"Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал" сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

"Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал" сургалт болж байна

"Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал" сургалт болж байна

УИХ-ын Тамгын газар, НИТХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан "Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал" сургалт өнөөдөр /2018.10.10/ Улаанбаатар зочид буудлын Өргөө  танхимд  эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, хурлын ажлын албанд ажилладаг 100 орчим эмэгтэй оролцож байна.

Сургалтын агуулгыг энэ чиглэлээр өмнө нь хийж байсан сургалтын туршлага, сургамж, оролцогчдын саналд үндэслэн “Монфемнет” ТББ шинэчлэн боловсруулсан бөгөөд  Манлайллын загвар, ур чадвар, оролцоо, нөлөөлөл, сэдэлжүүлэлт зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, оролцогчдыг дасгал, танилцуулга,  бүлгийн ажилд татан оролцуулах хэлбэрээр явуулж  байгаагаараа онцлог ажээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан тус сургалтын үйл ажиллагааг нээж үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ:  "Хэзээнээс Монгол эмэгтэйчүүд эрчүүдийн, эр нөхрүүдийнхээ найдвартай ар тал болоод зогсохгүй гэрийн, бас төрийн үйл хэрэгт ихээхэн үүрэг оролцоотой байсан.  Дэлхий дахиныг байлдан дагуулж байсан тэртээх 13-р зууны үед буюу  Их эзэн Чингис хааны гутгаар хүү Өгөдэй хааны их хатан Дөргэнө Их монгол улсын төрийг таван жил удирдсан бол түүний хүү Гүег хааны хатан Огул хаймаш  Их монгол төрийг засах үйл хэрэгт хоёр жил зүтгэж байсан  гэдэг. Тухайн цаг үед дэлхий дахинд эмэгтэйчүүдийн байр суурь ямар түвшинд байсныг та бүхэн сайн мэднэ. Үүнээс дүгнэхэд Монголын эмэгтэйчүүд гэрийн болон төрийн үйл хэрэгт аль эртнээс оролцож, төр улсын бодлого тодорхойлох, түүнийг  хэрэгжүүлэхэд гар бие оролцдог байсан байна.

Дэлхий даяар суу  алдар нь түгсэн домог түүхт монгол эмэгтэйчүүдийн минь үргэлжлэл болсон хатан ухаанаар эрчүүд бидний ажил амьдралын түшиг тулгуур болж, хазайхад нь түшиж, халтирахад нь тулж явдаг  та бүхэндээ талархаж явдгаа  илэрхийлье. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, зөв хүн болгон төлөвшүүлэх,  ижий ааваа асран халамжлах, эр нөхрөө хайрлан хүндэтгэх  эх хүний, эмэгтэй хүний хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй нөр их ажлын зэрэгцээгээр дүүрэг нийслэлээ хөгжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэд олон нийтийг төлөөлөн ажиллах засаг төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж, мэдлэг боловсрол, туршлага чадвараа зориулан ажиллаж байгаа та бүхнээр бахархаж байгаагаа уламжилъя.

НИТХ, нийслэлийн төр захиргааны байгууллагын зүгээс хотын бүтээн байгуулалтад чиглэсэн цөөнгүй ажил хэрэгжүүлж байгаа. Хэдийгээр өндөр байшин барилга, өргөн зам харгуй тавих нь бидний зорилт мөн боловч хөгжлийг зөвхөн үүгээр хэмжих боломжгүй. Ямар ч тохиолдолд бид хүний хөгжлийг, монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудын боловсрол, мэдлэг, ёс суртахууны хүмүүжлийг материаллаг ахуй, дэд бүтцийн хөгжлийн бодлогоос хойш тавих ёсгүй.

Нийслэлийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанар сайжруулах зэрэг дэд бүтцийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээгээр эмэгтэйчүүд хүүхдийн эсрэг гарч болзошгүй хүчирхийллийг таслан зогсоох, өсвөр үеийнхнийг элдэв муу зуршилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, үндэсний өв, түүх соёлоороо бахархах сэдлийг бий болгох, мэдлэг боловсрол, ёс суртахууны зөв дадлыг төлөвшүүлэхэд анхааран ажиллах ёстой. Үүнд та бүхний үүрэг оролцоо, нөлөөллийг  нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг онцлон хэлэх байна. НИТХ-ын зүгээс бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоог сайжруулах,  энэ чиглэлийн сургалтын үйл ажиллагаа болон нийслэл, дүүрэг, хороо бүрт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлье" гэв.

2016 оны орон нутгийн сонгуулиар бүх шатны ИТХ-д 2100 гаруй эмэгтэй төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Нийслэлийн ИТХ-д  эмэгтэй арван  төлөөлөгч, дүүргүүдийн ИТХ-д  эмэгтэй 82 төлөөлөгч сонгогдсон бөгөөд нийгмийн бодлого, төсөв санхүү, хууль эрх зүй, байгаль орчны асуудлаар илүү мэргэшсэн, уг асуудлаарх  хороодыг удирдаж манлайлан ажиллаж байгааг хурал зохион байгуулагчид дурьдаж байлаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж