Хааны удмынхан болон язгууртнуудтай хувь тавилангаа холбосон жүжигчид

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Хааны удмынхан болон язгууртнуудтай хувь тавилангаа холбосон жүжигчид

Английн ханхүү Харри болон Холливүүдын жүжигчин Меган Маркл нарын хурим 2018 онд хамгийн их шуугиан тарьсан мэдээллүүдийн нэг байсан билээ. Харин түүх сөхвөл, энэ хурим нь хааны гэр бүлийн гишүүн эсвэл язгууртны угсааныхан жүжигчинтэй хувь тавилангаа нэгтгэж буй анхны тохиолдол биш аж.

Ингээд дэлхийн алдар цуутай жүжигчдээс хэн нь хааны удмын болон язгууртнуудтай гэр бүл болж байсан  мэдээллийг хүргэе.


РИТА ХЭЙВОРТ

Холливуудын домогт жүжигчин Рита Хэйворт 1940-өөд онд дэлхийн хамгийн алдартай оддын нэг байжээ. Тэрээр “Элс цус”, “Багтай охин”, “Чи хэзээ ч баяжихгүй”, “Гилда”, “Шанхайн хатагтай” зэрэг кинонуудад дүр бүтээсэн байна.

Нөхөр: Пакистаны султан 3-р Ага Ханы хүү, хунтайж Али Хан

Гэрлэсний дараах хэргэм цол: Гүнж

Рита Хэйворт нийт  таван удаа гэрлэсэн бөгөөд Пакистаны ханхүү Али Хан түүний гурав дахь нөхөр нь байжээ. Хосууд анх Каннын кино наадмын үеэр танилцан, болзож  эхэлсэн гэдэг. Хэйвортийг жирэмсэн болсны дараа Али Хан эхнэрээсээ салж, охин Ясмин Ага Ханыг хамтдаа өлгийдөн авсан байна.  Тэд 1949 онд гэрлэснээр Рита Хэйворт “Рита гүнж” хэмээн цоллуулах болж, хааны удмын цол хэргэм хүртсэн анхны Холливүүдын жүжигчин болсон байна. Гэвч 1953 онд араараа тавиулахаас залхсан Хэйворт нөхрөөсөө салжээ.

ГРЕЙС КЭЛЛИ

Грейс Кэлли нь “Алуурчин руу  залгахыг хүсвэл М-ийг дар”, “Ховор цонх””Хулгайчийг барьсан нь” зэрэг нийт 11 кинонд дүр бүтээсэн. “Хөдөөний охин” киногоороо Оскарын шагнал хүртсэн байна. Английн кино найруулагч Алфред Хитчкокийн уран бүтээлийнх нь урам зориг байсан төдийгүй тухайн цаг үеийнхээ хамгийн өндөр цалинтай жүжигчин байжээ.

Нөхөр: Монакогийн хунтайж 3-р Рейнир

Гэрлэсний дараах хэргэм цол: Монакогийн гүнж

Нөхөртэйгөө “Хулгайчийг барьсан нь” киноны зураг авалтын үеэр танилцсан. Хааны удмын хүнтэй гэрлэснийхээ дараа жүжигчний ажлаасаа хөндийрсөн байна. Хосууд 3 хүүхэдтэй болжээ. Гэвч  Монакогийн гүнж 52 насандаа машины ослоор нас барсан аж. Машин барьж явахдаа сандарч, жолоогоо алдсанаас автомашин нь уулын хавцал руу унасан байна.

ОЛИВИА ВАЙЛД

Оливиа жүжигчний гараагаа телевизийн олон ангит киноноос эхэлсэн бөгөөд “M.D байшин” хэмээх киногоороо алдаршжээ.  

Нөхөр: 2013-2011 онд Италийн язгууртан Алессандро Русполигийн хүү Тао Русполигийн гэргий байв.

Жүжигчин Оливиа Вайлд алдарт Ромын язгууртны удмын хүн, ханхүү Тао Русполитой гэрлэх үедээ дөнгөж 18 настай байжээ. Тэд Италийн нэгэн эртний шилтгээнд гэрлэсэн бөгөөд есөн жилийн дараа салцгаасан.

ЭЛИА ЗАХАРИА

Элиа нь Албанийн жүжигчин, дуучин юм.  Ихэвчлэн Албанийн үндэсний театрт тоглодог байжээ.

Нөхөр: Албанийн угсаа залгамжлах ханхүү Лека. Түүний албан ёсны нэр нь II Зогу Лека бөгөөд 2011 онд Албанийн хаан ширээнд суужээ.

Гэрлэсний дараах хэргэм цол: Угсаа залгамжлах гүнж

Тэдний гэрлэх тухай мэдээллийг 2010 оны тавдугаар сарын 10-нд олон нийтэд сонордуулжээ. Элиа нь 1983 онд төрсөн,  гэр бүл нь ч бас язгууртны угсаатай юм. Хосууд сүй тавьснаасаа хойш зургаан жилийн дараа  буюу 2016 оны аравдугаар сарын 8-нд Албанийн нийслэл Тиранад гэрлэсэн байна.

КЛОТИЛДЕ КУРО

Тэрбээр  1988 оноос хойш нийт 41 кинонд тогложээ. Түүний бүтээсэн хамгийн алдартай дүр нь “Эдит Пайфийн дурлал” киноны Анетийн дүр юм.

Нөхөр: Италийн сүүлчийн хаан 2-р Умбертогийн ач хүү Витторио Эмануель ди Савуа-ийн хүү, угсаа залгамжлагч, Савойн гэр бүлийн гишүүн, Венецийн хунтайж Эмануель Филиберто .

Гэрлэсний дараах хэргэм цол: Венецийн гүнж

Венецийн хунтайж Эмануель Филиберто болон Франц жүжигчин Клотилде Куро нар 2003 онд гэрлэсэн байна. Тэднийг гэрлэхэд хунтайжийн гэр бүлийнхэн хааны удам сэвтэж байгаа явдалд болон Клотилде Курогийн нэр хүндэд санаа зовж байсан боловч Клотилде сайн гэргий, нөхрийнхөө үнэнч туслах нь болж чаджээ. Хосууд өдгөө хоёр хүүхэдтэй.

ЖЕЙМС ЛИ КУРТИС

Мэргэжлийнхээ гарааг тэрбээр “Сүнсний баяр”, “Аймшигт галт тэрэг” , “Төгсөлтийн үдэшлэг”, “Сүсний баяр-2” зэрэг аймшгийн кинонуудаар эхэлж байсан боловч өөр төрлийн “Ванда хэмээх загас”, “Үнэн мэт худал”, “Галзуу баасан гараг” зэрэг кинонуудаараа  алдаршсан байна.

Нөхөр: Английн ноён V  Барон Хаден Гэст, Кристофер Гэстал

Гэрлэсний дараах хэргэм цол: Нөхөр нь 1996 онд эцгийнхээ угсааг залгамжилснаас хойш Барон Хадений авхай болжээ.

Хосууд 1984 онд гэрлэсэн.  Өнөөг хүртэл 30 гаруй жилийн турш хамт амьдарч, хоёр хүүхэд өргөж авчээ. Нөхөр Кристофер Гэст нь ч бас жүжигчин, хөгжмийн зохиолч, киноны зохиол бичдэг төдийгүй 60 гаруй кинонд дүр бүтээсэн байна. Барон гэх энэхүү цол нь Их Британы  язгууртнуудын хувьд өндөр хэргэм биш боловч кино ертөнцөд хосуудын нэр тун ч хүндэтгэлтэй сонсогддог аж.

ЖА ЖА ГАБОР

Тэрбээр жүжигчний ажлаа 1952 онд  “Бид гэрлээгүй” кинонд тоглосоноор эхэлсэн. Мөн “Moulin Rouge” кинонд Жейн Аврил гэх бүжигчний дүрийг бүтээж байв. Түүний тоглож байсан хамгийн алдартай кинонуудаас дурдвал “Элм гудамжны хар дарсан зүүд 3: Зүүдний дайчид”, “The Beverly Hillbillies”, “Тун нөхөрсөг үр дагавар” зэрэг байна.

Нөхөр: Германы гүнж Анхалтийн Марий Августийн өргөмөл хүү Фредерик Принц фон Анхалт. 

Гэрлэсний дараах хэргэм цол: Анхалтийн Сарий Принц.

Жүжигчин бүсгүй нийт есөн  удаа гэрлэж байсан.  Фредерик Принц фон Анхалт сүүлийнх нь нөхөр юм. Хосууд 1986 онд гэрлэсэн ч 2016 онд  Жа Жа-г  99 насандаа өөд болох хүртэл хамт амьдарсан ажээ. (Тэрээр нөхрөөсөө 26 насаар эгч байсан). Нөхрийнх нь ээж, Германы гүнж Анхалтийн Марий Августийн хамаатнууд нь түүнийг хүлээн зөвшөөрөөгүй учир нь  Германий язгууртнуудын нэр өгөх зарчим нь тун түвэгтэй байжээ. Харин Мари Августийн хүүгийн нэрийг сольж Фредерик Принц фон Анхалт болгосноор асуудлыг хялбархан шийдсэн байна. Ингэснээр түүний хэргэм нь Саксон, Вестфалийн гүн Фредерик Принц фон Анхалт болжээ.

КАСПЕР ВАН ДИЕН

Жүжигчин Каспер Ван Диен “Сансрын дайчид” болон “Сансрын дайчид 3: Дээрэмчид" киноны Жонни Рикогийн дүрээрээ алдаршжээ.

Эхнэр: Югославийн гүнж Элизабетийн охин Катерин Оксенберг. Ээжийнхээ талаас бодвол тэрбээр Британийн хааны удмынхны, харин эцгийнхээ талаас Оросын хааны удмынхны үр сад аж.

Каспер, Катерин нар 1999 онд гэрлэжээ. Катерин ч бас жүжигчин бөгөөд  Dynasty хэмээх телевизийн олон ангит  киноны Аманда Каррингтоны дүрээр алдаршсан байна.  Хосууд нэгэн киноны зураг авалтын үеэр анх танилцаж,  хожим “Би гүнжтэй гэрлэсэн “хэмээх Америк, Англи, Австралийн телевизийн шоунд хамтран тогложээ. Гэвч тэд 2015 онд салсан байна.

МЕГАН МЭРКЛ

Тэрбээр “Suits” хэмээх олон ангит киноны киноны Рейчэл Зейний дүрээрээ алдартай төдийгүй “Намайг санаач”, “Horrible Bosses” кинонд дүр бүтээж байв.

Нөхөр: Уэлсийн ханхүү болон Диана гүнж нарын бага хүү,  хатан хаан II Элизабетийн ач хүү Сюссексийн гүн, хунтайж Харри. Британийн хаан ширээг залгамжлах VI хүн юм.

Гэрлэсний дараах хэргэм цол: Сюссексийн гүнгийн авхай

Хосууд анх 2016 оны зургадугаар сард танилцаж байсан. Сүй тавьсныхаа  дараа тэд хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагандаа хэрхэн анх учирснаа ярьжээ. Жүжигчин бүсгүй Англид ажлын шугамаар ирэх үеэр түүний нэг найз нь өөрийнхөө найз болох Английн ханхүүтэй сохор болзоонд урьсан байна. Түүнээс хойш хоёрхон жилийн дараа хосууд гэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж