Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хууль бус үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
НМХГ-аас нийслэл хотын хэмжээнд эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 46 эмнэлэгт шалгалт хийжээ. Шалгалтын үеэр “Энхлэг сүйжин”, “Ач арвижих”, “Ди Эл Өү”, “Энхмөнхманал” тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршлаасаа өөр газар үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогджээ. Мөн эмчлэх, сувилах, эх барих үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулж байсан “Бяцхан гүнж”, “Цэцэгс”, ”Сэцэнгоо” эмнэлэгүүдэд арга хэмжээ авчээ.
Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг”, “Амгалан” амаржих газруудад хууль бус үр хөндөлтийн улмаас биеийн байдал нь хүндэрсэн шалтгаанаар 21 бүсгүй эмчлүүлсэн байна. Мөн үр хөндөлтийн улмаас умай нь цоорсон хоёр тохиолдлыг мэс заслын аргаар эмчилжээ.
Зулбуулах эмийг зарж борлуулдаг хүмүүс өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болчихсон байдаг. Үүний цаана маш том сүлжээ үүссэн учраас илрүүлэн шалгахад хүндрэлтэй байдаг талаар НМХГ-ын байцаагчид хэлж байна.
Баянзүрх дүүрэгт байрлах магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан “Энхийн төлөө” эмнэлгээр үйлчлүүлсэн бүсгүйн биеийн байдал нь хүндэрч умайгаа авхуулах мэс засалд орсон тохиолдол гарсан байна.
М.БААСАНДЭЛГЭР
Холбоотой мэдээ