Эмэгтэйчүүдийн дуу хоолой болж чадна гэж итгэж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн дуу хоолой болж чадна гэж итгэж байна

Эмэгтэйчүүдийн дуу хоолой болж чадна гэж итгэж байна

94 жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох ээлжит чуулган энэ сарын 12-нд болох гэж байна. Монголын хүн амын 50 гаруй хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн тэргүүнийг сонгох гэдгээрээ МЭХ-ны энэ удаагийн чуулганд эмэгтэй хүн бүр анхаарал хандуулж буй. Тэр тусмаа Ерөнхийлөгчид хэн нэр дэвших, ойрын хэдэн жилд Монголын эмэгтэйчүүд ямар бодлого, үзэл баримтлалтай байх нь энэ чуулганаас тодорхой болно.

Одоогоор МЭХ-ны ерөнхийлөгчид олон хүн өрсөлдөхөөр яригдаж байна. Түүний дотор хамгийн түрүүнд нэр дэвшихээ зарласан Батнасангийн Оюунгэрэлийн талаар түүнтэй олон жил хамтран ажилласан Монголын сонины холбооны ерөнхийлөгч Р.Хадбаатарын ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.


-Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд байгаа Б.Оюунгэрэлийн талаар та хэзээнээс мэдэх вэ?

-Анх 2005 онд Б.Оюунгэрэлийг Монголын сонины холбооны гүйцэтгэх захирлаар томилж байлаа. Б.Оюунгэрэлийг тэр үеэс өнөөдрийг хүртэл мэднэ. Д.Оюунгэрэл маань Холбооны 300 шахам сонин сэтгүүл, телевиз радиогийн 2800 орчим сэтгүүлч, уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг нэгтгэн дөрөв дэх засаглалыг бэхжүүлэх чамгүй хүнд ачаанаас үүрэлцэж явсан хамтран зүтгэгч юм.

-Хэвлэл мэдээллийн салбарын төрийн бус байгууллага Монголын сонины холбооны хувьд Б.Оюунгэрэлийн оруулсан хувь нэмэр юу байх вэ?

-Тухайн үед үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг  хамгаалж нэг ёсондоо иргэн олон нийтийн өмнөөс хоточ нохойн үүргийг гүйцэтгэж улстөрч, эрхтэн дархтнуудад хяналт тавих сонин, сэтгүүл, радио телевизүүд улам олноор нэмэгдэж байсан. Олон арван хэвлэл мэдээллийн байгууллага нийлээд эрчимтэй хөгжиж буй чөлөөт хэвлэлийг бий болгосон.  Ийм үед хэвлэл мэдээллийн байгууллагуудыг НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг Засгийн газарт тавьж амжилттай шийдвэрлүүлж чадсан. Үүний дүнд чөлөөт хэвлэл тогтвортой бөгөөд зүй ёсоор хөгжих нөхцөл бүрдсэн. Мөн Д.Оюунгэрэлийн хувь нэмрээр холбоо маань өөрийн гэсэн байртай болж гишүүддээ хүрч үйл ажиллагаагаа тогтмолжуулж эхэлсэн гэж хэлж болно. Мөн “40 мянган айлын орон сууц хөтөлбөр”-тэй холбоотой Засгийн газарт санал тавих, хэлэлцээр хийх ажлыг санаачлан сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулсан жишээ бий. Үүний дүнд 2006-2007 онд Монголын сонины холбоо 100 гаруй сэтгүүлчийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулж чадсан. Орон сууцны уг хөтөлбөр нь төрийн албан хаагч, ахмад настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулагдсан тул сэтгүүлчид хамрагдах боломж нь хаалттай байсан.

-Монголын эмэгтэйчүүдийн холбоонд түүний оруулах хувь нэмрийг хэрхэн төсөөлж болох вэ?

-МУИС-ыг төгссөн залуухан бүсгүй эрч хүч, тэмүүлэл дүүрэн Монголын сонины холбоонд ирээд салбарынхаа эрх ашгийн төлөө чамгүй үр дүнтэй ажилласан. Салбарын хөгжлийн өнгө аясыг тун соргогоор мэдэрч, цаасан сонин цахим хэлбэрт шилжихтэй хамт тэдний эрх ашгийг тусгайлан авч үзэх, хамгаалах “Мэдээллийн сайтуудын ассоциаци” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж оюуны өмчийг хамгаалах чиглэлээр ажиллаж эхэлсэн байдаг. Д.Оюунгэрэл маань Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшихээр шийдвэрлэсэнд би баяр хүргэж, дэмжиж байгаагаа илэрхийлье. Энэ бүсгүй салбараа төлөөлж дуу хоолой нь болж чаддаг, олон хүний эрх ашгийг нэгтгэж түүний төлөө хөдөлмөрлөж чаддаг хийсэн ажилтай хүн. Дээр нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн хууль эрхзүйч мэргэжилтэй бөгөөд Хэвлэлийн эрх чөлөөний болон Эрүүгийн хуулиудыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан туршлагатай.

Хэвлэлийн салбар зарим талаараа эмэгтэйчүүдийн салбартай их төстэй байж магад. Яагаад гэхээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний эрх, эрх чөлөөний тод илрэл нь чөлөөт хэвлэл юм. Чөлөөт хэвлэл нийгмийн баялгийг тэгш хуваарилах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр нийгмийн дуу хоолой болж ажилладаг. Түүн шиг эмэгтэйчүүдийн холбооны хувьд тэгш байх, үл ялгаварлах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг гэж би ойлгодог. Тиймээс ч охид эмэгтэйчүүдийн дуу хоолойг төр засагт хүргэж, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр нүдэнд харагдаж, гарт баригдах бодитой үр дүнг бий болгох чадвар, туршлагатай хүн гэж би хувьдаа Д.Оюунгэрэлийг үнэлж байна.

Дээр нь хэвлэл мэдээллийн салбарынхны 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэдгээр эмэгтэйчүүдээр дамжуулан монголын нийт охид, эмэгтэйчүүдийн дуу хоолойг нийгэмд,  төр засагт илүү тод хүргэх, эрх ашгийг нь хамгаалах цаашлаад эмэгтэйчүүдээр дамжуулан нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэх давуу тал Д.Оюунгэрэлд бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж