Өрийг ДНБ-ийн 60 хувьд хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2015.01.15-нд нийтлэгдсэн

Өрийг ДНБ-ийн 60 хувьд хүргэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 71.3 хувийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Тодруулбал, санал хураалтад 64 гишүүн оролцсоноос 51 нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөлд энэ онд улсын өрийн хэмжээг ДНБ-ийн 60 хувь, 2016 онд 55 хувь, 2017 онд 50 хувь, 2018 онд 40 хувь болгон бууруулахаар заажээ. Өмнө өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд энэ онд улсын өрийн хэмжээг ДНБ-ийн 70 хувьд хүрч байхаар тусгасныг УИХ дахь МАН-ын бүлэг эсэргүүцэж, төслийг УИХ-аар хэлэлцэх үед унагасан тул Засгийн газар өрийн босгыг 10 хувиар бууруулж ДНБ-ийн 60 хувьтай тэнцэж байхаар дахин төслийг оруулж ирсэн нь ийнхүү олонхийн дэмжлэг хүлээлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Өглөө ажилдаа ирэхэд л өр нэмэгдчихээд байна. Валютын ханшийг тогтоох арга байдаггүй юм уу” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Ж.Эрдэнэбат сайд аа та саяхан “Улсын өр ДНБ-ийн 55.2 хувьтай тэнцэж байгаа гэсэн. Одоо болохоор өр ДНБ-ийн 58.3 хувь” гэх. Ойлгохоо байлаа, энэ олон тоонд будилаад байна” гэж байв.

Сангийн сайдын тайлбараар өнөөдрийн байдлаар улсын өр ДНБ-ийн 58.3 хувьтай тэнцжээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Өрийг буруу мэдээлснээс 4 их наяд төгрөгийн зөрүү гарсан байна. УИХ-ыг хуурамч мэдээллээр хангаж байж, үүнийг хянах газрууд юу хийж байсан юм. Засгийн газар яагаад хуурамч мэдээллээр хангаж байв. Хариулт өг” гэв.

Сангийн сайд Ж.ЭрдэнэбатБи тийм мэдээлэл өгөөгүй учраас хариулт өгөх боломжгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “МАН анхнаасаа өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурьтай байсан. Одоо ч ийм байр суурь барьж байгаа. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар  улсын өрийн хэмжээ ДНБ-ийн 40 хувиас хэтрэх ёсгүй ч өмнөх Засгийн газар өрийн хэмжээг ДНБ-ийн 58.3 хувьд хүргэчихсэн учраас одоогийн түвшинг хүлээн зөвшөөрөөд цаашид нэмж зээл авахгүй гэдэг зорилгоор хэлэлцэхийг дэмжиж байгаа. Манай бүлэг өрийг ДНБ-ийн 58.3 хувь хүртэлх хэмжээг л хүлээн зөвшөөрнө. Ер нь Засгийн газар өр зээлтэй холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй болгооч. Энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөх үү” гэв.

Үүнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Энэ асуудал нь нэг нам, Засгийн газрын асуудал биш. Улс үндэстний асуудал. Өрийн босгын тухайд таны хэлсэнтэй санал нэг байна. Засгийн газар бонд босгохгүй. Нэн хөнгөлөлттэй 10-30 жилийн хугацаатай зээл авах асуудлыг УИХ-д оруулж ирнэ. Засгийн газар маргаашийн тухай бодно” гэсэн хариулт өгсөн юм. Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хуулийн төслийг дэмжихээс аргагүй. Өнөөдөр өр ДНБ-ийн 58.3 хувьд хүрчихсэн байна. Харин өрийн хэмжээг хууль бусаар нэмсэн этгээдэд хариуцлага ярих ёстой. Ер нь Н.Алтанхуягийн Засгийн газар худал ярьдаг байсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар түүнийг нь засах гээд явж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Цог “Ерөнхий сайд зээл авахгүй гэж ярихгүй байна. Хуульд өрийн хэмжээг ДНБ-ийн 40 хувиас хэтрүүлэхгүй гээд заачихсан байхад түүнийг хэтрүүлсэн этгээдтэй хариуцлага ярих ёстой. Авсан зээлээ юунд зарцуулав гэдгийг нягталж байж, дараагийн асуудал ярих ёстой. Өмнөхийнхөө учрыг олоогүй байж дахиад өрийн хэмжээг нэмэх тухай ярих нь биенээ хуурсан хэрэг болно” гэсэн юм.

Гэхдээ улсын өр ДНБ-ийн 58.3 хувьд хүрсэн тул УИХ дахь намын бүлгүүд харилцан ярилцаж ойлголцолд хүрсэн бололтой, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ийнхүү УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээж, анхны хэлэлцүүлэгт шилжээд байна.

Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ өнөөдрийн чуулганы хуралдаанаа өндөрлүүллээ.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж