"ЭТТ"-н хувьцаагаа луйвардуулахаас болгоомжил

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

"ЭТТ"-н хувьцаагаа луйвардуулахаас болгоомжил

"ЭТТ"-н хувьцаагаа луйвардуулахаас болгоомжил

“Эрдэнэс- Тавантолгой” ХК-ийн  хувьцааг хувааж иргэн бүрт 1072 хувьцааг тарааж өгснөөс хойш зургаан жил өнгөрчээ. Тэгвэл ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд “1072 хувьцааг өндөр үнээр худалдаж авна” гэх цуурхал тарж, иргэдийг багагүй төөрөгдөлд оруулаад байгаа. Ингэхдээ  ямар нэгэн зураггүй хуурамч хаягаас зар тавьж байгаа бөгөөд хамгийн гол нь эргээд холбогдох ямар нэгэн дугаар байхгүй зөвхөн чатаар л холбогдохыг санал болгож буй.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцаатай холбоотойгоор нийгмийн цахим сүлжээнд зарим нэг худал ташаа мэдээлэл цацагдах болсон талаар тус компаниас мэдэгдсэн байна. Тухайлбал, "Онлайнаар хувьцааны данс нээж байна, энд бүртгүүлж дансаа нээлгэнэ үү, 1072 хувьцааг худалдаж авч байна” гэх зэрэг зар мэдээлэл, цахим холбоосууд нь иргэдийг залилан мэхэлж болзошгүй гэмт хэргийн шинж чанартай байна” хэмээн мэдэгджээ.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Өнөөдрийн байдлаар хувьцаатай холбоотой хохирогчид  манай байгууллагад бүртгэгдээгүй байна. Цагдаагийн байгууллагаас  энэ худал мэдээллийг санаатайгаар тарааж, зохион байгуулж буй хүмүүсийг олж илрүүлж, холбогдох хуулийн дагуу хариуцлага ноогдуулна” гэсэн юм.

Тэгвэл  уул уурхайн эдийн засагч, судлаач Л.Наранбаатар “1072 хувьцааг авна, зарна гээд байгаа хүмүүсийг цагдаагийн байгууллагаар шалгуулах нь зөв. Луйвар байх магадлалтай. Одоогоор 1072 хувьцааг арилжаалах ямар ч шийдвэр гараагүй. Мөн брокерийн байгууллагад данс нээлгэх ч болоогүй”  хэмээн   твиттерт жиргэжээ. Өнгөрсөн  хугацаанд 1072  хувьцаа үе үе амь орж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон оюутан залуучуудын тодорхой хэсэг сургалтын төлбөр болон  бэлэн мөнгө  хэлбэрээр авч төрдөө хувьцаагаа өгсөн.  Гэхдээ албан ёсоор хоёрдогч зах зээлд арилжаалагдах нээлттэй хувьцаа болгох асуудал хэзээ эцэслэн  шийдэгдэх нь тодорхойгүй  хэвээр байгаа юм.  Иргэд 1072 хувьцааны талаарх бодит мэдээллийг “Эрдэнэс- Тавантолгой” ХК дээр очиж авч болохоос гадна эсвэл 1800-1072 гэсэн тусгай дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж