XIII зууны үеэс 250 гаруй жил оршин тогтнож байсан “Алтан орд улс”-ыг 1242 онд Батхаан байгуулсан түүхтэй. Ази Европ дамнасан эл улсыг Чингис хааны ууган хүү Зүчид Эрчис мөрнөөс баруун тийш Хорезмоос урагш бүх газрыг хуваарилан өгсөн гэдэг. Монголын өвөг дээдэс оршин тогтнож байсан эл түүхийг өгүүлэх “Алтан Орд Улс”-ын тухай гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Үндэсний музейд өнөөдөр нээгдлээ. Энэ талаар доктор О.Нямдаатай цөөн хором ярилцлаа.
-Та өнөөдөр нээлтээ хийж буй өөрийнхөө үзэсгэлэнгийн талаар уншигчдад сонирхуулахгүй юу?
–Миний бүтээлд дан ганц гэрэл зургийн үзэсгэлэн гэхээс илүү хамгийн сүүлд хэвлэсэн “Алтан Орд Улс” ном, баримт киноны танилцуулгыг дэлгэснээрээ онцлог. Ойролцоогоор хоёр метрийн урт, 60 см өргөн даавуун дээр 20 гаруй гэрэл зургийг дэлгэн харуулсан. ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан улсын нийслэл Казань, Батхааны байрлаж асан Болгар хот түүнчлэн Саратов /Ухэг/, Волгоград, Астрахань, Крымийн нийслэл, Семфероль хотоор өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нөөс нэг сар орчим аялж хийсэн судалгааны дүн юм. “Алтан Орд Улс” нь Ижил мөрөн болон Крымийн нутгаар 110 хот байгуулсан байдаг.
-Аяллын туршид содон зүйл юу байв?
–Татарстаны Болгар хотод Алтан ордны үеийн түүхэн олон сайхан барилга байшин өнөөдрийг хүртэл үлдсэнийг Татарстанын Засгийн газар сэгээн босгож засварлаад гадаад, дотоодын жуулчдад үзүүлэх хэмжээнд болгосныг үзэсгэлэнд гарган тавилаа. Тэд өөрсдийн түүхийг зургаан давхар музей байгуулж түүндээ Алтан Орд Улсын болон Монголын эзэнт гүрний талаар дэлгэрэнгүй зүйл тусгасан байдаг. Болгар хотод жил бүр Алтан Орд Улсын нэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм билээ.
-Та өөрийнхөө номыг гаргасан байна. Номонд тань энэ үзэсгэлэнд гарсан бүтээлүүд орсон уу?
-“Алтан орд улс” номд үзэсгэлэнд гаргасан зураг товч байдлаар орсон. Нийт 20 гаруй ном гаргасан байна. Эдгээрээс “Эл хаант улс”, “Эл хаадууд”, “Дэлхийн монголчууд” зэрэг бүтээлийг дурдаж болно. Ялангуяа “Дэлхийн монголчууд” номд улс орнуудад тархан суурьшсан монгол үндэстний тухай дурдсан.
– “Дэлхийн монголчууд” номд монголчууд гурван саяулаа биш гэдгийг тодотгосон байсан?
-Судалгааны дүнгээс үзэхэд дэлхий даяар 50-60 сая орчим Монгол үндэстэн бий. Тухайлбал, БНХАУ-д 5.9 сая, ОХУ нэг сая орчим хүн монгол үндэстэн гэж бүртгүүлсэн байдаг. Мөн Энэтхэгт 30 сая Монгол гаралтай иргэн байгаа бол Пакистанд долоон сая орчим байна.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Холбоотой мэдээ