Шатахууны үнэ өсөх үндэслэлтэй гэв

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ өсөх үндэслэлтэй гэв

Шатахууны үнэ өсөх үндэслэлтэй гэв

Автобензин, дизелийн түлшний үнэ, холбогдох бусад асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2018.10.10/ хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Шатахууны үнэ энэ оны нэг, хоёр, долоо, найм, аравдугаар сард нийт таван удаа нэмэгдсэнийг Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг онцлов. Засгийн газар шатахууны үнийг зохицуулах зорилгоор Үнийн зөвлөл байгуулж, онцгой албан татварыг тэглэсэн. Гэвч шатахууны үнэ ямар учраас өссөөр байгааг Байнгын хорооны гишүүд сонирхож байв. 


Ингээд хэлэлцүүлэгт ирсэн албаныхан шатахууны үнэ өссөн талаар дараах тайлбарыг өглөө.

АШИГТ МАЛТМАЛ ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА Ц.ЭРДЭНЭБАЯР:

-2016 онд 1,2 сая тонн бүтээгдэхүүн импортоор авсан бол 2017 онд 1,5 сая тонн болсон. Нийт импортын 94 хувийг ОХУ, үлдсэн таван хувийг БНХАУ, Солонгос зэрэг улсаас авдаг. Ам.долларын ханш 2018 оны хагас жилийн байдлаар 2473 байсан бол өнөөдөр 2560-2570 төгрөг байна. Үндсэндээ 100 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Тэгэхээр тээвэрлэлт, валютын ханш болон бусад зардлыг нэмээд А-92 бензиний өөрийн өртөг нь 1900 гаруй төгрөг байх тооцоолол бий.

 

 

 

ШӨХТГ-ЫН ДАРГА Б.ЛХАГВА:

-Өнөөдөр дэлхийн зах зээл, хилийн үнэ, валютын ханшаас шалтгаалж шатахуун өсөх үндэслэлтэй гэж үзсэн. Гагцхүү шатахууны үнэ нэмэгдсэн үед төрийн зүгээс хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал тулгараад байна.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүд хэлэлцүүлэгт ирсэн төлөөлөгчдөөс асуулт асуув.

УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ:

-Өнөөдрийн байдлаар шатахууны үнийг тогтворжуулах, бууруулах ямар боломж байна вэ?

 

 

 

 

 

 

УУХҮЯ-НЫ ТҮЛШНИЙ БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА Ч.ЧУЛУУНБАТ:

-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хуралдах үеэр шатахууны үнийг зохицуулах арга хэмжээний талаар саналаа танилцуулсан ч хойшлогдсон. Өнгөрсөн 2014 оны дунд үеэр газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унасан. Уналтын үед манай жижиглэн борлуулалтын үнэ тогтвортой байж, 1660 төгрөгөөр борлуулагдаж байсан. Үнэ буурах боломж байсан ч 2015 оны нэгдүгээр сард онцгой албан татварын хувь хэмжээг дээд хэмжээнд хүргэсэнтэй холбоотойгоор алдагдлаа нөхсөн байдаг. Манай жижиглэнгийн үнэд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл бол валютын ханшаас гадна, гадаад зах зээлийн үнийн өсөлт юм. Сүүлийн сар гаруйн хугацаанд гадаад зах зээл дээрх шатахууны үнэ 20 гаруй хувиар өсөөд байна. Дээр нь ам.долларын ханш 100 төгрөгөөр сулрахад шатахуун импортлогчдод 70 төгрөгийн  ачаалал ирж байна гэсэн үг.

 

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

 

-Төрийн байгууллагын зүгээс ажлаа хийхгүй байж, гадаадын зах зээл рүү чихээд суугаад байх юм. Ажлаа хангалттай хийж чадахгүй байна. Одоо юу хийх гэж байна, хүлээгээд суугаад байх уу. Эсвэл Засгийн газраар арга хэмжээ авхуулах юм уу?

 

 

 

 

АШИГТ МАЛТМАЛ ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН ДАРГА Х.ХЭРЛЭН:

-Манай агентлаг бол хэрэгжүүлэгч агентлаг юм. Шатахууны үнийн өсөлт дэлхийн зах зээл дээрх үнэ ханш, валютын ханшаас шалтгаалж байгаа ч бид онцгой анхаарал хандуулж байгаа. Гаалийн татварыг тэглэх, НӨАТ-ыг тэглэх, орон нутагт шатахуун тээвэрлэх зардлыг татаасаар зохицуулах, улсын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарах шаардлагатай. Одоогийн байдлаар 12,5 мянган тонн шатахууны нөөцтэй байна. Нөөцийн савыг нэмэгдүүлэх зэрэг саналыг нэгтгээд УУХҮЯ-д өгсөн. Яамнаас саналаа нэгтгээд Засгийн газарт өргөн барьсан байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж