УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Бүгд найрамдах социалист Вьетнам улстай байгуулах ялтан солилцох хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, гишүүдийн 75 хувийн саналаар тус төсөл дэмжигдлээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Монгол Улсын хэчнээн иргэн гадаадад ял эдэлж байгаа талаар тодруулахад, ажлын хэсэг хариулт өгөв. Монгол Улсын 174 иргэн гадаадад ял эдэлж байгаагийн дийлэнх нь буюу 115 нь БНХАУ-д, БНСУ-д 18, Макаод 12, ОХУ-д ес, Турк улсад ес, Казахстанд зургаа, АНУ-д гурав, Сингапурт гурав, Чех улсад хоёр, Бельги улсад хоёр, Шведэд хоёр, Словак улсад нэг, Японд нэг, Унгарт нэг, Польш улсад нэг, Тайландад нэг иргэн хоригдож байна. Тэгвэл гадаадын 19 иргэн манай улсад ял эдэлж байгаагаас хоёр нь Вьетнамын иргэн байгаа аж.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:
Хүний эрхтэй холбоотой асуудлыг хэлмээр байна. "Саусгоби сэндс" ХХК, "Рио-Тино" нар нэг нөхрийг суллуулахын тулд Монголыг хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн халтай орон буюу гадаадын иргэдэд маш муу ханддаг орон гэж зарласан. Энэ нь зөвхөн өөрсдийнхөө үйл ажиллагааг дэмжүүлэхийн тулд хэлсэн үг нь. Ялангуяа Австрали, Америк зэрэг улс манай орныг хүний эрхийн асар их зөрчил гаргадаг гэж зарласан байгаа юм. Үүний үр дүнд хөрөнгө оруулагчид манайхаас дайжсан. Өнөөдөр манай улсын хүн амын тоо 3,2 сая мянга. Гэтэл манай улсад гадаадын 19 иргэн ял эдэлж байгаа. Австрали манайхаас найм дахин илүү хүн амтай атал тэнд нийтдээ 7800 орчим хоригдол байдаг. Монголын хүн амтай харьцуулаад үзвэл Австрали улсад 150 гаруй гаднын иргэд хоригдож байхаар болж байгаа юм. Хамгийн их гаднын иргэдийг хорьдог хоёр орон манай улсыг хүний эрхийг зөрчдөг, хөрөнгө оруулагчдад таагүй орон гэж гүтгэсэн. Монгол Улс гаднын хөрөнгө оруулагчдын хувьд үнэхээр диваажин шиг орон.
Холбоотой мэдээ