&#34Өлгийтэй жаалууд&#34 жагсав

Хуучирсан мэдээ: 2015.01.15-нд нийтлэгдсэн

&#34Өлгийтэй жаалууд&#34 жагсав

Шийдлийн Засгийн газраас эдийн засгийн хямралтай тэмцэхийн тулд эхний ээлжинд төсөвт хэмнэлт хийхээр, үүний тулд зарим нэгэн хавтгайрсан халамжуудыг танахаа зарласан. Ерөнхий сайдын бодлогыг олон нийт шүүмжлэлтэй хүлээн авсан. Эхчүүд, хүүхдүүдийн мөнгийг танахаар болсонд эмзэглэсэн зарим эмэгтэйчүүд "өлгийтэй хүүхдээ" жагсаалд “ашиглав”. Хөхөө өвлийн хүйтэнд сандал дээр тавьсан хүүхэлдэйнүүд "уйлж", тэдний толгой дээр “С.Эрдэнэ ахаа, бид даарч байна, та гурван давхар дээлтэй яаж байна”, “Ж.Эрдэнэбат сайдаа өрнөөс өөр бидэнд юу өвлөгдөх вэ” гэх мэтчилэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт хаягласан лоозон хаджээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, тус хуралдаанаар ээжүүд болон хүүхдийн мөнгийн хэвээр үлдээхээр болсон. Мөн МАН-ын зүгээс ээжүүд болон хүүхдийн мөнгийг танахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн нь бий. Эдийн засгийн хямралтай үед иргэдийнхээ халаас руу гараа дүрж байгаа Засгийн газрын бодлогыг эсэргүүцэн хөхөө өвлийн хүйтэнд "өлгийтэй жаалууд"-ын /хүүхэлдэйнүүд/ жагсаалын зохион байгуулсныг Чингисийн талбайд явж байсан зарим хүмүүс дэмжиж, “Ээжүүд арга ядахдаа энэ аргыг хэрэглээ биз” гэж байсан бол зарим нь энэ хүйтэнд хүүхдээрээ шоу хийлээ хэмээн буруутгаж байлаа. Гэхдээ тэнд хүүхэд байгаагүй юм /Хэрэв жинхэнээсээ өлгийтэй хүүхдээр улс төр хийсэн бол хүүхдийн эрхийн асуудал хөндөгдөх байв/. Хүүхэлдэйтэй суулт хийж, Засгийн газрын бодлогын эсэргүүцэж буй ээжүүдийн хувьд Засгийн газар таналтаа өөрсдөөсөө эхлүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа юм.

Өлгийнд ороосон давууг буюу хүүхэлдэйнүүдийг зарим иргэд жинхэнээсээ өлгийтэй хүүхэдтэйгээ жагслаа гэж андуурсандаа бухимдаж байв.  Харин жагсаал зохион байгуулагчид эрх баригчид дахин энэ мэтээр ард түмний халаас руу гар дүрдэг байдлыг халахын тулд ийм сануулга өөр аргагүй байсныг учирлалаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д мэдээлэл хийхдээ "Нэг сарын орлого нь нэг сая төгрөг хүртлэх айлын хүүхдэд л зөвхөн сар бүр өгдөг хүүхдийн 20000 төгрөгийг олгодог байх, мөн хүүхэд нь 18 нас хүрсэн алдарт эхийн одонтой ээжүүдэд одонгийн мөнгө олгохгүй байх" зэрэг хэмнэлтийн бодлогоо танилцуулсан ч намын бүлгүүд Шийдлийн Засгийн газраас барьж буй эдийн засгийн хямралаас гаргах зарим төлөвлөгөөг дэмжсэнгүй.

Өнгөрсөн баасан гаригт эмч, багш нар жагсаал хийж, цалинг 60 хувиар нэмэхийг шаардсан бол маргааш автобусны жолооч, кондуктор нар тэмцэл хийхээ зарлав. Учир нь нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл, ОНӨААТҮГ-ын ажиллагчид цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаа шийдвэрлэх зорилгоор маргааш жагсаал цуглаан хийхээр болжээ. Шалтгаан нь тэдний хамтын гэрээнд зааснаар тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг нийслэлийн Төсвөөс хассантай холбоотой юм байна. Мөн Авто тээврийн хэлэлцээрийн дагуу нийтийн тээврийн жолооч, кондуктор, засварчдын үндсэн цалинг нэмэгдүүлж байх шийдвэртэй ч биелэхгүй байгаад бухимдаж байна.

Ийнхүү хөхөө өвлийн жагсаал цуглаан энэ мэтээр үргэлжлэх бололтой.

Гэрэл зургийг: Э.ЭНХБАТ.

Б.ХОНГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж