ХАДАНД СИЙЛСЭН ДЭЛХИЙН АНХНЫ БИЧЭЭС МОНГОЛООС ОЛДСОН

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

ХАДАНД СИЙЛСЭН ДЭЛХИЙН АНХНЫ БИЧЭЭС МОНГОЛООС ОЛДСОН

ХАДАНД СИЙЛСЭН ДЭЛХИЙН АНХНЫ БИЧЭЭС МОНГОЛООС ОЛДСОН

Доктор, профессор А.Очир бол хөшөө чулууны бичээс судлалаар манай улсын урдаа барьдаг эрдэмтний нэг. Тэрбээр Монголын нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон улсын хүрээлэн, Японы гурван их сургуулийн “Бичээс” төслийн багт монголын талаас оролцсон. Түүнтэй  ярилцсанаа хүргэе.


– “Бичээс” төслийг 1994 онд эхлүүлснээс хойш судалгааны явцад эртний эд өлгийн зүйлийн хэчнээн олдвор  илрүүлсэн бэ. Ихэвчлэн хэддүгээр зуунд хамаарагдаж байна?

– Бид 23 жилийн турш судалгаа хийж байна. Японы эрдэмтэд жил бүр Монголд ирдэг. “Бичээс” төслийн зорилго бол Монголын нутаг дэвсгэрт байгаа эртний янз бүрийн хэл дээр бичсэн бичиг үсгүүдийг дурсгалуудыг судлах зорилготой. Нийт 20 гаруй хөшөө, хөшөөний хэсэг, барилгын нурууны бичгийг илрүүлэн судалсан байна. Тэдгээр бичээсүүд нь XIII-XIV зууны үед хамаарагдаж байна.   Хар хорум орчмын нутаг дэвсгэрээс нэг дор 20 гаруй хөшөө, хөшөөний хугарсан зүйлс олсон. Харамсалтай нь, Эрдэнэзуу хийд, бусад байшин барихад ашигласан байгаа юм. Олдворыг хугалж гишгүүр, суурь зэргийг хийсэн. Хөшөө дурсгалын зүйлс олноороо олдсон  нь маш чухал ач холбогдолтой. Үлэмж их мэдээг түүхийн судалгаанд оруулж байгаа гэсэн үг. Үүнд, араб, перс, хятад, согд, уйгур зэрэг олон янзын хэлээр бичсэн дурсгалууд байна. Эдгээрийг бид судалж өнгөрсөн хугацаанд долоон ном гаргасан. Түүнчлэн р хад чулуунд сийлсэн хөшөө дурсгалыг жил бүр хайж судалдаг. Энэ үед шинээр олон дурсгалт зүйлс илэрсний нэг бол Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг, Үлийний овоо гэдэг газраас эртний хидан эх бичгээр сийлсэн хоёр метрийн өндөр хөшөөг шинээр олсон. Хидан эх бичиг одоог хүртэл түлхүүр нь тайлагдаагүй байгаа.  Энэ хэлийг уншихад их түвэгтэй.  Бага бичиг нь манайд олдсон. Түлхүүр нь тайлагдсан. Хөшөөнөөс бид хэд дүгээр зуунд босгосныг нь л харсан. Мөн Булган аймгаас хоёр монгол бичгийн дурсгалт хөшөө олсон. Сүхбаатар аймгийн Уст хавцалаас дөрвөлжин монгол хятад хэлээр бичсэн бичээс олж нийтэлсэн. Түүнчлэн Дархан-Уул аймгаас эртний босоо дөрвөлжин бичгийг илрүүллээ. Энэ бол Хубилай хааны үед холбогдох түүхийн чухал дурсгал байсан.

-Дөрвөлжин бичгийн нууцыг тайлсан уу?

-Тайлсан. Уг бичигт Цагаан тахиа жил тахилгын ёслол болж илчийг илгээсэн тухай өгүүлсэн байдаг. Дархан-Уул аймгийн Хүйтийн голоос олдсон бичгийг хамгаалах ажлыг эхлүүллээ. Бид 1990-ээд онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутгаас хадан бичсэн их том бичгийг илрүүлсэн. Маш эртний бичгийн нууцыг нь тайлсан байгаа. Уг бичгийн агуулгад манай тооллын 89 онд Хятадын Хан улс Монголын Хүннү улс хоёр дайтсан байна. Хан улсын цэрэг Онгийн голын адгаар нэвтэрч орж ирээд хоорондоо дайтаж, буцах үедээ энэ бичгийг бичиж үлдээсэн нь одоо мэдэгдэж байгаагаар дэлхийд хаданд сийлсэн анхны бичиг болж байна. Ойролцоогоор 2000 орчим жилийн өмнөх бичээс юм. Ийм эртний бичиг дурсгалын зүйлсийг Монголд хадгалж байна. Үүнийг тусгай хамгаалалтад авахаар болсон.

– Чингис хаан Хар хорум хотыг байгуулах тухай 1220 онд гаргасан зарлигийг тэмдэглэсэн хөшөөний хугархайнууд олдсон гэсэн. Өөр зарлиг бичээс олдсон уу?

– 1220 онд Чингис хаан зарлиг анх гаргасан нь Хар хорум хот байгуулах тухай байв. Хожим нь үүнийг том хөшөөнд сийлж үлдээхдээ мэлхийн дээр босгосон байдаг. Эрдэнэзуу хийдийн баруун хойд талд байх том чулуун мэлхийнд бичсэн бичиг нь уг зарлиг байсан юм. Хөшөө хоёр метр гаруй өндөр байсан хугарч унасан эсэх нь мэдэгдэхгүй маш олон хэсэг хугарсан. Эндээс хоёр хэсгийг нь олж нийлүүлж уншсан. Тэнд Чингис хаан Хархорум хотыг 1220 онд байгуулах тухай зарлиг гаргаж байсныг монгол бичгээр сийлж үлдээсэн байдаг. Одоо нэг хэсэг нь дутуу байгааг хайж байна.

Мөн 1211  онд Чингис хаан зарлиг гаргасан нь “Дундад Ази руу нэвтрэх хаалга болгож Чинга балгасыг байгуулсугай” гэсэн байдаг. Энэ балгасыг  100 гаруй жил эрдэмтэд хайсны эцэст олсон. Уг балгас Говь Алтай аймгийн Шарга сумын нутагт Халзан ширэг нэртэй байна. Тэнд бид сүүлийн гурван жилд археологийн жижиг малтлага хийсэн. Тэндээс малын яс, төмрийн баас буюу шаар олдсон. Олдворуудаас харахад бүр эртнээс монголчууд тариа тарьж, төмөр хайлуулж байжээ. Дурсгалыг Япон руу химийн  лабораторид он цагийг нь тогтоолгоход XIII зууны сүүл үе болох нь тогтоогдсон.  Чингис хааны үеийн хуучин хотуудаас шинээр нэг хотыг нэмж олсон нь Чинга балгас юм.

-Монголчууд Чингис хааны түүхээрээ бахархах нь нийтлэг үзэгдэл болсон. Гэтэл бидэнд өөр бахархах түүх маш олон байх?

-Мэдээж байлгүй яахав. Монголчууд төв азийн нүүдэлчдийн анхны төрт улсыг байгуулсан. Хүннүгийн үеэс анх удаа төрт улсыг байгуулсан загвар нь Чингис хааны үе хүртэл уламжлан ирсэн. Энэ нь аравт, зуут, мянгатын систем. Монголчуудын Төв Азийн нүүдэлчдийн түүхэнд оруулсан хамгийн том гавьяа гэж хэлж болно.

– Хадны бичиг, сүг зураг устаж үгүй болох аюулд хүрлээ  гэсэн гомдол мэдээлэл иргэдээс ирдэг. Энэ талаар юу хэлэх вэ?

– Хадны бичиг, сүг зураг дэлхий дээр олон улс оронд бий. Хаданд бичих нь илүү удаан хадгалагдаж, олон хүнд харагддаг. Ийм дурсгал Монголд маш түгээмэл. Одоогоор 10 орчим төрлийн хэлээр бичсэн  дурсгал олдоод байна. Манай улс ийм түүхийн дурсгалыг хадгалж үлдсэн орны хувьд дэлхийд дээгүүр орно. Яагаад гэхээр Монгол нутагт маш олон орны үндэстэн оршин сууж байсан учраас олон хэлийн бичиг үлдсэн нь бусад улсын түүхэнд мэдээлэл өгөх ач холбогдолтой. Эдгээрийг хадгалж, хамгаалахын тулд орон нутгийн иргэд, төрийн оролцоо маш чухал.

-Эртний түүхэн дурсгалт хийгээд биет бус өв соёл алдагдаж эхэлсэн шалтгаан юунд байна вэ?

– Хоёр янзын хэлбэрээр өв соёл нимгэрч байгаа. Нэгдүгээрт мартагдаж, хоёрдугаарт устаж үгүй болж буй. Хүмүүс биет бус өв соёлоо мартаж эхэллээ. Монгол бичгээр уншиж бичдэг, дээл эсгэж оёдог, хуучин ёс заншил, мал маллах арга ажиллагаа, технологийг мэддэг хүн маш цөөхөн байгаа нь өв соёл мартагдаж буйн илрэл. Устаж байгаа өв соёлд археологи, бичгийн дурсгал орж байна.  Жишээ нь, Булган аймгийн Сайхан суманд Уйгурын нэртэй том хааны хөшөө байдаг. Тэр хөшөө унахдаа хоёр хугарч, гурван хэсэг болсон. Энэ зун очиход хөшөөний салхин талд нь үсэг үлдсэнгүй. Зөвхөн зүүн талаа харсан, газарт унасан хоёр хэсэгт л үсэг үлдсэн байна билээ. Энэ нь нар салхинд элэгдэж устаж байна гэсэн үг. Үүнээс гадна булшийг хүмүүс тонож, авч үрэгдүүлж байна. Монголд тоногдоогүй булш их ховор. Үндсэндээ 90 хувь нь тоногдсон. Анх булш байгуулагдсан цагаас хойш тоногдсон гэсэн үг.

-Орон нутагт малаа мотоциклоор хариулах нь түгээмэл болсон. Энэ нь өөрөө өв соёл алдагдаж байгаагийн нэг шинж мөн үү?

– Мэдээж шүү дээ. Монгол хүнийг мориноос нь салгаж болохгүй. Гэвч сүүлийн үед малчид халуунд мориор шогшиж явахаас төмөр хүлгийг илүүд үзэх болсон. Хэн ч гэсэн халуунд халж, хүйтэнд хөрж зовохыг хүсэхгүй. Энэ үүднээс хөдөөд мотоцикль, приус машинаас их юм алга. Залуу малчид малаа яаж өвс идүүлж, бэлчээрлүүлэх аргыг ч мэдэхгүй болж байна шүү дээ. Морин дээр шогшиж байснаас машин хөлөглөсөн нь дээр учраас алсаас дурандаад л суух болж.

-Таны бодлоор энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ. Манайх эртний түүхэн дурсгалт, эд өлгийн зүйлсийг сайн хадгалж хамгаалж чадаж байна уу?

– Гадны улс орнуудад чухал дурсгалт зүйлсээ музейд татаж авдаг. Манайд бол татаж авдаггүй. Тэндээ л үлдэг гэсэн буруу зарчимтай. Гэтэл олигтой хадгалагдахгүй. Зун болохоор мал сүүдэрлэж шөргөөж, элс шуурна. Өвөл нь цасанд дарагдаад олигтой хадгалагдсан зүйлгүй. Миний бодлоор хадгалж хамгаалах асуудалд хэд хэдэн арга хэмжээ авах хэрэгтэй. Олон улсын жишгээс үзвэл чухал дурсгалт газруудыг төв суурин газарт татаж хамгаалах хэрэгтэй. Хоёрдугаарт, газар дээр нь хамгаалах ёстой. Бороо, салхи орохгүй сүүдрэвч хийж, бичгийн хэв хуулгыг нь авч каталог болгон сурталчилах хэрэгтэй. Түүхэн дурсгалуудыг олон нийтийн хараанд оруулж, хамгаалуулах хэрэгтэй.

-Өв соёлоо сурталчлан таниулахад ямар ажлуудыг хийх ёстой вэ?

– Өмнөд Солонгос улсын жишээг татъя. Гоунжу мужид төр барилцаж явсан эртний язгууртнуудын булш байдаг. Цөөхнийг малтаж судалгаа хийсний дараа төмөр хашлага татаж, газар дээр нь хадгалан хүмүүст сонирхуулж байна. Монголчууд бид алдагдаж буй өв соёлыг баримтжуулан дараагийн үедээ өвлүүлэх ёстой.  Монгол гэрийг авч үзэхэд л устаж үгүй болох магадлал өндөр. Суурин амьдралд шилжсэн монголчууд гэрт амьдрах нь цөөрч буй учраас гэрийн эсгий туургыг хонины ноосоор хэрхэн бэлтгэдэг, яаж барьдаг зэрэг бичлэг, нэвтрүүлэг хийхэд хүн бүр мэдэх болно. Гэрт амьдардаггүй хүн ч гэрийн тухай мэдлэгтэй болно гэсэн үг. Малчин айл, монгол ахуйн талаа  баримтат нэвтрүүлэг хийгээд гадны оронд Монголын тухай сурталчилсан Японы эрдэмтэн бий. Бидний чадаагүй зүйлийг тэд хийсэн. Монгол хүн хийж чадах ч бид шалтаг тоочдог. Юу гэдэг вэ гэхээр мөнгө, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, хүн хүчний асуудал ярьдаг нь бидний дутагдал. Энэ бидний алдаа юм даа.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж