Хүүхдээ хайрла, эцэг, эхчүүд ээ?

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Хүүхдээ хайрла, эцэг, эхчүүд ээ?

Хүүхдээ хайрла, эцэг, эхчүүд ээ?

Ээж, аавынхаа гараас хөтлөн, БНХАУ-ын Эрээн хотыг зорьсон хүүг өрийн барьцаанд тавина чинээ хэний санаанд буух билээ. Гэвч кинонд л гардаг аймшигт үйл явдал “амилав”. Хэрэв хүүхдийг барьцаанаас гаргаж, Монголд авчраагүй бол хүүгийн хувь заяа хаашаа эргэх байсныг таашгүй нь.

Хүний наймаа, бэлгийн мөлжлөгөөс охидоо яаж хамгаалах вэ гэж хэдхэн жилийн өмнө хэвлэлүүд бичдэг байсан бол өнөөдөр төрсөн эцэг эхээс нь хүүхдүүдийг нь яаж хамгаалах тухай хөндөхөд хүрч байна.

Цагдаагийн байгууллагын мэдээллээр энэ оны эхний есөн сарын байдлаар 0-13 насны 79 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болжээ. Үүнд төрсөн хүүхдээ хүчирхийлсэн хэргээс гадна дагавар хүүхдээ хүчирхийлсэн, мөн эцэг, эхийн хараа хяналт суларснаас хүүхэд нь хүчирхийлэлд өртсөн хэргүүд ч бүртгэгдсэн байна.

Энэ бол хүнээ мартсан төрөөс болж, нийгэмд аймшигт хэрэг үйлдэгдэх болсон гэж шуугихаас илүүтэй эцэг, эхийн хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага юу, юунаас чухлыг хаа, хаанаа бодолцох цаг иржээ.

Өөрсдөө хүүхэд насаа үдээгүй шахам байж, эцэг эх болдог. Хүүхдийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээх цаг ирэхэд даван туулж чадалгүй амьдралаа бусниулж байгаа нь эцсийн дүндээ хүүхдээ хамгийн том хохирогч болгож байна.

Эхийг нь хайрласан бол хүүхдийг нь хайрла гэсэн сургаал байдаг ч өнөөдөр энэ үгний утга учрыг ойлгож, хамтын амьдралаа зохиодог залуус ховорджээ. “Хойд ээж, ааваас хол байхаар зодуулахгүй амар байдаг юм аа” гэж ярих тэр хүүхдүүд амьдрахын эрхэнд хулгай хийгээгүй л байгаасай даа гэж залбирахаас өөр сонголт алга.

Гэтэл “төрүүлсэн хүүхдээ дэнчин болгон тавьж, хүчирхийлж байхад хойд эцэг, эхээс ч янз бүрийн авир гаралгүй дээ” гэх үг ч сонсогдох. Хуучин цагийн хүний өөрийн гэж алагчлалгүй ачилдаг байсан эцэг, эхийн хүмүүжил, хайр хаачив аа?.

Буруу зүйл хийхгүй хүүхэд гэж үгүй. Харин тэрхүү үйлдэл бүрийг нь өөрт нь ойлгуулж, зөв хүн болон төлөвшүүлэх суурийг эцэг, эх л тавих учиртай. Харамсалтай нь, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаар дамжуулж, олгох ёстой хүмүүжлийг харгислал болгон хувиргаснаар зарим хүүхэд амиа алдаж, зарим нь харгислал дунд өсч, өндийж, зарим нь гудамжинд гарч байна. Тухайлбал, хоёр жилийн өмнө дөрөвхөн настай охин хойд эхийн гарт амиа алдсан. Төрсөн эх нь охиноо өөр дээрээ өсгөсөн бол эл аймшигт хэрэг гарахгүй ч байсан юм билүү гэх эргэлзээг одоо ч олон хүнд төрүүлдэг.

Хойд эцэгтээ заазуурдуулсан хүүд түргэн тусламжийн эмч яаралтай тусламж үзүүлээгүй бол тэрхүү харгислал бас л аймшиг болж хувирах байсан. Тоочвол эцэг, эхийн харгислалаас болж, амь насаа алдаж, гэмт хэргийн хохирогч болж буй олон бяцхан үрсийн жишээг дурдаж болно.

Нөгөөтэйгүүр, хүүхэд ээж, ааваасаа бие биеэ хэрхэн хайрладгийг сурдаг. Хайртай ээжийг нь хайртай аав нь зодож байхыг харж байгаа хүүхэд хожим гэр бүлийн амьдрал зохиохдоо аз жаргалтай амьдралыг зохионо гэдэг хэцүү. Гэр бүлийн хүчирхийлэл бол үе дамжих эрсдэлтэй хор уршигтай зүйл.

Хүчирхийллийг таслан зогсоохын тулд ялын дэглэмээ чангатгаж, цаазын ялыг сэргээх ёстой гэх байр суурийг зарим улстөрчид хэлэх нь бий. Гэвч ялын бодлогыг чангатгаснаар гэмт хэргийн тоо буурдаггүй гэдгийг олон улсын жишээнээс харж болно.

Гол нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бий болгож, хүнээрээ хүн хийх. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хүүхэддээ зөв хүмүүжлийг олгож, ёс зүйтэй болгон хүмүүжүүлбэл Монголын ирээдүй гэрэлтэй болно.

Эцэг, эхчүүдээ хүүхдээ хайраар бүү дутаагаач…

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж