Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ойн хүрээнд “Хүүхдийн хөгжил орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Хуралд гадаадын болон манай улсын судлаачдын нийт 34 илтгэлийг хэлэлцүүлж байгаа юм. Тус ордны хүний нөөцийн ажилтан Л.Сүхбаатар “Хүүхдэд тулгамддаг, тулгамдсан асуудлаар эрдэмтэн, судлаачид таван сэдвийн хүрээнд илтгэлээ танилцуулж байна. Төрөөс хүүхдийг хамгаалж буй бодлого дэлхийн бусад орнуудтай харьцуулахад манай улсад хэр түвшинд байгааг харьцуулсан илтгэлийг яг одоо танилцуулж байгаа юм. Илтгэлүүдийн дараа үдээс хойш дүн шинжилгээ хийнэ” гэв.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь хүүхэд бүрэн эрхээ эдэлж, сурч боловсрох, эрүүл таатай амьдрах орчныг бий болгох олон талын аргазүйн бодлогыг тодорхойлон хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой аж. Хурлаас гарах зөвлөмжийг төрийн болон олон нийтийн байгууллагад хүргүүлж хүүхдийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэл судалгааны үр дүнд суурилсан чиглэл болгох юм байна.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Холбоотой мэдээ