&#34Бидний санаачилга хямралын үед л хэрэгжинэ&#34

Хуучирсан мэдээ: 2015.01.15-нд нийтлэгдсэн

&#34Бидний санаачилга хямралын үед л хэрэгжинэ&#34

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өчигдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийж, дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгснийг хүргэж байна.

 

-Эдийн засгаа босгоход МАН-ын стандартын бус онцгой арга хэмжээ авах  хэрэгтэй гэж үзжээ. Тодорхой гаргасан саналууд байна уу?

 

-Бид энэ Засгийн газартай хамтрахдаа зөв бодлогыг дэмжиж буруу зүйлд шүүмжлэлтэй хандана гэдгээ хэлсэн.  Тиймээс  манай бүлгээс хямралыг давах төлөвлөгөө гаргаж УИХ-д яаралтай оруулж ирэхийг шаардаж байсан.

 

Одоо болтол орж ирэхгүй байгаа учраас МАН-ын бүлэг өөрсдөө ажлын хэсэг байгуулж, тодорхой асуудлуудыг цогцоор нь авч үзсэн хямралын эсрэг төлөвлөгөөг боловсруулахаар болсон. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ахалж, ажиллахаар боллоо.

 

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн таазыг ДНБ-ын 60 хувьд хүргэхийг тусгасан байна. Үүнийг дэмжиж байгаа юу?

 

-МАН-ын бүлэг мөн л засагт хамтран ажиллах гэрээндээ  өрийн таазыг нэмэхгүй гэж  тусгасан. Гэвч Засгийн газраас өрийн таазын хэмжээг 70 хувьд хүргэхээр УИХ-д оруулж ирсэнийг бид дэмжээгүй. Одоо 60 хувьд хүргэхээр дахин өргөн барилаа.  Харин өнөөгийн бодит байдалд 58.2 хувьд хүрсэн байгаа. Тиймээс нэгэнт хүрсэн байгаа түвшинг хүлээж зөвшөөрөхөөс өөр аргагүй боллоо.

 

-Өрийн хэмжээ 58.2 хувьд хүрсэн гэдэг бодит тоо мөн үү?

 

-Өрийн хэмжээ хүн болгон эргэлзэхээр байгаа нь үнэн. Унтаад босоод ирэхэд л өсгөж хэлээд байхаар хэн ч эргэлзэхээр байгаа биз дээ. Тиймээс одоогийн авсан өрөө үйлдвэрлэгчдийн тавьсан шаардлагын дагуу шилжүүлж өгье. Тэгээд өрийн эцсийн хэмжээ ямар байгааг тооцож тогтоох хэрэгтэй.

 

-Гишүүд өөрсдөөсөө эхэлж хэмнээл унааны мөнгө зэргээ хэмнэх уриалга гаргаж байна. Харин МАН-ын гишүүдийн зүгээс өөрсдөө хэрхэн үлгэрлэн харуулах вэ?

 

-Гишүүдийн унааны нэг арын зардал 500 мянган төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл нэг гишүүний зургаан сая төгрөг болно. Тэгэхээр 26 гишүүнийх нийлээд 150 сая болно. МАН-ын бүлгийн бүх гишүүд үүнээсээ татгалзана. Чуулганаар төсөв хэлэлцэх үеэр бид энэхүү зардлаа хасуулна.

 

-Энэхүү гаргаж буй санаачлагаа бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх юм уу, хямралаас гартлаа түр авч буй арга хэмжээ юм уу?

 

-Бидний санаачлага хямралыг давах хугацаанд л хэрэгжинэ. Эдийн засгийн хямралыг богино хугацаанд, хохирол багатай даван туулах зорилгоор хэрэгжүүлж байгаа. Бидний санаачлагыг УИХ-ын бусад гишүүд дэмжих юм бол 500-600 сая төгрөг хэмнэгдэнэ. Мөн бусад Төрийн байгууллагуудыг ч гэсэн уриалж байгаа.

 

-УИХ-ын бүх гишүүд 90 сая төгрөг авдаг. Үүнийг тойроггүй гишүүдэд өгөх хэрэг байгаа юм уу. Үүнийг уриалгадаа тусгаж хасуулах боломж бий юу?

 

-90 сая гэсэн тоо байдаггүй ээ. Гэхдээ УИХ-ын гишүүдэд тодорхой үйл ажиллагаа явуулах, Төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд, тойрогтоо ажиллахад, хууль боловсруулах, хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхэд зориулсан тодорхой зардал төсөвт суусан байдаг.  Үүнээсээ унааны зардлаа хасахаар оруулж ирж байна.

 

-Татвар нэмэхэд иргэдэд  хэр хэмжээний дарамт ирэхийг тооцоолсон зүйл бий юу?

 

-Засгийн газраас хотын татвар, хөрөнгийн татварыг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Харин нөгөө талдаа орлогыг нь тооцож төлөвлөж оруулж ирээгүй. Татвар нэмэгдүүлснээс олох орлогоо юунд зарцуулахаа тооцоолоогүй. Мөн хямрал хүндрэлийг татвар нэмэх замаар биш, татвар төлөгчдөө дэмжиж байж хямралаас гардаг. Гэтэл тооцоо судалгаагүй оруулж ирсэн учир бид татвар нэмэхийг дэмжихгүй.

 

Эх сурвалж: www.shuud.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж