МУИС, Төрийн албаны зөвлөл, ХБНГУ-ын Шпайрын Төрийн Удирдлагын их сургууль, түүний Хамтын ажиллагааны нийгэмлэг хамтарсан олон улсын эрдэм шинжилгээний цуврал хурал “Төрийн албаны хүний нөөц-Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх нь” сэдвээр болж байна. Төрийн албаны зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, нийслэлийн есөн дүүрэг, Сэлэнгэ,Увс, Баянхонгор, Өмнөговь, Төв аймгийн ЗДТГ-ын төлөөлөл бүхий 150 хүн оролцсон юм. Хурлын үеэр ХБНГУ, Гүрж, Япон, АНУ-аас ирсэн төлөөлөгчид Төрийн байгууллагын хүний нөөцийн хөгжил сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Д.БААТАРСАЙХАН:
-Манай улсад “Төрийн албаны зөвлөл” байгуулагдаад 23 жил болж байна. Төрийн албанд иргэдийг шалгаруулж авах, албан хаагчдад хяналт тавих, тэдний эрх ашгийг хамгаалах гэсэн чиг үүрэгтэй ажилладаг. Өнгөрсөн онд төрийн албаны хуулийг шинэчлэн баталсан. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Хууль дангаараа бүх харилцааг зохицуулах боломжгүй учраас түүнийг дагаад 47 дүрэм журамд өөрчлөлт орж байгаа. Үүний боловсруулалт бэлэн болж, бид ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина. Өнөөдөр Америк, Гүрж, Японы туршлагаас суралцаж байна. Манай төрийн албан хаагчдад олон зөрчил гардаг. Боловсролын баримт бичиг нь хуурамч, ажилласан жил хүрэхгүй байх, нийгмийн даатгалын бичилт дутуу гэх мэт. Энэ тал дээр бид боломжоороо хяналт тавьдаг. Бусад орны туршлагаас харахад манай улсын хууль хэрэгжих явц тааруу байгаагаас алба хаагчдын чадамж сул байна .Мөн улс төрийн нөлөө их. Үүний гол жишээ нь дөрвөн жилийн циклтэйгээр халаа, сэлгээ, бүтцийн өөрчлөлт хийгддэг. Сүүлийн үед нэг яамны сайд солигдоход түүнийг дагаад бүтцийн өөрчлөлт хийдэг. Халаа сэлгээ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хүртэл нөлөөлж байна. Энэ талаар бид тайландаа сайтар тусгасан.
Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 194400 гаруй төрийн албан хаагч ажилладаг. Үүний 22 мянга орчим нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад, яам агентлагт 45 мянга орчим, бусад нь орон нутагт байдаг. Тэр дундаа төрийн үйлчилгээний алба буюу багш, эмч нар 135 мянга орчмыг нь эзэлдэг байна. Энэ нь нийт албан хаагчдын 70 хувь нь юм.
МУИС-ИЙН, НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ, ПРОФЕССОР Н.БУРМАА:
–Хүний нөөцийг чадавхжуулах асуудлыг төрийн бодлогоор хийх ёстой. Аль ч салбарт судалгаа хийх үед хамгийн их бэрхшээл тулгардаг зүйл нь хүний нөөц. Хүний нөөцийн менежментэд тухайн хүний хувь хүний зан чанарыг үндэслэн байгууллагын хөгжилтэй холбох хандлага үүсээд байна. Энэ цогц системээр төрийн албыг удирдах ёстой. ХБНГУ-д насаараа төрийн албанд ажиллах эрхтэй байдаг. Харин манай оронд сонгуулийн хугацаагаар хязгаарлагддаг. Үүнийг хэрхэн шийдэх гарцыг бид олох хэрэгтэй байна гэлээ.
Энэхүү хуралд оролцсон гадны төлөөлөгчид манай улсын хүний нөөцийг хэрхэн бүрдүүлэх талаар санал, зөвлөмжөө солилцлоо.
М.БААСАНДЭЛГЭР
Холбоотой мэдээ