Зам тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-нд хүн амины хэрэг гарсан. Уг хэргийн талаар ноцтой баримтууд дэлгэсэн УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.
-Зам тээврийн хөгжлийн яам дээр гарсан хүний амины хэргийн улмаас амиа алдсан Т.Гомбосүрэн агсныг хэр сайн таних вэ. Та хоёр нэг нутаг ус болохоор асууж байгаа юм шүү?
-Талийгаач гэр бүлийнхээ хүнтэй хамт Сэлэнгэ аймгийн намын дэргэдэх Залуучуудын холбооны ажилд ихэд идэвхтэй оролцдог байсан. Тэр утгаар нь би талийгаачийг мэднэ. Талийгаач Т.Гомбосүрэн айлын удам залгах ганц хүү байсан, доороо хоёр дүүтэй. Боловсрол мэдлэгтэй, монголчуудын ярьдагчлан хорхойд хоргүй л залуу байсан. Хуульзүйн “Сүлд” дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, 2016 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг Удирдахуйн ухааны магистр зэрэгтэйгээр дүүргэсэн. МУИС-ийн Хуулзүйн сургуульд магистрантурт суралцаж байсан. 2007 онд Английн Манчестер коллежид мэргэжил дээшлүүлсэн юм билээ. Ажил хөдөлмөрийн гараагаа 2001 оноос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 10 жилийн хоёрдугаар сургуульд багшаар эхэлж, төрийн болон хувийн байгууллагуудад хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан гэсэн. 2016 оноос Зам тээврийн хөгжлийн яаманд Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилогдон ажиллаж байгаад харамсалтайгаар амиа алдлаа. Болсон явдлын дараа эхнэр нь ирж уулзсан. Талийгаач эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг, цайлган сэтгэлтэй, ямагт инээж явдаг, үр хүүхэд, ханьдаа халамжтай хүн байсан гэдэг.
Талийгаач Т.Гомбосүрэнгийн дөрвөн хүүхэд өнчирч, залуухан эмэгтэй бэлэвсэн хоцорлоо. Гэтэл ажлаа хийж явсан нөхрийг нь ажлын байрандаа архидан согтуурч балмад зан гаргаж амиа алдсан мэтээр ярьж, бичиж байгаад ихэд харамсаж яваагаа хүртэл хэлж байна лээ.
-Чуулганы хуралдааны үеэр хэлсэн таны мэдээлэл олныг анхаарлыг татсан.Яагаад ийм мэдээлэл хийх болсон юм бэ?
-Өнгөрсөн хугацаанд уг хэрэгтэй холбоотой төлбөртэй мэдээ, материал зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарлаа. Нийгэмд талийгаачийн талаар үнэн зөв мэдээллийг хүргэхийг зорьсон. Хамгийн харамсалтай нь, Т.Гомбосүрэн эргээд босохгүй. Ээж аавдаа үнсүүлэхгүй, үр хүүхдээ үнсэхгүй. Ядаж л хэрэг нь үнэн зөв шийдэгдэж, ар гэрийнх нь сэтгэл санааг бага ч гэсэн амраагаасай даа. Хэрэг гаргадаг орой Б.Махбал талийгаачийг өрөөндөө дуудсан яриаг утсандаа бичиж авсныг гэр бүлийнхэн нь хэвлэлийн хурал хийх үеэрээ гаргаж тавьсан шүү дээ. Гэвч Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ “Зам тээврийн газрын дарга нар хувийн таарамжгүй байдлаасаа болж ажлын байрандаа архидан согтуурч, харилцан зодолдож биенийхээ аминд хүрсэн” мэтээр мэдээлсэнд талийгаачийн ар гэрийнхэн маш гомдолтой байна лээ. Гэтэл ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ тухайн үед талийгаачийн гэрт очоод эмгэнэл илэрхийлэхдээ “Талийгаач бол шударга төрийн албан хаагч, хамгийн их хичээл зүтгэл гаргаж сайн ажилласан, хяналт шалгалтаар олон зөрчил дутагдлыг илрүүлсэн, миний баруун гар болж ажиллаж чадсан цайлган, зүтгэлтэй төрийн албан хаагч байсан. Талийгаач ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдлаа. Тиймээс оршуулгын ажлыг зохион байгуулах, туслалцаа үзүүлэх, дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилж, 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн" гэж хэлсэн байдаг.
“Нэр хугарахаар яс хугар” гэж монголчуудын эртнээс хэлж заншсан үг бий. Монголын гурван сая иргэний өмнө яаран сандран үндэслэл муутай мэдээлэл хийж, олон нийтийн өмнө архидан согтуурч, харилцан зодолдож нэгнийхээ аминд хүрлээ гэж хэлсэндээ Монголын цагдаа, цагдаагийн ажилтан эмэгтэй талийгаачийн гэр бүл, аав ээж, ах дүү нараас нь уучлал гуйж нэр төрийг сэргээж өгөх ёстой.
Үхсэний хохь, амьдын зол болоод өнгөрөх вий гэсэндээ би сэжигтэнтэй холбоотой баримтуудыг дэлгэж тавьсан юм. Б.Махбал маш сайн, хүн зодоод алчихааргүй зөв хүн байсан гэж зарим хүмүүс бичээд, яриад байгаа болохоор л тэр шүү дээ. Тэр хүн маш сайн, зөв хүн байсан бол архи уугаад гэм зэмгүй нэгэн залууг зодож амь насыг нь хөнөөх үү.
-Албан тушаалын төлөө хүний амь хөнөөсөн гэж та хардаж байгаа. Ингэж хардах үндэслэл нь юу вэ?
-Хэрэгт холбоотой баримт нь ойлгомжтой илэрхий байна шүү дээ. Төрийн захиргааны төв байгууллага бүхэл бүтэн яам тамгын газарт хүний амийг ноцтойгоор хороосон хэрэг гарлаа. Хэдэн газрын дарга нар нь өөр хоорондоо хуйвалдан талийгаачийн араар ажлын байранд нь санаархан дарамталж байгаад амь насыг нь хөнөөлөө. Төрийн нарийн бичгийн дарга нь хүртэл талийгаачийн эсрэг хуйвалдсан гэж сонссон. Нэг хүний эсрэг таван хүн оролцсон бүлэг хэрэг гэж хардаж байна. Тавуулаа архидан согтуурч байхдаа мөрөөрөө ажлаа хийж байсан залууг өрөөндөө дуудаж авчраад тархи руу 8-9 удаа бөмбөг шиг өшиглөж амийг нь хөнөөснийг санаатай хэрэг гэж би хувьдаа харж байгаа. Энэ бол албан тушаалын төлөөх хүн амины ноцтой хэрэг.
-Талийгаачийг төрийн жинхэнэ албан хаагч байгаагүй, сонгон шалгаруулалтдаа тэнцээгүй гэсэн яриа гараад байгаа?
-Талийгаач 2017 онд өөрийнхөө ажлын байран дээр төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт зарлуулж, төрийн жинхэнэ албан хаагч болох хүсэлтээ Төрийн нарийн бичгийн даргадаа удаа дараа тавьж байсан юм билээ. Ж.Бат-Эрдэнэ дарга “Удахгүй таны орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлана, түр хүлээгээд ажлаа тайван хийж бай” гэж хэлдэг байсан гэсэн. Гэтэл өнгөрсөн гуравдугаар сард талийгаачид мэдэгдэлгүй түүний ажлын байран дээр сонгон шалгаруулалтыг хуйвалдан зохион байгуулж С.Дорждагва тус шалгалтад оруулсан байсан талаар талийгаач эхнэртээ ярьж байсан юм билээ.
Тэр ч бүү хэл талийгаач өрөөндөө камер тавиулмаар байна. Янз янзын юм ярьж орж ирээд байх юм. Ёстой хэл амтай ажил юм гэж гэр бүлийнхээ хүнд хүртэл ярьсан байсан.
-Та талийгаачийн гэр бүлтэй хэдэн удаа уулзсан бэ?
-Нэг удаа уулзсан. Талийгаачийн гэр бүл шүүхийн шийдвэр шударга гараасай л гэж хүсч байна. Талийгаач амиа алдсан өдрийнхөө өглөө эхнэртээ “Маргааш ажиллаад амралтаа авлаа. Тэгээд чинийхээ алдарт эхийн одонгийн найрыг хийж, хүний ганц хүүг дөрөв болгож гоёсон ханиараа гангарна” гэж хэлээд гэрээсээ эрүүл саруул инээд алдаад гарсан байдаг. Харамсалтай нь, тэр оройгоо нөхөр нь гэртээ, үр хүүхэддээ эргэж ирээгүй.
-Талийгаачийн ажлыг авах гээд байсан С.Дорждагвын талаар танд мэдээлэл байна уу?
-С.Дорждагва 2014 онд Зам тээврийн яамны ХШҮДГазарт сэжигтэн Б.Махбалыг даргаар ажиллаж байх үед мэргэжилтнээр ажилд орж байсан юм билээ. Б.Махбалтай нэг нутаг усных гэсэн. 2014 онд Б.Махбал яамнаасаа явахдаа “Би чамайг газрын дарга болгоно” гэж амлаж байсныг нь түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс гэрчилдэг гэсэн. 2016 онд ЗТХЯ-ны сайдаар С.Ганбатыг ажиллаж байх үед Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ж.Гантөмөр (одоо ажиллаж байгаа) С.Дорждагвыг ХШҮДГазрын дарга болгохоор сайдад санал болгож оруулж ирээд чадаагүй. Яг тэр үед талийгаач саналаа хүргүүлж тус албанд очсон юм билээ. Тиймээс эрх мэдэл, албан тушаалын төлөө хүний амь хөнөөсөн хүмүүс хууль хяналтын гадна үлдэх учиргүй. 2017 оны өвөл ТЗУГ-ын даргаар Б.Махбалыг ирснээс хойш С.Дорждагва тэр хоёр ойр ойрхон уулздаг, хамт архи уудаг, хөдөө гадаа цугтаа явдаг гэсэн мэдээлэл ч надад ирж байна. Тиймдээ ч С.Дорждагва гэдэг хүний ааш авир нь улам гаарч талийгаач руу удаа дараа “Чиний өгсөн үүрэг даалгаврыг би биелүүлж чадахгүй, би удахгүй чиний ажлыг авна” гэх зэргээр агсам тавьж хэрэлддэг, дарамталдаг байсан тухай сонссон. С.Дорждагва өөрийн ХОМ-дээ “Лотос” компаниа мэдүүлээгүй. Төрийн албаны цалингаар шинэ машин худалдан авч, хувийн хауснууд бариулж байгаа гэж хүмүүс надад хэлээд байгаа.
-Б.Махбал хувьдаа олон компанитай, 10 гаруй ашигт малтмалын лицензтэй, төрсөн дүү нь нэг тэрбумын үнэлгээтэй компанитай. Баянзүрх дүүрэгт хэд, хэдэн орон сууцтай. Төрсөн хүү 21 настай хүү нь М.Билгүүн нь найман үл хөдлөх хөрөнгөтэй. Машиных нь тоо бүр замбараагүй гэж та хэлсэн. Б.Махбал төрийн албанд насаараа ажиллаж байсан хүн биз дээ. Яаж тийм их хөрөнгө цуглуулсан байх уу?
-Б.Махбал дөрвөн ч хувийн компаниа ХОМ-дээ мэдүүлээгүй. Түүний эхнэр нь эм, эмийн бөөний худалдаа, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг “Эм Би Би Жи” компани мөн олон салбар эмийн сантай гэдэг. Төрсөн дүү Б.Лхамсүрэн нь нэг тэрбум төгрөгийн дүрмийн сантай “Тэнгэр Ази инвест” ББСБ-тай. Б.Махбал хурдан морь уядаг. Чиний хэлснээр насаараа төрд ажилласан хүн яаж ийм их хөрөнгө цуглуулсан байж болох вэ.
Холбоотой мэдээ