Монгол эрчүүдийн сайн дураар тайган болох тэнэглэл

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Монгол эрчүүдийн сайн дураар тайган болох тэнэглэл

Монгол эрчүүдийн сайн дураар тайган болох тэнэглэл

Хээгүй, гүндүүгүй хэмээн тодотгодог монгол эрчүүдийн эрүүл мэнд сэтгэл зовних хэмжээнд очжээ. Архи, тамхины замбараагүй хэрэглээ, бэлгийн замын халдварт өвчин, хорт хавдар гээд олон таагүй асуудал өнөөдрийн монгол эрчүүдийн ерөнхий дүр төрхийг тодорхойлох болсон байна. Монгол хүний дундаж наслалт уртассаар байгаа ч эрчүүд эмэгтэйчүүдээс даруй 10 жилийн өмнө хорвоог орхидог болохыг статистик харуулж байна. Тиймээс эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг цувралаар сурвалжлахаар шийдлээ.

“Эрүүл монгол эрэгтэйн эрэлд” цувралын эхний дугаараар олеогранулёма хэмээх үрэвсэлт өвчин, түүний хор уршгийн талаар бэлтгэлээ. Эрчүүд бэлэг эрхтнээ томруулах зорилгоор вазелин зэрэг бодис шахуулж, энэ нь олеогранулёма хэмээх үрэвсэлт өвчин болдог тухай өгүүлэх юм. Одоо өгүүлэх түүхийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нэгэн тасагт тэмдэглэж авсан юм.

“ВАЗЕЛИН ШАХУУЛСНААР ЭРХТЭН ТОМОРЧ, СЕКСДЭЭ МУНДАГ БОЛДОГ ГЭСЭН ЯРИА ХУДЛАА ШҮҮ”

Эдүгээ 50 нас хүрч яваа Г-гийн 30 гаруй жилийн өмнө гаргасан бодлогогүй шийдвэр өнөөдөр түүнийг “тайган” болгожээ. Үеийн найзуудтайгаа дарвин, бүсгүйчүүдэд гайхагдсан, “секс машин” болохын тулд хийсэн үйлдэл нь түүнийг олон жил тарчлааж,  харамсаад ч барахгүй байдалд хүргэсэн байна. Залуусыг ийм харамсах үйлдэл бүү хийгээсэй гэсэндээ өөрт тохиолдсон явдлыг илэн далангүй ярьсан юм.

“1987 онд болсон явдал. Найзуудтайгаа дарвиж суутал том бэлэг эрхтэнтэй байвал бүсгүйчүүдэд таалагддаг, жинхэнэ эр хүн тийм байдаг, хүүхнүүд салахаа больдог юм гэсэн яриа бидний дунд өрнөсөн юм. Тэр үед залуу ч байж. Хоёр найзын хамтаар бэлэг эрхтэн рүүгээ вазелин шахсан. Би дэлгүүрээс орос вазелин худалдан авч билээ. Вазелиныг халбаганд хийгээд лааны гал дээр барьж хайлуулан тариураар соруулж, найман граммыг найзаараа эрхтэн рүүгээ шахуулсан юм. Үүнээс болж одоо үйлээ үзэж байна даа” тэр хэллээ.

Хамгийн мэдрэг, эмзэг эрхтэн рүүгээ вазелин шахаад хүссэн зүйл нь биелсэн эсэхийг асуухад “Бусдын ярьсан шиг, миний төсөөлсөн шиг зүйл болоогүй. Би одоо ч эхнэргүй. Шахсан вазелин арьс, махны дунд ороод тарсан. Хэмжээ нь томордоггүй юм билээ. Вазелин шахуулснаас болж яваандаа үрэвсэл үүсч яаралтай хагалгаанд орсон. Хагалгаанд орохоос гурав хоногийн өмнө эрхтэн хавдаж, чинэрч, задрах гэж байгаа мэт болж аймшигтай өвдөлтийг мэдэрсэн. Тэр өвдөлт ямар ч өвчин намдаах эм, тарианд дарагддаггүй юм билээ. Гол таслах гэж байгаа мэт болж, байж суухын аргагүй болсон тул эмнэлэгт хандаж, хагалгаанд орсон. Надтай цуг ийм юм хийлгэсэн хоёр найз маань хоёул золгүй тохиолдлоор аль хэдийн хорвоог орхисон. Хоёр найзын маань нэг шоронд ял эдэлж байсан л даа. Тэнд л ийм зүйлийн тухай сонссоноо бидэнд ярьсан хэрэг. Ийм зүйл хийлгэсэн хүн ичээд эмнэлэгт ханддаггүй. Буруу зүйл хийснийхээ үйлийн үрийг биеэрээ эдэлж явна. Тэр үед би 19 настай байсан. Энэ насанд хүн нэгнийгээ дуурайгаад юу ч хийхэд бэлэн байдаг. Тиймээс залуусыг надтай адил алдаа битгий гаргаарай гэж захимаар байна. Вазелин шахуулснаар эрхтэн томорч, секстээ мундаг болдог гэсэн яриа худлаа шүү” гэсэн юм.

“ШОДОЙ АРЬСГҮЙ, НҮЦГЭН БОЛДОГ”

Иргэн Г-тэй  адил бэлэг эрхтэн рүүгээ вазелин,эсвэл өөр ямар нэг зүйл шахсанаас үрэвсч, “тайган” болсон хүн олон бий. Энэ шалтгаанаар жилд хэчнээн хүн эмнэлэгт ханддаг, хэрхэн эмчилдэг талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч, Анагаах ухааны доктор Д.Баян-Өндөрөөс тодрууллаа.

-Танайд энэ өвчнөөр жилд хэчнээн хүн эмчлүүлж байна вэ?

-Манай төвийн амбулаторийн хэсэгт жилд 21280 мянган хүнд үзлэг хийдэг. Үүний 2800 орчимд андролог, урологийн мэс засал хийж байна. Мэс заслын 27 хувийг андролог буюу эрэгтэйчүүдийн бэлэг эрхтэн, нөхөн үржихүйтэй холбоотой мэс засал эзэлж байна. Эрэгтэй бэлэг эрхтний арьсан доор ямар нэгэн бодис шахсанаас сорвижилт үүсэхийг олеогранулёма гэдэг. Манайхаар үйлчлүүлсэн хүмүүс ихэвчлэн вазелин, глицерин зарим тохиолдолд машины кропны тос бэлэг эрхтэндээ шахсан тохиолдол ирж байна.

Энэ асуудал зөвхөн Монголд тохиолддоггүй, ОХУ-д сүүлийн дөрвөн жилд 42 хүнд, БНСУ-д 42 өвчтөн ийм оношоор эмчлэгдсэн тухай судалгаа байна. Харин манай төв 2013 онд хоёр хүнд, 2014 онд 15, 2015 онд нэг, 2016 онд гурав, 2017 онд дөрвөн хүнд, 2018 он гарсаар хоёр хүнд олеогранулёмагийн мэс засал хийгээд байна.  Хэдэн хүн хувийн эмнэлэгт ийм төрлийн мэс засал хийлгэсэн нь тодорхой биш. Монгол Улсын хэмжээнд 50 орчим урологийн эмч байдаг. Үүний 11 нь манай төвд ажилладаг. Нууцлаг эрхтэн тул тэр бүр эмч болон бусдад үзүүлж яриад байдаггүй онцлогтой. Олеогранулёма нь бэлэг эрхтний арьсыг сорвижуулж үрэвсүүлээд улмаар идээлж хүндэрсний дараа шодойн арьс үхжиж, шодой нүцгэрдэг аюултай.

-Бэлэг эрхтэн рүүгээ ямар нэгэн бодис шахуулснаас хойш хэр хугацааны дараа зовиур илрэх вэ?

-Бидний судалгаагаар ихэнх тохиолдолд найз нөхдөөрөө дарвиж байгаад, архи уусан байх үедээ бэлэг эрхтэн рүүгээ бодис шахсан байдаг. Бэлэг эрхтэн урт, том болдог гэх ташаа, үндэслэлгүй, батлагдаагүй, зөвхөн бусдын ярианаас сонссон зүйлдээ итгэж вазелин, глицериныг халаагаад бэлэг эрхтэн рүүгээ эмнэлгийн бус нөхцөлд тарьж байна. Хэдий хэмжээгээр шахсанаас шалтгаалан төдий хэмжээний хүндрэл үүсдэг.  Тос биед шахагдсанаар уусч шимэгдэхгүй, венийн болон лимфийн судсыг бөглөж, шодойн арьсны тунгалгийг дагаад бөглөрөл үүссэнээр хүндрэх, халдвар, үхжилт үүсгэх шалтгаан болно.

-Бөглөрлөөс үүдэн цусан хангамж саарч, улмаар үхэждэг байх нь?

-Бэлэг эрхтэний цусан хангамжид муугаар нөлөөлнө. Ингээд бэлэг эрхтэний хөвчрөлт өвдөлттэй болж, маш их өвдөлтийг мэдэрдэг, бэлгийн харьцаанд ороход ханамж, таашаал мэдрэх мэдрэмж буурна. Шодойн арьс шамрахгүй болно. Улмаар шодойн толгойд хавдар үүсч шодойн арьсны сорвижсон эд үхдэг. Зарим хүнийх 3-5 жилийн дараа үхэждэг бол заримынх нь нэг сар хүрэхгүй хугацаанд үхжиж эмнэлэгт хандаж байна. Идээлсэн, шархалсан шодойны арьсыг авдаг. Ингээд  арьсгүй, нүцгэн болсон шодойг хуйхнагийн арьсаар бүрж нөхөх шаардлага тулгарч, 2-3 үе шаттай мэс засал хийхэд хүрдэг. Өөрөөр хэлбэл, зүгээр байсан өөрийн эрхтэнд гаднын биет тарьснаар хүнд хэлбэрийн өвчинтэй болно гэсэн үг. Уг мэс заслын бүх зардлыг хувь хүн өөрөө төлнө. Эрүүл мэндийн тухай хуульд өөрийн болон бусдын нөлөөгөөр хохирол учруулсан тохиолдолд оношилгоо, эмчилгээнд гарсан бодит зардлыг буруутай этгээд эсвэл өөрөө төлнө гэж заасан байдаг.

-Бэлэг эрхтэн рүү ямар нэгэн зүйл шахуулснаар үнэхээр том болж, бэлгийн амьдралд нь өөрчлөлт гардаг юм уу?

-Бэлгийн амьдралд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Зүгээр л зузаан арьстай болно гэсэн үг. Бидний ажигласнаар 40 нас гарсан хүн ийм зүйл хийлгэх нь ховор. Харин  бараг бэлгийн харьцаанд орж үзээгүй залуус ийм болчимгүй зүйлд өртөж байна. Энэ нь ойлголт багатай, бусдын үгэнд итгэдэг балчир байгаагийн шинж. Найзуудаараа сууж байгаад, бас төлбөртэйгөөр шахсан тохиолдол  ч бий. Мөн эрх хязгаарлагдмал орчинд, сахилгад байсан хүмүүсийн дунд тохиолддог. Тиймээс ийм хуурамч мэдээлэлд автахгүй байх хэрэгтэй. Сэрэмжлүүлэх үүднээс байж боломгүй энэ өвчлөлийн талаарх зургийг олон нийтэд үзүүлмээр байв ч эмгэгтэй бэлэг эрхтний зураг тавилтай биш, хэцүү шүү дээ.

-Арьсыг нөхүүлснээр дахин бэлгийн харьцаанд орох боломжтой юу?

-Арьс нөхүүлсэн тохиолдолд бэлгийн харьцаанд орж болно. Гэхдээ шодойн хөвсгөр бие буюу их бие рүү тарьсан бол асуудал өөрөөр эргэж, бэлгийн үйл ажиллагаанд шууд муугаар нөлөөлж, бэлэг эрхтэн тахир болж, хөвчрөх үйл ажиллагаанд саад учирна.

-Ер нь эр бэлэг эрхтнийг том болгох эмчилгээ, арга анагаах ухаанд байдаг юм уу?

-Вакуум сорогчоор шодойг том болгодог гэдэг. Гэхдээ ингэснээр урт болох нь юу л бол. Мөн мэс заслын аргаар том болгодог. Ингэхдээ шодойн  умдаг ястай бэхлэгдэж байгаа холбоосыг сулладаг юм. Ингэснээр харагдах байдлыг нь томруулж байгаа болохоос бэлгийн үйл ажиллагаа, чалх сайжирдаггүй юм. Хүн бүрийн бэлгийн үйл ажиллагаа, чалх өөр. Зарим хүн давхраатай, том нүдтэй төрсөн байхад зарим нь жижиг нүдтэй төрсөн байдаг. Зарим хүн 130 кг зүйлийг түүртэлгүй өргөдөг байхад зарим нь 20 кг-ийг өргөж чаддаггүй. Энэ нь хүн бүр өөрийн тодорхой чадамжтай төрдгийн илрэл. Бэлгийн функцийн хувьд ч хүн бүр харилцан адилгүй чадамжтай байдаг.  Бүгдийг адил болгож, тэгшитгэх боломжгүй шүү дээ.

-Гэхдээ давхраагүй нүдтэй хүн давхраа хийлгээд өөртөө улам итгэлтэй болох нь бий?

-Олон улсад хүний хүйсийг сольж байна. Тухайн хүний сонирхол дээр үндэслэн эр хүйсээс эм, эм хүйсээс эр хүйс рүү шилжүүлж байна. Гэхдээ энэ бүхэн байгалиас заяасан төрхөөс хэзээ ч сайжирдаггүй.  Хорвоод эрүүл төрчихөөд ийм зүйл хийлгэх ямар шаардлага байна вэ. Өвчтэй хүн эрүүлийг, эрүүл хүн элдвийг хүсдэг гэдгийн жишээ юм уу даа. Массын сонирхол, чиг хандлагад тохируулан нөхөн сэргээх, гоо сайхны мэс засал хөгжиж байгаа. Манайд андрологийн салбар бие даан дөнгөж хөгжиж эхэлж байна. Андрологийн чиглэлийн мэс засалд өөрийнх нь хүсэлтээр эрхтнийг том, урт болгох тодорхой мэс засал байдаг. Бид тэр хэмжээнд хүртэл хөгжөөгүй байгаа ч цаашид хөгжиж шинэ эмчилгээ нэвтрэх нь гарцаагүй.

-Бэлэг эрхтний хөвчийг таслах нь сайн гэсэн яриа байдаг. Зарим эцэг, эхчүүд хүүхдээ багад нь ийм мэс засал хийлгэж байна. Энэ зөв үү?

-Хөвчийг тайрснаас бэлэг эрхтний толгойг ил гаргана гэсэн үг л дээ. Исламын шашинтай оронд үүнийг албан ёсоор хийдэг.  Шодойг бүрсэн арьс нь шодойн толгойг мэдрэг байлгах, гаднын механик нөлөөллөөс хамгаалах үүрэгтэй. Хөвчинд шодойн толгойг цусаар хангадаг нарийн артерийн судас байдаг. Тэр артерийн судас нь шодойн толгойг цусаар хангалттай хангах үүрэгтэй. Хөвчийг тайрснаар шодойн толгойн цусан хангамж сулардаг, зарим тохиолдолд бэлгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн тохиолдол бий. Урологийн эмчийн хувьд  зөвлөхөд, хүүхэд шээх үед шээсийг нь хаах хүндрэл гараагүй л бол хөвчийг тайрах шаардлага байхгүй. Хөвч тайраагүй ч хөвчрөх үед шодойн толгой нь ил гарна. Бэлэг эрхтэнд янз бүрийн юм хийх нь нүүр ам засахтай адилгүй. Хүмүүс хөвчийг тайрснаар  шодойн толгой цэвэр болно гэж боддог юм билээ. Ингэх хэрэггүй ээ, шодойн толгойг шамлаж байгаад өдөр бүр, бие зассаныхаа дараа усаар угаахад л хангалттай.

Эмч ингэж ярилаа. Аливаад сэтгэлийн хөөрлөөр, баталгаагүй мэдээлэлд итгэж хандвал ямар аюулд хүрч болохыг дээрх мэдээлэл нотоллоо. Хэлж ирдэггүй өвчин гэж бий. Харин залуу насандаа өөрийн гараар эрүүл мэндээ хохирооно гэдэг дэндүү харамсалтай. Ялангуяа нөхөн үржихүйтэй холбоотой бүх асуудалд анхаарахгүй бол нэг л өдөр Монголоор дүүрэн “тайган” эрчүүд болсон байх вий. Уг нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бүгд эрүүл байж үр хүүхдүүд маань эрүүл төрнө. Эрүүл хүүхэд төрвөл монгол үндэстэн цаашид оршин тогтнох нэг үндэс болно гэдгийг мэргэжлийн хүмүүс онцгойлон сануулж байгааг эрчүүд маань анхааралдаа авахад илүүдэхгүй биз ээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж