Хотын захиргааг Яармагийн дэнж рүү 2019 оны нэгдүгээр улиралд багтаан нүүлгэнэ гэж Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэв. Тэрбээр Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 оны ерөнхий төлөвлөгөөний зорилго болон цаг үеийн асуудлаар өнөөдөр /2018.10.11/ мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын захирагч С.БАТБОЛД “Нийслэлийн 379 жилийн ой энэ сарын 29-нд болно. Ойг угтаж 2040 он хүртэлх Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна. Өмнө нь хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ажлын хэсэг байгуулагдан ажилладаг байсан бол энэ удаа иргэдийн санал дээр тулгуурлаж байгаа. Улаанбаатар хотын хязгааргүй тэлэлтийг бууруулахын тулд шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Мөн Нийслэлийн засаг захиргааны байрыг Яармагийн дэнж рүү нүүлгэх бэлтгэл ажлыг хангаж байна. Нийслэл хотыг тэлснээр Улаанбаатар хотын түгжрэл, хүн амын нягтралыг сааруулах боломж бололцоотой” гэв. Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн.
-Нийслэлийн Засаг захиргааг шилжүүлэх ажил ямар шатандаа явж байна. Эхний санхүүжилт болох 17 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэсэн. Энэ үнэн үү?
–Бид 2019 оны нэгдүгээр улиралд багтаж нүүх бодолтой байна. НИТХ-ын хуралдаанаар барилгын эхний санхүүжилтийг шийдсэн. Энэ ажлын явцад гурван корпус барилга барина. ИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны байр, агентлагуудынх иргэдэд үйлчлэх төв гэсэн гурван байрны бүтээн байгуулалтын ажлыг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөж байна. Санхүүжилтийг нь хотын төв дэх барилгуудыг худалдах замаар шийдвэрлэнэ.
Хангарьд ордныг дуудлага худалдаагаар худалдана. Дөрөвдүгээр байрыг нээлттэй зарна. Энэ асуудал нь төвлөрлийг сааруулах ажлын эхлэл юм. Монгол Улсын түүхэнд анх удаа төвлөрлийг сааруулах алхам хийж байгааг зөв талаас нь ойлгох ёстой.
Хотын захиргаа нүүсний дараа бусад маш олон төрийн байгууллага нүүх байх. Хотын төв рүү ирэх 20-30 мянган машины төвлөрлийг хотын зах руу гаргах бололцоотой гэж харж байна. НИТХ-ын хурлаар 17 тэрбумын санхүүжилт батлагдсан. Гүйцэтгэлийн дагуу компаниуд рүү шилжүүлнэ.
-Ипотекийн зээлийн санхүүжилтээс илүү мөнгийг Улаанбаатарын агаарын бохирдолд зарцуулахаар болсонд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Нийслэлийг оронсууцжуулахгүйгээр утаанд мөнгө зарцуулаад нэмэргүй биш үү?
– У.Хүрэлсүхийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах асуудалд маш идэвхтэй эрэл хайгуул хийж ажиллаж байна.. Утааны асуудлыг шийдвэрлэхийн тулд өнгөрсөн оноос эхлэн ажиллаж, янз бүрийн арга замыг хайж байгаа. Эцсийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах боловч маш урт хугацааны хөрөнгө мөнгө шаардсан ажил. Одоогоор тодорхой шийдлүүдийг олсон. Агаарын бохирдлыг бууруулахад урьд өмнө яригдаж байгаагүй төсөв хөрөнгөний асуудлыг УИХ-д яригдаж байгаа. Энийг шүүмжлэхээс илүү ойлгож дэмжиж ажилласнаар та бидний ирээдүйд амьсгалах агаар, эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Энэ ажлын хүрээнд түлшийг боловсруулах нь зүйтэй гэж үзсэн.
600 мянган шахмал түлшний нөөцийг 2019 оны есдүгээр сарын 15-нд халаалтын улирал эхлэхэд нөөцөлсөн байна. Үүнээс өмнө буюу ирэх хавар нүүрсийг хориглоно. Түлшний асуудлыг шийдсэнээр агаарт цацагдаж байгаа хорыг 50 хувиар бууруулах боломжтой.
-Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль юу болсон бэ?
-Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийгээд явж байна. Хууль батлагдсанаар иргэдэд эрхзүйн тааламжтай орчин бүрдэнэ. Энэ хуулийн төслийг хурдан баталж өгөхийг шаардаж байгаа. Намрын чуулганаар батална гэдэгт итгэж байна.
-Хотын даргыг сольж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Улс төрийн түвшинд ямар нэгэн халаа сэлгээ хийх асуудал яригдаагүй.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд байрандаа орж чадахгүй өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байгаа иргэд цөөнгүй бий. Хотын даргын хувиар та асуудалд хэр анхаарч ажиллаж байна вэ?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэг алдаа бол иргэдийн газрыг орон сууцаар солих явцад гүйцэтгэлийн компаниуд амласан хугацаандаа орон сууцтай болгож чадаагүй. Намайг ажил авах үед буюу 2.5 жилийн өмнө 400 мянган иргэний байр хугацаандаа ашиглалтад ороогүй, түрээсийн байранд байсан. Энэ асуудалд бид арга хэмжээ авахдаа хамгийн хүнд нөхцөлд байгаа, компаниудаас түрээсийн мөнгө төлөгдөөгүй 200 гаруй өрхийг түрээсийн болон ахмадын байранд оруулсан.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Холбоотой мэдээ