Макао улстай ялтан солилцох гэрээг соёрхон баталлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

LiveМакао улстай ялтан солилцох гэрээг соёрхон баталлаа

Макао улстай ялтан солилцох гэрээг соёрхон баталлаа
17 : 42
2018-10-11

Макао улстай ялтан солилцох гэрээг соёрхон баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Үүний дараа Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Засгийн газар өргөн барьсныг хэлэлцэн, соёрхон баталлаа.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж эхэллээ.

17 : 22
2018-10-11

Хатуу хог хаягдлыг хөнгөлөлттэй зээлээр боловсруулна

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн  хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Батболд:

-Энэ төслийг дэмжиж байна.  Хогны асуудал, хэрэгжүүлж байгаа эх үүсвэр  буюу зээлийн хэмжээ, хугацаа урт, хүү нь бага юм байна. Тэгэхээр боломжийн нөхцөлтэй сайн зээл байна. Тиймээс маш үр дүнтэй байх ёстой гэж бодож байна. Хогны асуудал яригдахаар хатуу, цэвэрлэх байгууламж зэрэг маш олон асуудал яригддаг. Төсөв, санхүү, үйл ажиллагааны хувьд хоорондоо хэр зэрэг уялдаж байна вэ. Хог хаягдлын менежментийг төрөөс гаргаж, хувийн хэвшил, орон нутагтайгаа хамтрах мастер төлөвлөгөө байна уу, үгүй юу. Байхгүй бол энэ асуудлыг яаралтай уялдуулах шаардлагатай байна вэ.

Ажлын хэсэг:

-Бид хог хаягдлыг хог гэдэг утгаар нь биш бүтээгдэхүүн гэдэг талаар нь авч үздэг болсон. Европын сэргээн босголт банктай хамтарч байгаа энэ ажил нь зөвхөн хатуу хучилттай хог хаягдлыг хамруулж байгаа. Ер нь бол бид хогны асуудлыг үе шаттай, ангилан ялгах байдлаар бодлого хэрэгжүүлээд явж байгаа. Нийслэлийн Засаг даргын Захирагчийн ажлын албанаас энэ асуудлыг удахгүй Иргэдийн хуралд танилцуулахаар судалгаагаа бэлтгэж байна.  Энэ төслийг бид хэрэгжүүлэхдээ олон улсын нээлттэй тендерийн дагуу шаардлага хангасан компани энэ ажлыг хийнэ. Хатуу хог хаягдлыг Морингийн даваанд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Приус машины зай хураагуур, дугуй, их хэмжээний аюултай хог хаягдлыг яах вэ. Улаанбаатарын CO2-ийн хэмжээг бууруулна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат:

-Барилгын хатуу хог, хаягдлыг боловсруулахаар үе шаттай төслүүдэд зээл, тусламж үзүүлдэг байсан. Аюултай хог хаягдлуудын талаар журам батлаад Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Аюултай хог, хаягдлыг бурах газар маш чухал байдаг. Үүнийг авахын тулд орон нутгийн удирдлагаас зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Дугуй, аккумляатор оруулж ирж байгаа аж ахуй нэгжүүдийн татварыг өндөрсгөж,  тэр татварын мөнгөөр нь энэ чиглэлд зориулах хууль эрх зүйн зохицуулалт хийхээр төлөвлөж байна.

Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн  хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа.

УИХ-ын чуулган үргэлжилж байгаа бөгөөд  Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах эсэх асуудлыг хэлэлцэж байна.

16 : 44
2018-10-11

Цэргийн тэтгэврийг таван жилээр тооцдог болно

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Цэргийн албан хаагчид албан тушаалын цалингаараа явдаг. Цэргийн албан хаагчид тэтгэврийг зохион байгуулалттайгаар тэтгэвэр нэмэх боломжгүй. Цэргийн албан хаагчид хаана тушаал гарна, бизнес хийх эрхээ хязгаарлуулсан, хаана хуваарилагдана тэнд гэр бүлээ дагуулаад ажлаа очиж хийдэг. Монгол Улсын гадаад бодлогыг тодорхойлж байгаа нэг салбар. Цэргийн албан хаагчид насан туршдаа суралцаж, дэвшиж явдаг дүрэм журамтай. Энэ хууль үүрэг гүйцэтгэж байгаа офицеруудын бүрэлдэхүүнийг л авч үлдэхэд чиглэж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Буруу мэдээлэл цацаж байна л даа. Эх орны батлан хамгаалах салбарын эсрэг юм хийж байна, 36 сарын тэтгэмж өгөхгүй, хүүхэд төрүүлэх боломжгүй гэсэн худал мэдээлэл ямар зорилгоор яриад байна вэ. 36 сарын тэтгэмж өгч байгаа, цэргийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд төрөөд, хуулийн дагуу үйлчилгээгээ аваад явж байгаа шүү дээ. Ийм худал мэдээлэл тарааж болохгүй шүү дээ, чуулганы танхимд.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-1990 онд бүх үйлдвэрүүдээ хааж, маш олон хүнийг наснаас нь эрт тэтгэвэрт гаргаж байсан. Ингэж нийгэм, эдийн засгийн хямралын алдааг ард иргэд рүү чиглүүлдэг нь буруу. Бид алдаатай хууль баталсан юм бол түүнийг засч, залруулдаг байх ёстой. Цэргийн албан хаагчдын тэтгэврийн дундаж хугацааг таван жил болгож байгааг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Хуулийн үзэл санаа, амин сүнс болсон зүйлүүдийг дэмжиж байна. Энэ парламентын үед гурав дахиа өөрчлөхөөр хэлэлцэж байна. Тойрогт ажиллаж байхад цэрэг, цагдаагийнхан ч гэсэн он гараад бага тэтгэвэр авах гэж байна, тиймээс оноос өмнө тэтгэвэртээ гармаар байна гэж хэлж байна. Сая АНУ-аас авсан зээл бол энэ хэдэн цэргийнхний гавьяа шүү дээ. Тэд л гуравдагч орон, АНУ-тай харилцах харилцаанд нөлөөлж байна шүү дээ. Яг одоогийн байдлаар хэдэн хүн тэтгэвэрт гарсан, цаашид гарахаар байна. Энэ талаар судалгаа хийж үзэв үү.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Тооны хувьд надад тодорхой тоо алга. Ганцхан цэргийнхэн тэтгэмж авдаг, цэрэгт хайргүй хүн ирээд салбарынхаа эсрэг юм хийгээд байгаа зүйл огт биш. Хэдэн хувь нь насаараа тэтгэвэрт гарч байна, хэдэн хувь нь бусад шалтгаанаар тэтгэвэрт гарч байна вэ гэдгийг хууль хэлэлцэх явцад судалж үзье. Ер нь УИХ-ын чуулган ганц асуудлыг харж биш олон талаас нь харж шийдвэр гаргадаг гэж бодож байна. Яг энэ утгаар нь авч үзвэл яагаад тэтгэврийн тогтолцоог ийм зүйл оруулсан бэ гэдэг нь цэргийн болон энгийн хүмүүсийн ялгааг олж харах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн О.Батнасан:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Жилд 250 орчим хүн тэтгэвэрт гардаг байсан бол одоо 500 болж нэмэгдэх эрсдэлтэй юм байна. Түүнээс гадна, хилийн цэрэгт ажиллаж байгаа албан хаагчийн гэр бүлийн хүнд нь ажил олдоггүй. Энэ асуудлыг тооцож, хуулиа судалсан болов уу.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт асуусны дараа, хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураасан юм. Ингээд санал хураалтаар гишүүдийн олонх дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Одоо чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн  хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  

15 : 55
2018-10-11

Цэргийн албан хаагчийн тэтгэврийн хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ энэ асуудлыг шийдэхийн тулд заавал хууль санаачлах шаардлага байсан уу. Энэ бол Засгийн газрын амласан зүйл, хууль санаачлахгүйгээр асуудлыг шийдэх боломжтой байсан.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Зайлшгүй шаардлагатай байгаа юм. 2012 оны хоёрдугаар сард хууль батлагдсан ч олон албан хаагчийн ажиллах нөхцөл дордож байгаа юм. Нэг сард 30-70 мянган төгрөгөөр буурах эрсдэл үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө тэтгэврээ өндрөөр тооцуулах сонирхолтой албан хаагчид олон байгаа юм.  Төсөв батлахаас өмнө энэ хуулийг боловсруулж, өргөн барьсан.

УИХ-ын гишүүн Ж:Энхбаяр:

-Засгийн газар ОУВС-тай гэрээ хийхэд зайлшгүй авах арга хэмжээ байна гэж Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр эдийн засаг сайжирсан үед цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг харж үзнэ гэсэн амлалтын дагуу энэ хуулийг батлуулж байсан. Төрийн гол тулгуур багана болсон өндөр боловсролтой олон тооны офицер, ахлагчид олон зуугаараа халагдах өргөдлөө өгч байгаа байдал улс орны аюулгүй байдал, тусгай чиг үүргийн байгууллагын бэлэн байдалд маш хортойгоор үйлчилсэн. Бид бүх байгууллагаас судалгаа авсан. Дунд шатны офицерын бүрэлдэхүүн олноороо халагдах өргөдлөө өгч байгаа нь УИХ, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байгаагийн тод жишээ. Нөгөө талаас эмэгтэй цэргийн албан хаагчдын нийгмийн асуудал маш их дордож байна. Энэ салбарт маш олон эмэгтэй цэргийн албан хаагчид үр хүүхэд төрүүлэх эрхэд нь ноцтой халдсан.  Энэ салбарын олон асуудлыг мэдэрч, ойлгохгүйгээр гаргасан шийдвэр юм  шүү. Тиймээс засч, залруулахаар энэ хуулийг оруулж ирж байгаа.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

13 : 26
2018-10-11

Ц.Мөнх-Оргил: Үдийн цай хөтөлбөрийн төсөв нэмэхийг Сангийн яам татгалзсан

Нэг хүүхдийн үдийн цайнд 600 төгрөг төсөвлөдөг бөгөөд 1200 болгох саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас хүргүүлсэн ч Сангийн яам дэмжээгүй байна-

Чуулганы хуралдаанаар  УИХ-ын найман гишүүнээс өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

 Тус хууль нь ерөнхий боловсролын сургуулийн  хүүхдийн оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих, хооллох зөв дадал төлөвшүүлэхэд чиглэсэн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулахад юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт, тодруулга авсан юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Хүүхдүүдийн өдрийн хоол, өдрийн цайтай холбоотой асуудлууд улсын төсөвт ачаалал өгөхөөр харагдаад байх юм. Тогтоолын төсөлд хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, барилга байгууламж, хүний нөөцөд үнэлгээ хийж, 2019 оны төсөвт суулгахаар төлөвлөжээ. Одоо 2019 оны төсөвт тодорхой мөнгө суусан уу. Бүх сургуулийг хоолны заалттай болох, технологи, аж ахуйн хувьд маш их ажил хийхээр байна. Ер нь нийт хэдэн төгрөгийн төсөв хэрэгтэй байна вэ. Бас хүүхдүүдийн хоолны орцыг хэрхэн тодорхойлж байгаа юм бэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэж тусгажээ, гэхдээ хүүхдийн насанд зохицсон хоолыг үйлдвэрлэж чадах боломж байна уу. 2019 оны төсөвт хэдэн төгрөг төсөвлөгдөж байгаа вэ.

УИХ-ын гишүүн Ундармаа:

-2018-2019 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 820 сургууль бий. 1-5 дугаар ангийн 324 мянга гаруй  хүүхдийн үдийн цайнд 34,2 тэрбум төгрөг төсөвт суулгасан байгаа. Эхлэл нь 2019 оны есдүгээр сарын 1-ээс гэж тооцсон бөгөөд цаашид үе шаттайгаар хэрэгжих юм. Улсын хэмжээнд 70 орчим хувь нь холимог бүтээгдэхүүн олгож байгаа бол 20 хувь нь бэлэн бүтээгдэхүүнээр хүүхдүүдэд үйлчилж байгаа юм.  Сургуулийн хүүхдүүдийг тогоочтой болгож, түрээсийн үйлчилгээг таслан зогсоох зорилготой.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-2019 оны төсвийн төсөлд нэмэлт хөрөнгө суугаагүй. 2019 оны төсөвт 320 мянган хүүхдийн үдийн цай, зарим сургуулийн тоног төхөөрөмжийн зардал суусан байгаа. Хууль хэрэгжээд эхэлбэл, 1000 гаруй тогооч, 800 гаруй хоолны шинжээч авахаар төлөвлөж, 300 гаруй тэрбум төгрөг шаардагдахаар байгаа. Тиймээс жил жилийн төсөвт үе шаттайгаар төсөвлөж байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Эрүүл аюулгүй хүнсээр хангах боломж байх уу. 600 төгрөгөөр яаж хүүхдүүдэд шим, тэжээлтэй  хоол яаж өгөх юм бэ, баталгаа байна уу. Мөн одоогийн үдийн цай нийлүүлж байгаа аж ахуй нэгжүүдээ яах вэ, шууд татан буулгах уу эсвэл сонгон шалгаруулах уу.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа:

-Сүхбаатар  дүүргийн 58-р сургуульд шим тэжээлтэй хоол өгөх туршилт явж байгаа. Шим тэжээлтэй гэдэг нь хүүхэд хоолноос  авах ёстой шим тэжээлээ үдийн цайнаасаа авч байгаа эсэхийг нь тодорхойлсон байдаг. Яг ийм туршилтыг орон нутагт ч хэрэгжүүлж үзсэн. Төсөв дээр санхүүгийн ачаалал үүсэхээр байгаа ч одоогийн байгаа төсөвтөө тохируулж, өөрчлөлт хийх боломж байна.

УИХ гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Одоогийн 600 төгрөгийг 1200 болгож өгөөч гэсэн ч Сангийн яам, Засгийн газар зөвшөөрөхгүй байна. Гэтэл өнөөдөр 600 төгрөг хангалттай хоол болж очихгүй байгаа нь үнэн ч одоо өгч байгаа 600 төгрөг нь ч хоол болж хүүхдэд очихгүй байгаад байна. 600 төгрөгөөс төсөв авсан 200 төгрөгөөр хоолоо өгөөд байгаа юм. Эхний ээлжинд тухайн сум, аймаг, орон нутгийн аж ахуй нэгжүүдээс шаардлага хангасан хүнсээ худалдаж авах үүрэг өгч, эцэг эх, мэргэжлийн хяналтын газрууд хяналтаа тавиад явах боломжтой юм. 800 гаруй сургуулиас ихэнх нь орон нутагт байгаа. Тэдгээр нь бүгд тусдаа дотуур байрандаа гал тогоотой байдаг. Шинэ гал тогооны тоног төхөөрөмж гэдэг нь зөвхөн нийслэлийн сургуулиудад л хамааралтай. Өгч байгаа мөнгөө хүүхдэд хүргэхийн тулд сургууль бүрийг гал тогоотой болгож, шимж тэжээлтэй хоолоор хангахыг дэмжиж байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар:

-Хамгийн чухал зүйл бол хоол хүнс, нэг хүүхдэд өдөрт 600 төгрөгөөр 2012 онд тогтоосон байгаа юм. Гэтэл түүнээс хойш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нэмэгдсэн гээд энэ мөнгийг нэмэх хэрэгтэй байгаа юм.  Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаагаар 7-10 насны хүүхдийн 10 хүүхэд тутмын нэг нь өсөлт бага байна.  Тэр дундаа орон нутгийн дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн өсөлт илүү бага байдаг. Тиймээс үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол хөтөлбөр болгож, сургуулиудыг тоног төхөөрөмжтэй болгох боломжтой. Харин дотуур байрны гал тогооны нөхцөл байдлыг сайжруулахад ирэх жилд багтаах боломжтой юу.

Ажлын хэсэг:

-Хөдөө орон нутгийн 321 сумын сургууль бүгд дотуур байртай учраас Үдийн хоол хөтөлбөрт шилжүүлэхэд  тоног төхөөрөмж, техникийн хувьд боломжтой.  Гэхдээ мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх нь бага зэрэг хүндрэлтэй байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Орон нутгийн сургуулиуд ихэнх нь гал тогоотой учраас зарим нэгт нь засвар хийж болно. 2019 оны төсөв батлагдахаас өмнө энэ хуулийн төсөл батлагдвал бага зэрэг мөнгө суулгах боломжтой. Төсвийн гол ачааллыг 2020, 2021 онуудын төсөвт суулгахаар байгаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Үдийн хоол нь хувь хүний өсөлт, төлөвшил, бие бялдрын хувьд ямар хүн болж төлөвших вэ гэдэг маш чухал нөлөөтэй. Хүүхдийн гэсэн тодотголтой төсөв, мөнгө газрыг өөрчилсний гавьяа одоо гарч байна. Уг нь бол 600 төгрөгийг 1200 болгох шаардлагатай байгаа юм. Олон улсын сургууль хоол хүнс насны ангиллаар нь тодорхой зааж, нэмэлтээр эцэг эхээс нь хоолны мөнгө авдаг. Хуулийн төсөл дээр засч, залруулах зүйл олон байгаа учраас ажлын хэсэг сайн ажиллах болов уу гэж бодож байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан тоног төхөөрөмжийг дотоодын аж ахуй нэгж хангалттай үйлдвэрлэдэг  ч тендер шалгаруулалтаар сонгодог гэх мэт асуудлуудыг сургуулийн удирдлагууд хэлдэг юм билээ. Тиймээс хуулийн заалтуудыг урт хугацаанд хэрэгжих байдлаар тусгах нь зөв юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

12 : 33
2018-10-11

Тусгай эмнэлгийн эмч, ажилчдад нэг удаа мөнгөн тэтгэмж олгоно

Чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэхүү өөрчлөлт нь Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 бас түүнээс дээш жил, өрх, сум, тосгон, анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтоохоор тусгажээ.  Хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэждэмжсэн байна. Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт, тодруулга авсан юм. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Хил болон Хилийн цэргийн анги дээр байгаа эмч, эмнэлгийн ажилтан тухай заставт ажиллаж байгаа гэр бүлийн хүмүүс байдаг. Хууль гарснаар тэр хүмүүсийг мэргэшүүлэх эсвэл мэргэжлийн эмч нараар хангах юм уу. Мөн өрх, тосгоны эмч нартай адилтган нийгмийн баталгааг хангах ёстой гэж хуулийн үзэл баримтлалд тусгажээ. Энэ ямар учиртай юм бэ.

-Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:

-Эрүүл мэндийн тухай хуулиар эмнэлгийн тусламж үйлчилгээг анхан, лавлагаа шатны гэж ангилсан байдаг. Мөн тусгай эмнэлэг гэж батлан хамгаалах, хууль сахиулах салбар, ял эдэлж буй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх байгууллага гэж тодорхойлсон байдаг. Өмнө нь цэргийн байгууллагын анхан шатны байгууллагад ажиллаж байгаа иргэдийн нийгмийн хангамж, цалин орхигдсон байсан. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж байгаа юм. Зэвсэгт хүчний салбарт мэргэжлийн бус хүн ажиллахгүй байгаа. Өрх, тосгоны эмнэлгийн ажилтнуудтай ижил хэмжээнд л зохицуулахыг хүсч байгаа юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Хуулийг дэмжиж байна. Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 бас түүнээс дээш жил, өрх, сум, тосгон, анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгоно гэжээ. Тусгай эмнэлэг гэдэг нь өмнө нь хуульд тусгагдаагүй байсан учраас одоо оруулж байгаа юм уу. Ер нь эрүүл мэнд, боловсролын салбарыг Монголын төр доод түвшинд аваачиж хаясан. Үүнээс болоод боловсрол, эрүүл мэндийн салбар иргэдийг хамгийн их бухимдуулж, итгэл алдсан. Эрүүл мэндийн төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авдаг, ачаалалгүй ажилладаг эрх зүйн орчныг бүрдүүлээгүй нь төрийн буруу.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:

Тусгай эмнэлэг гэдэг үг орхигдсон байсныг энэ удаад нэмж оруулж ирж байгаа юм.

Гишүүд, асуулт тодруулга авсны дараа Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Одоо чуулганы хуралдаанаар  УИХ-ын найман гишүүнээс өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

12 : 13
2018-10-11

УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

Chuulgan (37)

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 10 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Тус дүгнэлтэд УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт, тодруулга авсан юм. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-УИХ-аас гарсан шийдвэр Цэц дээр унадаг, дээд шүүх шууд хүчингүй болгодог, хэрэгжилтийг нь зогсоодог явдал сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрсэн. УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Цэцийн шийдвэр өөрөө захиалгатай харагдаж байна. Ард түмний сонгох, сонгогдох эрхийг үгүйсгэж байгаа шийдвэрийг УИХ ч хүлээж авахгүй байх хэрэгтэй. Цэц олон захиалгат шийдвэр гаргах боллоо.  Энэ шийдвэр Монголын улс төрийн систем дампуурсны илрэл шүү. Тиймээс Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авч болохгүй.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Монголын түүхэнд хар өдөр болж бичигдэнэ. УИХ сонгуулиа хийж чадахгүй, сонгогчдын эрх ашиг зөрчигдөж, Үндсэн хуулиа манах ёстой Цэцийн гараар хийлгэж байгаа нь дэндүү харамсалтай байна. Цэц шударга ажиллаж, шинэ цаг үеийн авчирна гэж саяхан гишүүдийг нь томилсон. Үндсэн хуультай хамааралгүй асуудлаар иргэдийн эрх ашгийг доош нь хийсэн шийдвэрийг Цэц гаргасан байна. Энэ шийдвэр маш их уршигтай. УИХ-ын барьцаалж, цаг хугацаа хожиж 42-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулахгүй байх нөхцөлийг бий болгоно гэх нөхцөл байдал руу оруулж байна.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Ингээд  Төрийн болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуулийн Цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн үндэслэлээр санал хурааж, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх нь Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж олонх нь үзлээ.

Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй учраас Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх боломжтой юм.

Чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

11 : 44
2018-10-11

Б.Пүрэвдорж: У.Хүрэлсүх, МАН ялагдлаас айсан нь үнэн шүү дээ

Чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Тодруулбал, УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын 42-р тойрогт санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцсэн Цэцийн 10 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо авч хэлэлцэж, Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм.  

УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах  тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн юм. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсан юм. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Цэцийн дүгнэлт, хоёр байнгын хорооны дүгнэлт хоёрын хооронд зөрчил гаргаад байна. Манай хуулиуд дотор зөрчил байгаад байх шиг байна. Сонгуулийн тухай хуулийг гарцаагүй өөрчлөх шаардлагатай байна. Нэг талаасаа сонгогдох, сонгох эрхийг зөрчиж байгаа юм шиг харагдаж байгаа юм, гэтэл нөгөө талдаа 42-р тойргийн сонгогчид төлөөлөлгүй, төсөв хэлэлцэж байх үед тэр ард иргэдийн эрхийг хамгаалах хүнгүй болоод байна л даа. Аль аль нь хуулийн зөрчил үүсээд байна.  Гэхдээ нэг хүний эрх ашиг уу, олон хүний эрх ашиг зөрчигдөж байгааг юу гэж үзэх вэ. 10 мянган сонгогчийн эрх зөчигдөж байгаа юм биш үү.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Цэцийн хуралд оролцсон. Дэгийн  тухай хуулиар Үндсэн хуулийн Цэц дүгнэлтээ танилцуулаад гардаг, асуултад хариулт өгдөггүй болсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариулахад сонгуулийн хуулиа барьж, нөхөн сонгуулиа товлон зарлахаас өөр арга байгаагүй. Сонгуулийн хуулийн дагуу аравдугаар сард багтаахын тулд УИХ бүрэн эрх, үүргийн дагуу нөхөн сонгуулийг товлон зарласан. Гэтэл Үндсэн хууль дээр бие даагчийн эрх хангагдахгүй, ялгаварлал үүсч байна гэж үзсэн. Гэхдээ бид нэг хүний эрх ашиг байж болно, 10 гаруй мянган сонгогчдын эрх ашиг хохирч байна гэдэг талаас нь УИХ-ын тогтоолоо хамгаалж, үүргээ биелүүлсэн. Харин сонгуулийн хуульд байгаа заалтууд зөрчилдөж байвал хуулийн заалт нь Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байж болох юм гэж ойлгож байгаа. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ, НИТХ-ын сонгуулийн хуулиудыг тус тусад болгохоор ажиллаж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Цэцийн дүгнэлт гэхээс илүү сонгуультай холбоотой асуудлаар тодруулга авмаар байна. Ер нь сонгуулийг шударга зохион байгуулах, сонгогчдын сонголтыг уландаа гишгэж буй Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагыг өөрчлөх, чөлөөлөх асуудлыг ярихгүй юм уу. Чөлөөт сонгууль зохион байгуулах нь ардчиллын зарчим шүү дээ. Байдал ийм байхад хууль зааснаас бусад үндэслэлээр хариуцлага тооцохгүй гэхээс илүү ёс зүй, хариуцлагын асуудлыг хөндөх хэрэгтэй юм биш үү. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад өөрчлөлт оруулах, ард түмний сонголтыг уландаа гишгэж байгаа хүмүүст хариуцлага тооцох уу.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Төрийн байгуулалтын байнгын хорооноос хууль эрх зүйн ямар үндэслэл байдгийг тодруулж үзсэн.  СЕХ ард түмнийг сонголтыг хүндэтгэх асуудал, шүүхийн шийдвэр биелүүлэх үндэслэлтэй гэдэг асуудал оруулж ирж байсан. Сонгуулийн хуульд ч ойлгомжгүй зүйлс олон байна. 2018 оны өвөл, 2019 оны хавраас өмнө сонгуулийн хуулийг шинэчлэх шаардлагатай байгаа юм шүү.

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар:

-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж би үзэж байгаа. Ер нь сонгуулийн ерөнхий хуульд төрийн албан хаагч ямар хугацаанд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх эсэх, энэ нь нөхөн болон нэгдсэн сонгуулийн зарчимд хэрхэн үйлчлэх вэ гэдэг асуудал тодорхой биш байна. Тиймээс сонгуулийн хуулиуддаа тодорхой болгож, өөрсдөө хууль санаачлаад төрийн албан хаагч улс төрийн сонгуульд оролцох эсэх асуудлыг тодорхой болгох хэрэгтэй байна. Цэцийн шийдвэрийг хүлээж аваад, холбогдох хуульдаа өөрчлөлт оруулаад явах нь зүйтэй юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Үндсэн хуулийн Цэц яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэдгийг байнгын хорооны хуралдаанд хэлсэн.  42-р тойрогт нөхөн сонгууль явуулсан бол МАН ялагдах байсан. МАН нэг ч бүтээн байгуулалт хийхгүй, сайд, дарга нар нь зарцуулсан учраас сонгогчид дээр очих нүүргүй болсон гэж хэлсэн чинь гишүүд их уурлаж байна лээ. У.Хүрэлсүх энэ сонгуулийг явуулах сонирхолгүй, очуул ялагдах учраас, жолоочийнхоо ээжээр өргөдөл өгүүлсэн нь үнэн. Би үнэнийг нь л хэлсэн. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна, МАН-ыг сонгогчдын өмнө заавал очуулж, дүнг нь тавиулна. Үүний төлөө АН ажиллана.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Гишүүдийг анзаарч байхад 42-р тойрогт маш их санаа зовсон, төсөв нь батлагдаж чадахгүйд их санаа зовсон хүмүүс байна. Уг нь Сонгуулийн хуульдаа зургаан сар гэдгийг зургаан хоног гээд засах боломжтой. УИХ-ын гишүүд хууль зөрчөөгүй ч Цэц бидэнд хуульд тодорхой өөрчлөлт хийх боломж олгосон. Энэ боломжоос Төрийн байгуулалтын байнгын хороо зугтаад байна вэ. Энэ сонгуулийг зохион байгуулахыг хүсч байвал Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломж байна уу, түүний дараа хуульдаа өөрчлөлт оруулаад явах боломж байна уу. Шууд хууль санаачлахгүйгээр хууль зөрчсөн заалтаа өөрчлөөд, сарын дотор ч сонгууль зохион байгуулж болно шүү дээ.

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг маш их ярьсан. Хэрэв Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан бол ямар хугацаа тавьж болох вэ гэдэг асуудлыг бид судалж үзсэн. Хэлэлцэгдэж байгаа сонгуулийн явцад, Цэцийн дүгнэлтээс үл хамааран арванхоёрдугаар сард сонгуулийн хуулийн өөрчлөлтийг ярина. Нөхөн сонгууль бол хүсэх биш хийх ёстой асуудал. УИХ өөрийнхөө өмнө хүлээсэн үүргээ биелүүлж хийнэ.  Бие даагчийн чөлөөлөгдөх хугацааг наашлуулж болж байгаа юм, харин нөхөн сонгуулийг арав, зургадугаар сард зохион байгуулна гэсэн бас нэг заалт бий.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Сонгуулийн хууль өөрөө сонгогчдын эрх ашгийг хамгаалдаг хууль. Харамсалтай нь сонгогчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудлыг ярих бус намын асуудлыг ярьдаг болжээ. МАН өнөөдөр нөхөн болон дахин сонгуульд ялалт байгуулсан, хэзээ ч сонгууль болсон ялалт байгуулаад, сонгогчдын итгэлийг аваад ирсэн.  Гурван хуулийг нэгтгэсэн нь хуулийн хайчинд оруулсан. Үндсэн хууль зөрчсөн зүйл нь хуульдаа байсан юм биш үү гэж иргэн нь ч үзсэн байх. Сонгууль зарласан тогтоол бол Үндсэн хууль зөрчөөгүй.

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Сонгуулийн хуульд сонгуулийн жилийн хугацаанд ажлаасаа чөлөөлөгдсөн байна гэсэн заалт бий. Ер нь төрийн мэргэшсэн албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчаараа явж болохгүй юу. Заавал ээлжит бус, ээлжит сонгуулийн үед төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихээр зүтгэх нь зөв үү, нөгөө талаасаа төрийн албан хаагч яагаад бие дааж өрсөлдөж болохгүй гэж гэдэг асуудал хөндөгдөөд байгаа юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.  

10 : 50
2018-10-11

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы Пүрэв гариг /2010.10.11/-ийн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар гишүүд байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү  “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар нэгдсэн ойлголт ард түмэнд өгөхийг хүссэн бол УИХ-ын гишүүн Л.Болд чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаарх мэдээллийг гишүүдэд өгөх хэрэгтэй байна гэдгийг тодотгоод гишүүдээс тавьсан олон сар хүлээгдэж байгаа асуулгын хариуг яаралтай оруулж өгөхийг хүссэн юм. Мөн УИХ-ын чуулганы хуралдаанаар С.Зориг агсны амиа алдсан хэргийн талаар Олон улсын парламентын холбооны дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг ойрын хугацаанд чуулганаар хэлэлцэх шаардлагатай байна. Учир нь Олон улсын парламентын холбооны хурал ирэх долоо хоногт болох учраас түүнээс өмнө энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй байгааг дуулгалаа.   Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мөн энэ асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой гэсэн санал гаргасан юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хүний эрхтэй холбоотой маш олон хуримтлагдсан асуудал байна. Ялангуяа С.Зоригийн хэргийн гүйцэтгэгч нь олдсон ч захиалагч нь олдохгүй өнөөдрийг хүрсэн, тиймээс хүний эрх зөрчигдсөн энэ асуудлыг УИХ авч хэлэлцэх ёстой гэлээ. Ийнхүү гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан саналаа хэлсний дараа УИХ-ын дарга “Хүний эрхийн асуудалтай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, Тусгай хяналтын дэд хорооны асуудлыг Хууль зүйн байнгын хороо оруулж ирээгүй байна. Энэ асуудлыг олон улсын парламентын хурал болохын өмнө тайлан мэдээллээ гаргаад, шаардлагатай дүгнэлтээ өгч, төлөөлөгчөө явуулдаг. Байнгын хорооноос асуудлаа оруулж ирвэл хэлэлцээд явах боломжтой” гэсэн хариу тайлбар хийлээ.

Ингээд чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны аравдугаар дүгнэлтийг хэлэлцлээ.  Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Цэцийн гишүүн Д.Солонго танилцууллаа. Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэр Цэцээс гаргасан.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна.  

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж