И.Одончимэг: Бараа бид хоёр олон хүнд сорилт давсан

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

И.Одончимэг: Бараа бид хоёр олон хүнд сорилт давсан

И.Одончимэг: Бараа бид хоёр олон хүнд сорилт давсан

Монгол Улсын гавьяат жүжигчин И. Одончимэгийг урлагт орсон цагаас нь сайн, муу зүйлүүд тойрон хүрээлж байдаг ч тэрбээр шантраагүй. Өдгөө Монголын манлай эмэгтэйчүүдийн нэг болон гялалзаж явна. Эмэгтэй хүн, тэр дундаа жүжигчин хүн, уран бүтээлээ найруулаад өөрөө тоглоно гэдэг бол бахархал. Тиймдээ ч түүний хийсэн бүтээл бүр нь шуугиан тарьж, олны сонорыг мялааж чихийг соотойлгодог. Анх “Сэргээш 3”-аараа найруулагчийнхаа ажлыг эхэлж байсан бол өдгөө долоо дахь уран бүтээлээ туурвиад байгаа билээ. Түүний авсан шагнал, алдар гавьяа, хийсэн бүтээснийг нь тоочоод байвал дуусахгүй. Ингээд энэхүү эрхэм хүнтэй ажил амьдралынх нь талаар хэсэгхэн ярилцсанаа хүргэж байна.


-"Алтан өндөг" кино нэлээд шүүмж хүртсэн байх. Яагаад ч юм "Солиот эх"-ийн дайны уран бүтээл хүлээж байсан болов уу, харин та найруулсан хүний хувьд хэрхэн үнэлгээ өгч байгаа вэ. Хүндрэлүүд их байсан биз?

-Энэ кино маань анх 2015 онд "Солиот эх"-ээс өмнө хийгдсэн. Гурван жилийн өмнө хийчхээд янз бүрийн шалтгаанаар дэлгэцэнд гарч болохгүй байлаа. Тухайн үедээ кино зургаа аваад монтажаа хийчихсэн байсан. Компьютер графикийнхаа ажил дээр нэлээн нухлагдсан. Эндээс харахад Монголд залуу боловсон хүчнүүдийг улс, хөрөнгө мөнгө гаргаад графикийн чиглэлээр сургах цаг нь болчихжээ. Ёстой өөрсдийнхөө хар авьяасаар суралцаж Монголын киночдыг графикаараа аварч байна даа. График гэдэг маш хүнд ажил. Дутуу дулимаг хийвэл худлаа харагдуулдаг. Киногоо тэр чигт нь унагадаг. Монголын хэд хэдэн аятайхан кинонуудыг графикаас нь болоод голж байсан жишээ байна. “Алтан өндөг” дээр машин онхолдох, байшин дэлбэрэх, утаа униар гарах гэх мэт бүгд графикаар хийгдсэн. Тэр том улсад зураг авна гэдэг бүтэхгүй. Замаа хааж байгаад бум бужигнасан хүмүүсийг зохицуулна гэдэг хэцүү юм байна лээ. Бараа бид хоёрын тэвчээрийг шалгасан асуудлууд их гарсан. Би кино грүппээ удирдаж явсан эмэгтэй хүний хувьд өөрийгөө их өрөвдөж байлаа. Бурхан минь дахиж л хүний нутагт зураг авахгүй шүү гэж бодогдсон. Би чинь сүүлдээ Хятад цагдаа нартай хэрэлдэж байж л зургаа авдаг байсан. Тэнд чинь манайх шиг амар амгалан сайхан хүлээж авахгүй хоёр сарын өмнөөс таван даргын зөвшөөрлөөр кино зураг авах эрхээ авдаг юм байна лээ. Зургийн объектуудаа маш их нерв, стрессийн дунд олж авсан. Бид зөвшөөрлөө хүлээж долоо хоносны эцэст сарын хугацаанд зураг авалтаа хийсэн. Харин “20-н гэр” гэдэг сайхан кино хотхонд том зочид буудалд тухтай байрлаж байсан.  Эргээд харахад би бусад кинонуудаасаа илүү хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээртэй тулж байжээ. Бусад кинонууд дээрээ ингэж зовж байснаа санахгүй юм. /нулимс цийлэгнэв/ Хэдэн жилийн дараа хүмүүс энэ киног үзээд “их юм хийжээ” гэдгийг ойлгох байхаа.

Монголын кино урлагийн мэргэжлийн ганц шүүмжлэгч нь Т. Мягмаржав ах байдаг. Мягаа ах киноны нээлтэнд ирээд надад тусгайлан баяр хүргэсэн. “Болоо доо Одноо минь яг нэг кино үзсэн юм шиг боллоо шүү” гэж. Миеэгомбо маань бас баяр хүргэсэн. Миеэ хэр баргийн юманд дуугардаг хүн биш. Киноны постон дээр их гоё сэтгэгдэл бичсэн байсан. Мэргэжлийн хүмүүсээсээ урмын үг сонсоно гэдэг их сайхан. Би бас мэргэжлийн хэмжээгээ барих гээд байна шүү дээ. /инээв/

– Таны хэд дахь найруулсан кино вэ. Найруулагч гэдэг хүнд хэцүү ажилд яагаад дурлах болов?

-Намайг III курст байхад Юнескогийн тэгш ойн жил болсон юм. Тэр жил Юнескогийн шугамаар Монголд 100 хувь Юнескогийн тэтгэлэгтэй Парис кино урлагийн их сургуульд суралцах гурван хувиар ирж байсан. Олон улсын сэтгүүлч, зураглаач, найруулагчийн ангиуд ирсэн. Энэ гурван хувиар дээр улсын төв хороо, Засгийн газраас арваад хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс гарч байлаа. Олон зуун хүүхэд тэр хувиар дээр өрсөлдөөд шалгаруулалтад нь нэгдүгээр байранд жагссан юм. Тийм сайхан хувь заяа надад ирж байлаа. Гэтэл манай Багшийн дээдийн багш нар намайг явуулахгүй гэсэн. “Одончимэгээ чи жүжигчин болох хүүхэд. Найруулагч гэдэг хүнд хэцүү ажил. Тэгээд ч чи эмэгтэй мундаг найруулагч гэж сонссон уу?. Зураглаачийг нь бодохын ч хэрэггүй. Чам шиг ийм жоохон биетэй амьтан хүнд юм мөрөн дээрээ тавиад гүйнэ гэдэг бүтэхгүй” гээд тал талаас ятгаж байсан. Тэгээд л би багш нарынхаа үгэнд ороод тэр хуваариудаас татгалзчихсан. Багш нарынхаа хэлснээр, ямар ч гэсэн “би жүжигчин болох нь тодорхой харин нэг кино найруулчхаад үхчих юмсан гэсэн бодол тээж явсан./инээв/

Нэг өдөр Найдаа найруулагч “би ажилтай болчихлоо Одноод "Сэргээш 3" найруулах үүрэг өглөө шүү гэж манайханд хэлээд явчихсан. Яалт ч үгүй “Сэргээш 3” над дээр буугаад тэгж л найруулагчийнхаа ажлыг эхэлж байлаа. "Сэргээш" маань амжилттай болсон болохоор урам орж, дараагийнхаа бүтээлүүд рүү орсон доо. “Алтан өндөг” миний долоо дахь кино.

-"Алтан өндөг" кино хэдэн төгрөгийн санхүүжилтээс бүтсэн бэ. Санхүүжилт ээ нөхөж чадах болов уу?

-Зүгээр нэг уран сайханч шиг мөнгөний төлөө хуурамч юм хийхийг би хүсдэггүй. Энэ кино бол Монголоос зарлагаа нөхөхгүй нь тодорхой. Монголд кино зураг авдгаас их зардал гарсан. Гэхдээ яах вэ урлагийн буянаар олон сайхан бүтээлтэй боллоо. Нэг бүтээлээс олсон мөнгөөрөө дараагийн бүтээлээ гаргаад явдаг хүмүүс шүү дээ бид чинь. Тэрнээсээ кайф авч амьдардаг. Энэ амьдралд мөнгө тийм чухал биш. Гэхдээ шуналгүй хүн гэж байхгүй байх. Тэр шуналдаа хязгаар тавих хэрэгтэй. Хүн хэлэхээс нааш санахгүй гэдэг үнэн үг шүү. Эрүүл мэндээ золиослон байж мөнгөний төлөө зүтгээд байдаг. Эцсийн эцэст бид юуны төлөө амьдраад байгаагаа бодох цаг болсон. Нарийндаа хүн хэрэгцээгээ хангахын тулд тийм их мөнгө хэрэггүй. Тэр утгаараа ч энэ киногоо бүх насныханд зориулж хийсэн.

-Одоо ямар шинэ уран бүтээл хийх вэ. "Сэргээш 4" хийх үү?

-“Солиот”-ыг гүйцэх бүтээл гарна гэдэг хэцүү. Дараагийнх ч гүйцэхгүй байж магадгүй. Тэрэн шиг "Сэргээш 3"-ыг "Сэргээш 4" гүйцэх үү?. Эргээд харж байхад "Сэргээш 3" дээр тоглосон жүжигчид маань ямар мундаг юм бэ гэж бодогддог. Яг үнэндээ "Сэргээш 4" хийх гэхээр таалагдах зохиол орж ирэхгүй байна. Тэр зохиол миний эмоцыг хөдөлгөхгүй бол тэр зохиолоор кино хийгээд яах вэ дээ. Одоо хийвэл драмын бүтээл хийнэ. Надад кинонд тоглох санал ч олон ирдэг. Би зохиолыг нь уншиж үзээд, таалагдахгүй бол уучлаарай чадахгүй нь ээ гээд буцаадаг.

-Монголынхоо хуучны сайхан зохиолуудаар яагаад уран бүтээл хийж болдоггүй юм?

-Хүмүүс тэгж асуудаг. Зохиол унших, дүрсэн дээр буулгах хоёр шал өөр. Үйл явдал, үг текст гээд маш их зөрүүтэй. Тэр бүгдийг одоо цагт яаж оруулах вэ гэх мэт асуудал их байдаг. Гэтэл тэрийг ойлгохгүй хүмүүс “ямар сонин юм бэ гадны зохиолоор юм хийгээд байх юм” гэдэг. Үнэндээ өөр арга алга. Социализмын үед зохиолчдыг чиглэл чиглэлээр нь хуваарилаад өгчихдөг байсан. Зохиолчид нь хүчээр томилсон чиглэлээрээ бичихдээ алдаж оноод сүүлдээ мэргэшдэг. Тэгтэл тэр чиглэлд нь дурлуулдаг байж. Батбаяр гуайгаас, Жаргалсайхан гуайгаас л жүжиг авъя гэдэг болтол мэргэшүүлдэг байж. Одоо тийм зохиолч олдохгүй байна шүү дээ.

-Өнгөрсөн “Академик авардс”-т танайх  яагаад оролцоогүй юм бэ?

-Бид “Солиот эх” киногоороо олон улсын  фестивалиудад уригдсан. Тажикстан, Вьетнамын Ханой, Италийн хоёр фестивалиудад аравдугаар сараас эхлээд явна. Надаас олон хүн олон улсын фестивальд оролцоод Монголынхоо фестивалийг тоохгүй байна уу? гэж үг хаяж байсан. Сая “Академик авардсад ороогүй".  Надад бичиг барьчихсан ирсэн. Та зөвшөөрч байвал гарын үсгээ зурна уу гэсэн юм байхаар нь уншиж үзлээ. Тэгсэн аль нэг номинацад таны бүтээл тэргүүлэх юм бол ивээн тэтгэгчийн компанийн рекламд үнэгүй тоглох эрх олгож байна гэсэн юман дээр гарын үсэг зуруулах гээд ирсэн. Би үнэхээр гомдсон. Ингэж хүнийг дорд үзэж, доромжилж болохгүй шүү дээ. Уран бүтээлчийг үнэлэх үнэлэмж, үнэ цэнэ гэж байх ёстой. Гэтэл нэг компанийн рекламд үнэгүй тоглож өгөхийн төлөө тэр фестивальд оролцох юм уу хаашаа юм. “Дараа нь уран бүтээлч хүнийг үнэлдэг тийм фестиваль зохиогдох юм бол тэрэнд нь оръё доо” гэж хэлсэн.

-Миний ажиглаж байгаагаар залуус сүүлийн үед их хөнгөн хуумгай зүйлүүд рүү дурлаад байх шиг санагдах. Хараал ерөөл урсгасан контентыг дэмжээд байх шиг. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Одоо тийм давалгаа үүсчихжээ. Манай хошин урлагийн коментууд нүүр амаа хөдөлгөж, гаднах хэлбэр хөөж, банаалны үг хэллэг хөөцөлдөөд байгаа юм болов уу даа. Рок поп гарсны дараа хип хоп гарч ирээд хараал ерөөл хэлдэг болсон. Энэ язгуур хаанаас вэ гэдгээс л шалтгаалдаг. Дэлхий нийтээрээ эвдрээд байгаагийн жишээ юм болов уу даа. Хүнд цаанаасаа л адгууслаг шинж ил гарч байгаа юм. Хэзээ байтлаасаа бидний өмнөх үеүдэд хараал ерөөл жаргон хэллэгийг алга ташин үзэж суудаг байсан юм. Цөөхөн хэдэн монголчуудынхаа тархийг буруу зүйлээр угааж байна гэсэн үг л дээ. Бидний үед одооныхоос энгийн зүйлийг тайзан дээр хэлчих юм бол пүү паа юу яриад юу гээд байгаа юм бэ болиоч ээ гээд бөөн юм болдог байсан. Саяхан хошин урлагийн найзууд уулзаж суулаа. Тэгж сууж байхдаа энэ контентын талаар яриад. Бидний үед юу ч дуугардаггүй даруулгатай байжээ. Хяргачих гээд л байдаг байсан биз дээ гээд инээлдэж байлаа. Юу үзэж таашаах нь хувь хүний сонголтын хэрэг юм даа.

-Хоёулаа уран бүтээлийн ярианаасаа түр хазайя. Суунигийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Суунийгээ энд тэнд дагуулаад явна. Гадаад руу, хөдөө явах болохоороо ээж дээрээ үлдээдэг. Ээж маань том охиныг маань өсгөж өгсөн, одоо бага охиныг маань харж байна. Миний охинд жүжигчин хүнд байх данз, эмоци гэх ховор зүйлүүд байгааг би олж хардаг. Гэхдээ би жүжигчин болоосой гэж хүсэхгүй байгаа. Том охин минь намайг дагаж явж байгаад хүссэн хүсээгүй жүжигчин болчихлоо. Жүжигчин болно гэдэг маш хэцүү ажил. Бэлэн тоглолтыг үзээд суух амархан боловч тэр зүйлийг бүтээхэд оюуны болоод бие махбодын асар их ачааллыг үүрдэг. Арсланд тоглодог манай Доржсамбуу багш бидэнд “Жүжигчин гэдэг бол маш хүнд хар хөдөлмөр шүү дээ. Та нар их л гоёор бодох юм” гэдэг байсан. Дөнгөж нэгдүгээр курст орчихсон байсан. Ид хүсэл мөрөөдөл дээрээ явж байгаа хүүхдүүдэд тэгж хэлэхээр юу ч ойлгохгүй гайхаад л. Яахаараа хүнд ажил гэж байгаа юм бол доо л гэж боддог байжээ. Цэвэр ар гэрээ хаяж байж, сайн уран бүтээл гаргахын төлөө ажиллана шүү дээ. Заримдаа би “Өдий насандаа нэг хүүхэд гаргачхаад тэрэндээ цаг зарцуулж чадахгүй байх даа ч яах вэ дээ” гэж боддоо. Орой гэртээ ирээд охиныхоо хичээлийг нь ялгана. Охин хүүхдийн чинь ариун цэврийг сахиулна. Хумс хурууг нь янзална гэх мэт ажил ихээ. Гэхдээ гэр бүлд үр хүүхэд гэдэг хамгийн их аз жаргал авчирдаг. Заримдаа би ажил дээрээ ажлаа хийж сууж байхдаа өөрийн эрхгүй охиноо бодоод үртэй хүүхэдтэй байна гэдэг ямар аз жаргал юм бэ дээ гээд ярьчихдаг. Тэгэхээр Онон өлгөж аваад “Хүүе Одноо минь болно. Энэ бүр сайн эзэгтэй боллоо шүү. Наад ажлаа хий. Уран бүтээлээ бод” гээд тоглоом шоглоом хийдэг. Би чинь том охиндоо анхаарал тавьж чадаагүй хүн. Бага охиндоо цаг зарцуулмаар байна шүү дээ.

-Одноо эгч ямархуу гэрийн эзэгтэй вэ? Гэр бүлийг чинь тойрох хүмүүсийн хандлага ямархуу байдаг вэ?

-Ар гэртээ цаг зав гаргана гэдэг хэцүү дээ. Цаг зав гарвал гэр орноо угааж арчих, нэг өдөр нэг цонхны тавцан арчсан бол маргааш нь нөгөөг нь гэх мэтээр цэвэрлэдэг. Сайн эзэгтэй байсан бол өглөө эрт сэрээд цай хоолыг нь бэлдэж өгөөд, өдөр идэж уух юманд нь анхаарал тавиад бие организмд нь тааруулаад хүн тус бүрд санаа тавих байлгүй. Ингэж чадахгүй болохоор ямархуу эзэгтэй байна. /инээв/

Монголчуудын олонх маань биднийг сайхнаар хүлээж авна. Нэг хүн хажуугаар зөрөхдөө сайхан ерөөл хэлээд, гоё хараад өнгөрөхөд л нэг их сайхан болоод эрч хүч орох шиг болдог. Бид хоёрын гэр бүл их олон хүнд хэцүү сорилтыг давсан даа. Одоо бол хүн бүхэн хүлээн зөвшөөрсөн.

-Өнгөрсөн жил таны төрсөн өдрөөр Бараа таныг албан ёсоор гуйж тэр ч бүү хэл хүү гаргуулах хүсэлтээ олон түмний нүдэн дээр зарласан. Харин та тэр бүхнийхээ хариултыг биднээр дамжуулахгүй юу. Ойрын төлөвлөгөөнд хүүхэд багтаж байгаа юу?

-Би чинь эрүүл мэндээ анхаардаггүй эм ч уудаггүй, эмчид ч үзүүлдэггүй байлаа. Одоо охиноо бодоод эрүүл саруул байж, түшиг тулгуур болмоор байна шүү дээ. Манай ээж 70 гарсан хүн байдаг мөртлөө хүүхдүүддээ хэрэгтэй байх гэж их хичээдэг. Бидэнд ээж маань хэчнээн хөгширсөн ч хүнд хэрэгтэй хүн болоорой гэж захидаг. Тэгэхээр би ээжийнхээ захиснаар хүүхдүүддээ хэрэгтэй хүн байхын төлөө хичээж байна. Надад нэг настай хүн “Чи хүүхэд төрүүлчхээд хэдэн шөнө нойргүй хоносон. Хэдэн шөнө кино хийж нойргүй хоносон бэ” гэж асуусан. Нойргүй хононо гэдэг чинь богинохон насалдаг юм. Одоо биеэ бод. Битгий миний хүү ядарна" гэж хэлсэн. Тэгэхээр ойрын төлөвлөгөөнд хүүхэд төрүүлэх талаар төлөвлөөгүй л байна.Гэхдээ бурхан яаж зурсныг мэдэхгүй шүү дээ. / инээв /

-Таныг ганц бие залуухан царайлаг байхад хэл ам тойрдоггүй байсан байх. Тэр хүнд үе одоо үе хоёрын ялгаа өөр болсон уу?

-Мэдээж өөр байлгүй яах вэ. Нэг шар сонинд намайг нэг залуутай холбоод худлаа ярилцлага гаргачихсан байсан. Доромжлолыг тэснэ гэдэг надад маш хүнд байсан. Тэр үед нэг ухаантай хүн зөвлөсөн юм. “За Одноо минь худлаа юм бол худлаа нь хэзээ нэгэн цагт илэрнэ” Үнэн л юм бол чи тэр хэл амны хойноос бүү гүй” гэсэн. Ганц бие болохоор нь дээрэлхээд байгаа ч юм шиг санагддаг байсан. Орой нь гэртээ орж ирээд охиноо тэврээд уйлж байлаа. Худлаа гэж бодохоор л алалцмаар санагдаад байгаа юм чинь. /нүдэндээ нулимстай инээв/ Өөртөө тэснэ тэснэ гэж хэлээд их тэсвэр гаргасан.

– Баярлалаа танд уран бүтээлийн амжилт хүсье.

М.НОРИКО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж