрээ саналаа өгсөн. Нийслэлийн 152 үүр тус бүрээс төлөөлөн сонгогдсон төлөөлөгчид болон квотоор орсон төлөөлөгчдөд хоёр нэр дэвшигч өөр өөрийн ажиллах зарчмаа танилцуулсан улс төрийн илтгэлээ тавьж, дараа нь санал хураалт болсон. Энэ бол ардчиллын л алтан зарчим. Дэлхий нийтэд ардчиллаас өөр, сонгуулиас өөр шударга тогтолцооны хувилбар өнөөдөртөө гарч ирээгүй байна.
Энэ л зарчмаар явсан сонгуулийг МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрээ дагасангүй гэсэн коммунист талаас нь харах тус намын кадрууд байх. Удирдах зөвлөлөөс санал болгосон хүн л дарга болох байсан юм бол сонгууль явуулах, 152 анхан шатны үүрээсээ төлөөлөгчид сонгон хуралдуулах шаардлага байсан уу. 369 төлөөлөгчийн итгэл үнэмшлээр өгсөн саналыг үгүйсгэн тайлбарлах байсан бол анхнаасаа сонгуульт тогтолцоогоор удирдлагаа сонгох хуралдааныг зохион байгуулах шаардлага байсан уу. МАН-д ардчиллын үнэт зүйлийг үнэртсэн залуусын давалгаа хүч түрэн орж ирэхэд “даргын далбаагаар өрсөлдөөнгүй өөдлөгсөд”-ийн зам хаагдан бархиралдаж намаа ардчиллаас ухраахаар өндөлзөцгөөж эхэлж. МАН-ын ардчилал хаа хүрэх вэ.
Ч.МӨНХ
Холбоотой мэдээ